2026 оны 07 дугаар сарын 6-нд Khukhuu Khukhuu нэртэй Facebook хаягаас “10тн уран авахад1,6 мянган тн хүхрийн хүчил шахаж 6 сумыг хордуулсан. Одоо 16000тн шахахад ураны уурхайгаас 70км-т Сайншандынхан тэсэх үү?” гэсэн тайлбартай пост (архивласан хувилбар) нийтэлжээ. Уг пост 24 сэтгэгдэл авч, 403 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Гэрээнд зааснаар, дөрвөн жилийн дараа уран олборлолтын үйл ажиллагаа эхэлнэ
Хөрөнгө оруулалтын гэрээний 3.4-т Төсөл хэрэгжих үе шатыг зааж өгсөн. Үүнд
- “а. Төслийн үйл ажиллагаа дараах үе шатуудад хуваагдана.
- (i) Бүтээн байгуулалтын үе шат;
- (ii) Уурхайн ашиглалтын үе шат;
- (iii) Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үе шат.
- b. Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компани нь Бүтээн байгуулалтын үе шатыг дөрвөн (4) жилийн дотор дуусгахыг эрмэлзэнэ” гэжээ.
2026 оны 06 дугаар сарын 26-нд төслийн бүтээн байгуулалтын үе шат эхэлсэн талаар “Бадрах энержи” ХХК-ийн албан ёсны Facebook хуудсанд мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, уурхайн ашиглалтын үе шат эхлээгүй гэсэн үг юм.
Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтад 10 гаруй тонн уран олборлоход нийт 866,6 тонн хүхрийн хүчлийг уусгах шингэн бэлтгэхэд ашигласан
2021 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд “Зөөвч-Овоо” ордын талбайд уран олборлох үйлдвэрлэлийн туршилтыг хийж 10 гаруй тонн уран олборлосон нь үнэн боловч 6 сумыг хордуулсан гэх мэдээллийг батлах албан ёсны баримт, судалгаа, шинжилгээний дүн байхгүй байна.
Үргэлжлүүлэн бид “Бадрах Энержи” ХХК-ийн хэвлэл мэдээллийн албанаас 10 гаруй тонн уран олборлоход хэр хэмжээний хүхрийн хүчил ашигласан талаар имэйлээр холбогдон тодруулахад дараах хариултыг өгсөн юм.
- “Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын хугацаанд Өмнөд болон Хойд гэсэн хоёр олборлорлтын талбайд нийт 866,6 тонн хүхрийн хүчлийг уусгах шингэн бэлтгэхэд ашигласан. Газар доор уусган олборлох технологиор ураныг уусган олборлоход цэвэр хүхрийн хүчил биш харин хүчлийн сулруулсан уусмал ашигладаг ба энэ нь дунджаар 1 хувийн проценттой уусмал байдаг“

Уран олборлолтын үед хүхрийн хүчлийг “өдөр бүр их хэмжээгээр” шахдаггүй
- “ГДУО аргаар олборлолт явуулахад газрын гүний усанд шууд хүчлийг уусгадаггүй, харин дундажаар 0.4 хувь, дээд тал нь 2 хувийн концентрацтай хүчилжүүлсэн уусмалыг устай элсэн давхарга руу шахдаг. Уг давхаргын 85 хувь нь чулуулаг, 15 хувь нь ус байдаг” гэж Монголд уран олборлолт явуулах “Бадрах Энержи” ХХК-ийн зүгээс бидэнд мэдээлсэн юм.
Уусмал хүдэржилтээр нэвтрэхдээ ураныг өөртөө уусган, дараа нь соруулах цооногоор дамжин газрын гадаргад гарч ирж боловсруулах үйлдвэрт хүргэгддэг. Тэнд ураныг уусмалаас ялган авсны дараа үлдсэн үйлдвэрлэлийн уусмалыг дахин боловсруулж, шаардлагатай хэмжээгээр хүчиллэгийг нь тохируулсны дараа дахин газрын доорх олборлолтын талбай руу шахдаг. Өөрөөр хэлбэл, өдөр бүр хүхрийн хүчлийг их хэмжээгээр газар доор шахдаггүй бөгөөд үйлдвэрлэлийн уусмал нь олборлолтын явцад тасралтгүй эргэлтэд ордог.
- Дэлхийн цөмийн аюулгүй байдал, хамгаалалтын сүлжээний сайтад “уусгагч уусмалын бага хэсэг буюу 0.5–2% технологийн урсгалаас гадагшлуулдаг” хэмээн мэдээлжээ.

Түүнчлэн “ураны хүдрийн биет байрлах гүний уст давхрага нь байгалиасаа давс, уран болон бусад металлаар баялаг тул ундны усанд тохиромжгүй байдаг” талаар Монголд уран олборлолт явуулах “Бадрах Энержи” ХХК-ийн сайтад тайлбарлажээ.

Мөн “Зөөвч-Овоо” ордын гидрогеологийн загвараас харахад орон нутгийн иргэдийн ашигладаг ихэнх худаг 0–60 метрийн гүнд оршдог бол олборлолт нь үүнээс доош байрлах 400 метр гүн хүртэлх байгалиасаа уранаар баяжсан уст давхаргад явагдах юм.
Мөн ус агуулагч давхаргуудын хооронд ус үл нэвтрүүлэх шаварлаг үе оршдог нь давхаргуудыг хооронд нь тусгаарлах геологийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг.

Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд “Зөөвч-Овоо” ордын талбайд уран олборлох үйлдвэрлэлийн туршилтыг хийж 10 гаруй тонн уран олборлоход нийт 866,6 тонн хүхрийн хүчлийг уусгах шингэн бэлтгэхэд ашигласан байна. Энэ хүхрийн хүчлийн хэмжээ нь дундажаар 0.4 хувь, дээд тал нь 2 хувийн концентрацтай хүчилжүүлсэн уусмал бэлтгэхэд ашигласан хэмжээ юм. Түүнчлэн хүхрийн хүчлийг газрын гүний уст давхрагын устай хольж дахин эргэлтэд оруулж ашигладаг бөгөөд, хүдрийн биет шаварлаг давхрага дор оршдог тул хөрсөөр нэвчиж, гүний ундны усыг хордуулах боломжгүй.




