2026 оны 06 дугаар сарын 12-нд “Зүрх дэлсэж, амь тэмцсэн үед цусны бүлэн задлахад тустай эмүүд гэрийн эмийн санд заавал байх хэрэгтэй!” гэсэн тайлбартай бичлэгийг И.Цэрэнхүү Facebook хаягаас нийтэлсэн. Тухайн бичлэгийг нийт 3.7 мянган реакц, 103 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш 2.7 мянган удаа түгээжээ. Мөн бичлэгтээ “Апнеа өгсөн үед, апнеа өгөөгүй байсан ч амьсгал тасалдаж, бачуурах үед эцсийн арга хэмжээ бол нитроглицерин. Юмыг яаж мэдээв, гэрийнхээ эмийн санд тавьчих. Тэгээд бачимдаад л өдөр ч ялгаагүй шөнийн 3-4 цагт амьсгал боогдож эхэлбэл бушуухан нитроглицерин өгөх хэрэгтэй. 20 дусаалга л гэдэг юм. Хамаагүй ээ, баримжаалж байгаад ам руу нь хийчих. Тэгвэл тайвшраад амь аврагдана аа.” гэж тайлбарласан.
Энэхүү хаягаас нийтэлсэн хэд хэдэн мэдээллийг Монголын баримт шалгах төв баримтаар шалгаж байсан.
FACTCHECK:
Нитроглицерин гэж юу вэ?
Нитроглицериныг эрүүл мэндийн Webmd, Drugs, Clevelandclinic сайтад, зүрх судасны өвдөлт (angina)-ийн үеэр болон өвдөлтөөс сэргийлэхэд хэрэглэдэг хэмээн тэмдэглэжээ.
Ашгийн бус эрдэм шинжилгээний анагаах ухааны төв Кливланд эмнэлгийн сайтад нитроглицерин нь судасны хананд байрлах булчинг суллаж, судсыг тэлснээр нарийссан судаснаас үүссэн цээж өвдөлт багасаж, зүрхэн дэх ачаалал буурдаг хэмээжээ. Шалгасан мэдээллийн тайлбарт бичсэн бүлэн задлах талаар дурдагдаагүй.
Бичлэгт дурдагдсан нитроглицерин нь Монгол улсын бүртгэлтэй эмийн жагсаалтад жороор олгох заалттай байна. Энэ нь хувь хүн дур мэдэн, эмчийн жоргүй хэрэглэж болохгүй гэсэн үг.

Монгол улсын эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан “Иргэдэд зориулсан гарын авлага”-д:
- “Эмийг зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал”,
- “Эмийг зөв хэрэглэхийн тулд өөрийн дураар биш эмчийн заавраар сонгож хэрэглэх” гэдгийг онцолж, эмийн зохистой хэрэглээний талаарх бусад зөвлөмжийг хүргэжээ.
Гэтэл нийтлэгдсэн бичлэгт ямар нэгэн эмийн заалтгүй шууд хэрэглэх, унтаж буй хүний ам руу баримжаагаар дусаах зэрэг үйлдлүүдийг заасан байна.
Энэхүү эмийг заавал эмч болон эм зүйчээс зөвлөгөө авсны үндсэн дээр хэрэглэх нь зүйтэй. Мөн дараах тохиолдолд заавал эмч болон эм зүйчид хэлэх хэрэгтэй. Үүнд:
- Зүрхний шигдээс болж байсан,
- Бусад эм, хоол хүнс, будагч болон хадгалагч бодисоос харшилтай,
- Бие давхар/төлөвлөж байгаа,
- Хөхүүл үед болон бусад төрлийн эм, бэлдмэл хэрэглэж байгаа эсэх гэх мэт.
Emonos болон Apteka эмийн сангийн сайтад нитроглицерин нь “Зүрхний бахын өвдөлтийг дарах, богино хугацаанд сэргийлэх судас тэлэх эм.” гэсэн тайлбартай зарагдаж байна. Эмийн хэрэглэх заавар хэсгийг үзэхэд апнеа болон амьсгал боогдох үед хэрэглэх заавар огт илэрсэнгүй.
Апнеа гэж юу вэ?
Шалгасан мэдээлэлд апнеа (apnea) эмгэгийн тухай дурдсан. Апнеа нь зүрх судасны өвчин бус унтаж байх үед амьсгалж чадахаа болих явдал юм. Ашгийн бус эрдэм шинжилгээний анагаах ухааны төв Кливланд эмнэлгийн сайтад апнеаг хамрын бөглөрөл, эсвэл тархи амьсгалах үйл явцыг зөв удирдахгүй байгаагаас үүдэлтэй хэмээжээ. Биед хүчилтөрөгч дутагдах үед хүний рефлекс идэвхжиж, түр зур сэрэх үйл явц болдог. Хэдий энэ нь хүнийг амьд байлгах хариу үйлдэл боловч нойрны мөчлөгийг алдагдуулдаг байна. Хүндэрсэн тохиолдолд зүрх судасны асуудал үүсэх магадлалтай. Гэвч энэ нь дур мэдэн нитроглицерин хэрэглэх шалтгаан биш юм.
Америкийн зүрхний нийгэмлэгийн мэдээллийн сайтад зүрх судасны эрүүл мэндэд апнеа нөлөөлөх хандлагатай хэмээсэн ба хэрэв апнеагийн шинж тэмдгүүд илэрвэл эмнэлгээс тодруулан, зөвлөгөө авахыг хүсжээ.
2025 оны байдлаар Апнеаг эмчлэх амьсгалын замыг нээлттэй байх төхөөрөмж, хамрын жижиг хэрэгсэл, хагалгаа гэх мэт арга дунд эмээр эмчлэх арга бүртгэгдээгүй. Одоогоор хийсэн судалгаануудад цааш нарийвчлан судлах шаардлагатайг онцолжээ.

Мөн апнеа эмгэгийн шинж тэмдэг илэрмэгц цусны бүлэнтэй болсон гэсэн үг биш юм. Учир нь цусны бүлэн нь шарх үүссэн үед цус алдалтыг зогсоох зориулалттай цусны өтгөрөл ба ихэвчлэн буцаж биед шингэдэг. Эрдэм шинжилгээний судалгааны ResearchGate сайтад тавигдсан 2025 оны судалгааны үр дүнд хүнд хэлбэрийн апнеатай хүмүүсийн цус бага зэрэг өтгөн байх хандлагатай ч цусны бүлэн үүснэ гэсэн үр дүн байхгүй байна.
Дүгнэлт
Жороор олгодог эмийн үйлчилгээ, эмчилгээг буруугаар тайлбарлаж, худал мэдээлэл түгээж байна. Нитроглицерин нь судас тэлэх үйлчилгээтэй эм тул апнеатай, амьсгал боогдсон эсвэл шөнийн цагаар цээж өвдсөн үед дур мэдэн хэрэглэх заавар зөвлөмж баталгаат эх сурвалжийн мэдээлэлд байхгүй. Апнеа нь шөнө амьсгал тасалдах үзэгдэл бөгөөд одоогоор эмийн эмчилгээ тогтоогдоогүй байна. Апнеа нь зөвхөн удаан хугацаанд үргэлжлэн, хүндэрсэн нөхцөлд зүрх судасны асуудал болон хувирах магадлалтай ч энэ үед эмчид хандан, мэргэшсэн эмч, эм зүйчийн заавраар эмийн бодис хэрэглэх нь илүү оновчтой, найдвартай хувилбар юм.




