2026 оны 07 дугаар сарын 09-нд Medee Medeelel нэртэй Фэйсбүүк пэйж “Миний Монголын газар шороон дээр Хоёр улсын хилийн зааг дамжлага дээр хятад жолооч нар даварч байна даа. Эх орноо гэсэн хүн бүр шэйр хий олон түмэндээ дуулгаарай” гэх агуулгатай бичлэг түгээжээ. Тус бичлэгийг 37 реакц, 17 сэтгэгдлээр идэвхжүүлж, 379 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Бид тус бичлэгийн эхний хэсгийг зургаар хайхад, эх сурвалж нь 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Kaktus Media, Vesti.kg зэрэг Киргизстаны хэвлэл мэдээллийн нийтэлсэн мэдээ, бичлэгүүд гарч ирлээ.
Тус мэдээнд “2025 оны 08 дугаар сарын 31-нд Киргизстан, Хятадын Эркечтам хилийн боомтын зогсоолд Киргизстаны Дотоод хэргийн яамны хамгаалагчид, Хятадын жолооч нарын хооронд үл ойлголцол үүсэж, цаашлаад зодоон болжээ. Эцэст нь хамгаалалтын ажилтан агаарт гурван удаа анхааруулах зорилготой буудсанаар мөргөлдөөн намжсан байна. Мөргөлдөөнд хамрагдсан Хятадын есөн иргэн, Дотоод хэргийн яамны хоёр хамгаалагчийг Алай дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэн, байцаалт авч, шалгаж байна. Уг мөргөлдөөнд хүний амь эрсдээгүй ” гэжээ.

Дүгнээд хэлбэл, 2025 оны 08 дугаар сарын 31-нд Киргиз-Хятадын хил дээр болсон мөргөлдөөнийг Монголд болсон мэтээр түгээж, иргэдийн уур бухимдлыг төрүүлж, сэтгэл хөдлөл дээр тоглолт хийж байна. Үүнийг “rage bait” гэж нэрлэдэг ба хүмүүсийн уур бухимдлаар дамжуулж, үзэн ядалт, үймээн дэгдээх замаар хандалтаа өсгөх зорилготой мэдээллийн манипуляцын нэг төрөл юм.
Иймд та цахим орчинд түгсэн зураг, бичлэг агуулсан мэдээллийг зургаар хайж, эх сурвалжийг нь нягталж байхыг зөвлөе.





