2026 оны 03 дугаар сарын 16-нд Хар үрийн тос -Турк нэртэй хуудаснаас үе мөчний үрэвслийн эсрэг нөхөн сэргээх глюкозамин хондротин гэх бүтээгдэхүүн сурталчилсан 15 минутын урттай бичлэг нийтэлжээ. Тус бичлэгт TV9 телевизийн сэтгүүлч М.Батбилэг “Үе мөч нуруу нугасны чиглэлээр мэргэшсэн эмч нар глюкозаминыг зөвлөж байна… Нэг капсулдаа 500 мг тунгаар буюу одоогоор миний мэдэх хамгийн өндөр тунгаар агуулсан ийм бүтээгдэхүүн оруулж ирсэн. Цэвэр үе мөчний үндсэн эрүүл хэвийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжих нэгдэл. Үений шингэн тэжээлийг зохист түвшинд нөхдөг. Үений үрэвслийг зохист түвшинд дарна. Үений зөөлөн эдийн нөхөн төлжилтийг дэмждэг. Нөгөө бүтээгдэхүүн Акулик бүтээгдэхүүн. Глюкозамин үений хэрэгтэй бүх элементүүдийг агуулдаг. Акулик үений үрэвслийг богино хугацаанд идэвхтэй дарна. Энэ хоёр бүтээгдэхүүнийг хослуулан хэрэглэвэл супер үр дүн гарна. Омега төрлийн бодис хүний биед үүсэхгүй байна… Та бүхнийг эмнэлэгт очихоосоо өмнө, эмнэлгийн хамааралд орохоосоо өмнө нуруу нугасны хагалгааны заалтад хүртлээ асуудлаа хүндрүүлэхээс өмнө, урьдчилан сэргийлэх хэлбэрээр энэ хос бүтээгдэхүүнийг аваад хэрэглээд үзээрэй. Үений үрэвслийг маш хурдан хугацаанд дардаг. Бүх төрлийн үрэвсэлд сайн. Уушги хүртэл онцгой сайн цэвэрлэнэ. Мэдрэл тархи судасны үйл ажиллагаа, уушги, амьсгалын замын эрхтэн систем, ходоод, хоол боловсруулах эрхтэйн системд гарч байгаа бүх үрэвслийг сулруулж дарангуйлна..” гэх агуулгыг дурджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа

Шалгасан бичлэгт харуулсан глюкозамин гэх бүтээгдэхүүн нь Туркийн Welive брэндийн бүтээгдэхүүн бөгөөд akakce, tredynol зэрэг онлайн худалдааны сайтад 945 турк лира буюу ойролцоогоор 73 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин Welive компанийн албан ёсны сайтад ойролцоогоор 83 мянган төгрөгөөр худалдаалж байна. Тус сайт дахь бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэлд 18-аас доош насны хүүхдүүд хэрэглэж болохгүйг анхааруулж, хэрэв тус нэмэлт бүтээгдэхүүнийг 3 сараас дээш хугацаанд хэрэглэж байгаа бол эмчид хандахыг зөвлөжээ. Мөн тус нэмэлт нь эм биш болохыг тодотгож, “өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд хэрэглэхгүй. Жирэмсэн, хөхүүл үед эсвэл эм ууж хэрэглэж байгаа үед хэрэглэхгүй” хэмээн онцлон анхааруулжээ.
Глюкозамин (Glucosamine) нь мөгөөрсний үндсэн бүтцийг бүрдүүлэгч хэсгүүдийг нэг бөгөөд хүний биед байгалиасаа байдаг аминосахар юм. Глюкозамины нэмэлт тэжээл нь глюкокамины сульфат болон глюкозамины гидрохлорид гэсэн хоёр хэлбэрээр байдаг. Ихэвчлэн дун, хясаа, хавч, сам хорхой зэргээс гаргаж авдаг.
Хондроитин (Chondroitin) нь мөгөөрс рүү ус, шим тэжээл татаж, уян хатан, эрүүл байлгахад тусалдаг хүний бие, мөгөөрсөнд агуулагддаг байгалийн бодис юм.
Глюкозамин болон хондроитин бодисыг нийлүүлсэн нэмэлт бэлдмэлийн үр нөлөө маргаантай байна.
АНУ-ын Хавсарсан ба нэгдмэл эрүүл мэндийн үндэсний төвийн сайтад нийтлэгдсэн глюкозамин хондроитин бэлдмэлийн тухай мэдээлэлд “Өвдөгний үений элэгдэл, үрэвсэлтэй хүмүүст үе мөчний үйл ажиллагааг сайжруулахад глюкозамин болон хондроитиныг тус тусад нь эсвэл хамтад нь хэрэглэх талаар маш олон судалгаа хийгдсэн боловч эдгээр судалгааны үр дүн зөрүүтэй, тогтворгүй, судлаачдыг хийсэн дүгнэлтүүд зөрчилдөөтэй байсаар байна. Глюкозамин болон хондроитин нь өвдөгний үрэвсэлт өвчний шинж тэмдгийг буруулахад нөлөө үзүүлдэг эсэх нь тодорхойгүй байна” хэмээн мэдээлжээ.
Мөн Америкийн Ревматологийн Коллеж (ACR), Үе мөчний өвчин судлалын сан, Голомтот үе мөчний өвчин судлалын олон улсын нийгэмлэгээс глюкозамин хондроитин бэлдмэл нь хангалттай нотолгоогүй, судалгаанууд хэт нэг талыг барьсан хэвшмэл байх эрсдэлтэй тул хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна. Гэвч Ясны сийрэгжилт, үений үрэвсэлт ба тулгуур эрхтний өвчлөлийн эмнэлзүйн болон эдийн засгийн асуудал эрхэлсэн Европын нийгэмлэгээс глюклзамин болон хондроитин агуулсан бэлдмэлийг үе мөчний үрэвсэл, элэгдлийн үед анхан шатны эмчилгээнд хэрэглэж болно хэмээн зөвлөдөг аж.
Глюкозамин болон хондроитин нийлүүлсэн нэмэлт бэлдмэл нь эерэг үр нөлөөтэй гэж дүгнэсэн судалгаа байдаг ч ямар ч нөлөөгүй, ач холбогдолгүй хэмээн дүгнэсэн судалгаа бас бий.
- 2013 онд нийтлэгдсэн “Остеоартритыг (үе мөчний элэгдлийг) эмчлэхэд глюкозамин ба хондроитиныг хэрэглэх нь: Анагаах ухааны зохиол бүтээлийн тойм судалгаа” судалгаад нийт 7 мета анализ, нэг системчилсэн тойм, 5 санамсаргүй хяналттай клиник туршилтыг хамруулжээ. Судалгааны үр дүнд глюкозамин хондроитины хэрэглээ нь өвдөг, дунд чөмгөний үений элэгдэл, үрэвсэлтэй өвчтөнүүдэд эмнэл зүйн хувьд ач холбогдол үзүүлээгүй. Зохих технологи, арга зүй бүхий судалгаа шаардлагатай хэмээн дүгнэжээ.
- 2015 онд хийгдсэн 2 жилийн хугацаатай давхар сохор, санамсаргүй түүврийн аргаар хийсэн судалгаанд 45-75 насны 605 хүн хамруулсан бөгөөд глюкозамин сульфат, хондроитин сульфат, хосолсон бэлдмэл болон плацефо хэрэглэсний дараа үений өвдөлт болон мөгөөрсний элэгдлийн шинж тэмдэгт ямар нэг ялгаа ажиглагдаагүй байна.
- Харин 2015 онд нийтлэгдсэн “Өвдөгний үе мөчний үрэвсэлт өвчнийг эмчлэхэд глюклзамин, хондроитин, эдгээрийн хослол болон фелекоксибын үзүүлэх үр дүн ба аюулгүй байдал” тойм судалгаагаар глюклзамин, хондроитины хослол, мөн дангаар хэрэглэх нь плацебо бүлэгтэй харьцуулахад үе мөчний үйл ажиллагааг сайжруулдаг болохыг харуулж, эдгээр бэлдмэлийг хослуулж хэрэглэх нь үе мөчний үрэвсэлт өвчний шинж тэмдгийг буруулахад үр дүнтэй” хэмээн дүгнэсэн байна.
- Дэлхийн ортопедийн сэтгүүлд 2017 онд нийтлэгдсэн “Үе мөчний үрэвсэл (остеоартрит)-ийг эмчлэхэд глюкозамин болон хондроитиныг хэрэглэх нь” тойм өгүүлэлд глюкозамин, хондроитин нь эмнэл зүйн шинж тэмдэг, рентген шинжилгээний үр дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ч остеоартритын рентген дэх даамжралыг үнэлсэн өндөр чанартай судалгаа цөөн байна хэмээн дүгнэжээ. Мөн эмчилгээний үр дүн бага, эмнэл зүйн хувьд бодитой ач холбогдолгүй байх магадлалтай, зарим судалгаа нэг талыг барьсан дүгнэлтэд хүрэх эрсдэл өндөр, одоогоор үений үрэвсэл эмчлэхэд үр дүнтэй гэх баттай нотолгоо байхгүй хэмээжээ.
- 2018 онд Ортопедийн мэс засал ба судалгааны сэтгүүлд нийтлэгдсэн “Үений үрэвсэлт өвчнийг эмчлэхэд глюкозамин болон хондроитины үзүүлэх үр дүн ба аюулгүй байдал: Санамсаргүй түүврийн хяналттай эмнэлзүйн туршилт-судалгааны мета-анализ” судалгаагаар глюкозамин, хондроитиныг хамтад нь хэрэглэх нь плацебогоос илүү үр дүнтэй гэдгийг нотлох хангалттай нотолгоо ажиглагдаагүй хэмээн дүгнэжээ. Харин эдгээр бэлдмэлийг тус тусад нь хэрэглэх нь өвдөлтийн шинж тэмдгийг бууруулж, үе мөчний үйл ажиллагаа, хөшингө байдлыг сайжруулахад мэдэхдэхүйц нөлөө үзүүлж буйг баталсан.
- Харин 2018 онд нийтлэгдсэн “Өвдөгний үрэвсэлтэй өвчтөнүүдэд глюкозамины үзүүлэх нөлөө: Системчилсэн тойм ба мета-анализ” судалгаагаар глюкозамин болон хондроитиныг хамтад нь хэрэглэх нь өвдөлтийн үзүүлэлтийг мэдэгдэхүйц сайжруулсныг харуулсан боловч тус тусад нь хэрэглэх нь нөлөө, ахиж үзүүлээгүй болохыг харуулжээ.
- 2024 онд нийтлэгдсэн системчилсэн тойм, мета анализ судалгаагаар хондроитин сульфат нь өвдөлтийг бууруулж, биеийн үйл ажиллагааг сайжруулсан, глюкозамин сульфат нь үе хоорондын зай нарийсах явцыг мэдэгдэхүйц багасгасан хэмээн дүгнэсэн. Гэвч эдгээр бодисыг хослуулан хэрэглэх нь өвчний явцыг өөрчлөөгүй, шинж тэмдгийг мэдэгдэхүйц бууруулаагүй байна. Түүнчлэн, өвдөгний үений үрэвсэлт өвчний эмчилгээнд дээрх хоёр бодисыг хослуулан хэрэглэх талаар олон төвт, санамсаргүй түүврийн хяналттай судалгаа хийх шаардлагатай хэмээн онцолжээ.
Дээрх судалгаануудаас харахад глюкозамин, хондроитин нэмэлт бэлдмэлийг үе мөчний үрэвсэлт өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй эсэх нь баттай бус, тодорхойгүй, судалгааны дүгнэлт зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл, тус бэлдмэл нь эмчилгээний арга, хэрэгсэл биш юм. Харин шалгасан бичлэгт үе мөчний аливаа өвчин, цаашлаад биеийн бүх үрэвсэлт өвчнийг эдгээх “шидэт эм” мэт сурталчилж, төөрөгдүүлжээ.

Үргэлжлүүлэн шалгасан бичлэгт харуулсан Akgunluk гэх нэмэлт бэлдмэлийн тухай судаллаа. Тус бүтээгдэхүүний тухай мэдээлэлд “Эм биш, ямар нэг өвчнөөс сэргийлж, эдгээхгүй. Жирэмсэл, хөхүүл эсвэл эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд эмчээс зөвлөгөө аваарай” хэмээн Welive брэндийн албан ёсны сайтад тэмдэглэжээ.
Тус нэмэлт бүтээгдэхүүний гол орц найрлагад Akgünlük ekstresi (Frankincense extract) буюу гүгэлийн ханд орсон байна. Гүгэл буюу зандан модны давирхай нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд нэмэлт бэлдмэл хэлбэрээр уух эсвэл тос хэлбэрээр арьсанд түрхэж хэрэглэдэг. Аюурведийн анагаах ухаанд үрэвслийг намдааж, шинж тэмдгийг бууруулах, артирир өвчний үед хэрэглэдэг аж.
АНУ-ын Хавсарсан ба нэгдмэл эрүүл мэндийн үндэсний төвийн сайтад “Гүгэлийн эрүүл мэндийн ач холбогдол, аюулгүй байдлын талаар хэд хэдэн судалгаа хийгдсэн ч ихэнх нь хамрах хүрээ багатай, чанар муутай байна. Гүгэлийг ямар нэг өвчнийг анагаахад тустай эсэхийг эцэслэн тогтоох өндөр чанартай судалгаа, нотолгоо хангалтгүй байна” хэмээн мэдээлжээ. Мөн гүгэлийн ханд, бэлдмэлийг үений үрэвслийн үед ууж хэрэглэх нь өвдөлт, үрэвслийг намдаадаг болохыг харуулсан хэд хэдэн судалгаа бий ч илүү өргөн хүрээний, чанартай клиник судалгаа шаардлагатай хэмээн мэдээлжээ.
Шалгасан бичлэгт “Бүх төрлийн үрэвсэлд сайн. Уушги хүртэл онцгой сайн цэвэрлэнэ. Мэдрэл тархи судасны үйл ажиллагаа, уушги, амьсгалын замын эрхтэн систем, ходоод, хоол боловсруулах эрхтэйн системд гарч байгаа бүх үрэвслийг сулруулж дарангуйлна” гэж дурдсан. Эдгээр нэмэлт бэлдмэлийн гол орц найрлагыг ихэвчлэн үений үрэвсэлт өвчин, өвдөгний үе зэрэгтэй холбон судалсан. Харин уушги, тархины үйл ажиллагаатай холбоотой өргөн хүрээний, хүн дээр хийсэн судалгаа байхгүй.
Мөн бичлэгт глюкозамин хондроитин болон акгунлук нэмэлт бэлдмэлийг эмчид хандаж, эмнэлэгт очихоосоо өмнө ууж хэрэглэхийг зөвлөсөн. Аливаа өвчнийг эмчилнэ гэж сурталчилж буй бүтээгдэхүүнийг дур мэдэх худалдан авахаасаа өмнө заавал эмчид хандаж зөвлөгөө аваарай. Энэ төрлийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхэд шууд илрэх гаж нөлөөгүй ч өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, нэмэлт бүтээгдэхүүнийг эмчилгээний голлох эм бэлдмэл мэт сурталчлан, төөрөгдүүлжээ. Welive компанийн сайтад эдгээр бүтээгдэхүүнийг эм биш, аливаа өвчнийг эмчлэхгүй, урьдчилан сэргийлэхгүй гэдгийг анхааруулсан боловч Монголд худалдаалахдаа эмчилгээ шаардлагагүй, өвчнийг бүрэн эдгээх мэтээр хэтрүүлэн сурталчилж байна. Глюкозамин, хондроитин агуулсан нэмэлт бүтээгдэхүүн нь үений үрэвсэлт өвчний үед хэрэглэх нь үр дүнтэйг бүрэн батлаагүй бөгөөд судалгаануудын дүгнэлт зөрүүтэй байна. Олон улсын эмчилгээ, судалгааны байгууллагууд энэ төрлийн нэмэлт бүтээгдэхүүний үр нөлөөг үнэлсэн нотолгоо хангалтгүй учир эмчилгээнд хэрэглэхийг зөвлөдөггүй.




