2026 оны 4-р сарын 14-нд “Dr.Heal Patch” нэртэй хаягаас “Энэ наалт нь үе мөчний хүчтэй өвдөлтийг түргэн намдааж үрэвсэл болон хавдрыг багасгана” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Тус постыг нийт 210 реакц, 256 сэтгэгдлээр идэвхжүүлж, цааш нь 89 удаа түгээжээ.
FACTCHECK:
Хаяг шалгах

“Dr.Health Patch” хуудас нь анх 2026 оны 4-р сарын 14-нд нээгдсэн байна.
Page transparency хэсгээс пейжийн админы тухай мэдээллийг шалгахад Вьетнамд байршилтай 3 админ удирдаж байна. Мөн эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчилж буй боловч тодорхой хаяг байршил, холбогдох дугаар, танилцуулга зэрэг ерөнхий мэдээлэл байхгүй нь хуурамч хаягийн шинж тэмдэг юм.
Тус хуудаснаас сурталчилж буй наалтын талаар албан ёсны танилцуулах хуудас, мэдээлэл байхгүй, зөвхөн коммент хэсэгт захиалах линк үлдээсэн байна. Тухайн линк рүү хандан ороход таны нууц үг, картын мэдээлэл алдагдаж болзошгүй гэх анхааруулга гарч ирлээ. Энэ нь хамгаалалтгүй, хуурамч сайт байж болзошгүйг харуулж байна. Үргэлжлүүлэн тухайн сайтыг Urlvoid хэрэглүүрээр шалгахад ямарваа нэгэн хот, бүс нэрлээгүй боловч Вьетнамд байрлалтай гэдэг нь харагдаж байна. Үүнээс үзвэл энэхүү хуудас нь гаднын удирдлагатай, хуурамч хуудас гэсэн үг юм. Мөн бичлэгийн хэв маяг, бичлэгт гарсан үр дүн бодит бус байгаад анхаарах хэрэгтэй.

Зургаар хайх
Шалгасан мэдээлэлд гарч буй наалтыг Google Lens хайлтын системээр хайхад Amazon болон Ebay худалдааны сайтад moxibustion буюу эмийн ургамалтай, халдаг, бага зэргийн янгинах мэдрэмж, өвдөлтийг бууруулдаг бүтээгдэхүүн гэсэн тайлбартай зарагдаж байна. Ямар нэгэн үйлдвэр, ханган нийлүүлэгчийн тухай мэдээлэл илэрсэнгүй. Энэхүү бүтээгдэхүүн нь ямар нэгэн албан ёсны хуудаснаас биш зөвхөн худалдааны сайтуудаар зарагдаж байгаа нь хуурамч бүтээгдэхүүний шинж тэмдэг юм.

Халдаг наалтын тухай Google patents сайтад “Наалтад байрлах халаалтын бүтэц нь химийн урвалд ормогц наалт халж эхэлнэ. Үүний үр дүнд эм арьсанд хурдан шингэж өвдөлт намдаадаг” хэмээн тэмдэглэжээ. Бичлэгт харуулсан шиг “Биеийн бохир бодисуудыг цэвэрлэх, судасны бөглөрлийг арилгах” талаар огт дурдагдаагүй.
Ашгийн бус эрдэм шинжилгээний анагаах ухааны төв Кливланд эмнэлгийн сайтад үе мөчний өвдөлтийг түр зур аргалах хэд хэдэн арга байдгийн нэг нь халдаг наалт хэмээжээ. Үүнээс гадна зөөлөн дасгал хөдөлгөөн хийх, мөс тавих гэх мэт зовуур багасгах аргууд ч бий бөгөөд илүү хүндэрвэл эмчид хандах нь зүйтэй. Үргэлжлүүлэн, Харвардын анагаахын их сургуулийн мэдээллийн сайтад нийтлэгдсэн судасны бөглөрлийн эмчилгээний талаарх нийтлэлд халдаг наалтаар эмчлэх аргыг огт дурдаагүй. Үүний оронд өөрт тохирсон хоолны дэглэм барих, муу зуршлаа орхих, дасгал хөдөлгөөн хийхийг санал болгожээ.
Йелийн их сургуулийн клиникийн мэдрэл судлаач Стивэн Новэллагийн нийтлэлд “Хүн арьсаар дамжуулж хор гадагшлуулах бараг л боломжгүй. Мөн таны гадагшлуулахыг хүссэн ихэнх хорт бодис өнгөгүй байдаг” хэмээн тайлбарлажээ. Гэтэл шалгасан бичлэгт биеэс хорт бодис гадагшилж буйг дүрслэхдээ бор хүрэн өнгийн шингэн ихээр гадагшилж байгааг харуулсан. Энэ нь “Dr.Health Patch” хуудсанд нийтлэгдсэн бичлэгт хуурамч үр дүн үзүүлж байгааг нотолж байна.
Үүнээс гадна, нийтэд нээлттэй судалгааны сангаас (Pubmed, GoogleScholar ResearchGate) “Heat patch”, “Moxibustion patch” гэх түлхүүр үгээр хайхад халдаг наалт нь судасны бөглөрлийг эмчилдэг болохыг баталсан, хүний биед үзүүлэх үр дүнгийн талаар өргөн хүрээний клиник, хяналттай судалгаа илэрсэнгүй.
Дүгнэлт
Дүгнэн хэлбэл, Вьетнамаас удирдлагатай Facebook хуудаснаас эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилж, төөрөгдүүлж байна. төөрөгдүүлсэн мэдээлэл агуулсан бүтээгдэхүүн худалдааж байна. Хэдий халдаг наалт нь үе мөчний өвдөлтийг намдаадаг ч хорт бодисыг гадагшлуулна, цусны бөглөрлийг эмчилнэ гэсэн судалгаа, нотолгоо байхгүй. Тиймээс албан ёсны баталгаагүй бүтээгдэхүүнхэрэглэж эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг хүсье. Мөн хамгаалалтгүй, хуурамч сайтад мэдээллээ оруулахаас татгалзаж, мөнгө болон хувийн мэдээллээ алдагдахаас сэргийлнэ үү.




