Search

Төв аймгийн Эрдэнэ суманд уран болон газрын ховор элементийн нөөцийг одоогоор тогтоогоогүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1974

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Төв аймгийн Эрдэнэ суманд ГХЭ уурхай энэ оны 7.20-с нээхэд бэлэн болжээ! УБ-с 70-д км зайд” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Төв аймгийн Эрдэнэ суманд газрын ховор элементийн нөөц байхгүй. Мөн 2025 онд Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан судалгаанд газрын ховор элементийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газруудын жагсаалтад Төв аймгийн аль ч сум байхгүй байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07 дугаар сарын 19-нд Хүчит Ганбилэг нэртэй Facebook хаягаас “Төв аймгийн Эрдэнэ суманд ГХЭ уурхай энэ оны 7.20-с нээхэд бэлэн болжээ! УБ-с 70-д км зайд” гэсэн тайлбартай пост (архивлагдсан хувилбар) нийтэлжээ.  Уг пост 241 реакц, 105 сэтгэгдэл авч, 458 удаа цааш түгээгджээ.

Мөн 2026 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Bulgan Lkhagva нэртэй Facebook хаягаас “УБ-aaс 70км Эрдэнэ суманд Туулын эх ай сав газарт уран !!! олборлохыг шийдсэн байна!!! Газрын гүн рүү хүхрийн хүчил шахна!!! УС хортой болно” гэсэн агуулга бүхий пост (архивлагдсан хувилбар) нь 112 реакц, 32 сэтгэгдэл авч, 486 удаа цааш түгээгджээ.

Бид Төв аймгийн Эрдэнэ сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаас тус суманд 07 дугаар сарын 20-нд нээх газрын ховор элементийн уурхай байгаа эсэхийг утсаар холбогдон тодруулахад “Эрдэнэ суманд ураны болон газрын ховор элементийн уурхай байхгүй. Харин цагаан тугалганы уурхай 5-р багт үйл ажиллагаа явуулж байна” хэмээн бидэнд мэдэгдсэн юм.

Төв аймгийн Эрдэнэ суманд газрын ховор элементийн нөөц байхгүй

Ашигт малтмал, газрын тосны газраас хийсэн “Монгол улсын газрын ховор элементийн хэтийн төлөвийн судалгаа” нэртэй 2025 оны судалгаанд газрын ховор элементийн нөөцтэй хэмээн бүртгэгдсэн нийт 6 ордын байршлыг аймаг, сумдаар нь хүснэгтэд нэгтгэн харуулсан байна.

Тодруулбал, газрын ховор элементийн нөөц Ховд аймгийн Мянгад сум, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Мандал-Овоо сум, Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Увс аймгийн Завхан сум, Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр сумдад бүртгэгдсэн байна. Харин Төв аймгийн Эрдэнэ суманд газрын ховор элементийн нөөц бүртгэгдээгүй байна.

Түүнчлэн газрын ховор элементийн хайгуул хийж буй аймаг, сумдын жагсаалтад Төв аймгийн ямар ч сум байхгүй байна.

Эх сурвалж: “Монгол улсын газрын ховор элементийн хэтийн төлөвийн судалгаа”

Мөн 2025 онд нийтлэгдсэн уг судалгаанд дурдсанаар газрын ховор элементийн ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлийг “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” ХХК эзэмшдэг бөгөөд Ховд аймгийн Мянгад сумын нутагт Халзанбүрэгтэй орд байна.

Эх сурвалж: “Монгол улсын газрын ховор элементийн хэтийн төлөвийн судалгаа”

Төв аймгийн аль ч суманд ураны тусгай зөвшөөрөлтэй газар байхгүй

Ашигт малтмал, газрын тосны газар cmcs.mrpam.gov.mn сайтад Монгол Улсад олгогдсон хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийг нэгтгэж харуулдаг. Монгол Улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын гурав, ашиглалтын зургаан лицензийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүнд:

  1. Дорноговь аймагт
    • Дулаан-Уул(18916),
    • Зөөвч-Овоо(18915),
    • Өмнөт (18914) гэсэн гурван газарт ашиглалтын лиценз “Бадрах энержи” ХХК эзэмшиж байна.
  2. Сүхбаатар аймагт хайгуулын нэг лиценз (22810) “Монгол ураниум ресурс” ХХК эзэмшиж байна.
  3. Дундговь аймагт ашиглалтын нэг(22849), хайгуулын нэг (12685) лиценз “Алкалли метал монголиа” ХХК эзэмшиж байна.
  4. Дорнод аймагт гурван лиценз олгосноос ашиглалтын хоёр, хайгуулын нэг зөвшөөрөл байна. Үүнд:
    • 247 дугаартай ашиглалтын лицензийг “Шинь Шинь” ХХК,
    • 13555 дугаартай ашиглалтын лицензийг “Хунбөө” ХХК,
    • 3367 дугаартай хайгуулын лицензийг “Адамасмайнинг” ХХК тус тус эзэмшиж байгааг бүртгэжээ.

Дээр дурдсан cmcs.mrpam.gov.mn сайт нь нээлттэй бөгөөд ураны хайгуулын болон ашиглалтын талбайг босоо улаан тэмдэглэгээгээр тэмдэглэсэн байдаг. Төв аймгийн Эрдэнэ суманд ийм тэмдэглэгээтэй талбай байхгүй байгааг газрын зургаас харах боломжтой.

Эх сурвалж: cmcs.mrpam.gov.mn сайт

Дүгнээд хэлбэл, Төв аймгийн Эрдэнэ суманд газрын ховор элементийн нөөц байхгүй. Мөн 2025 онд Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан судалгаанд газрын ховор элементийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газруудын жагсаалтад Төв аймгийн аль ч сум байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Төв аймгийн Эрдэнэ суманд ГХЭ уурхай энэ оны 7.20-с нээхэд бэлэн болжээ! УБ-с 70-д км зайд” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document