Search

“Тэмээний нулимс 26 өөр төрлийн могойн хорыг саармагжуулж чаддаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1972

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Дубайн эрдэмтэд тэмээний нулимс 26 төрлийн могойн хорыг саармагжуулж чаддаг болохыг тогтоожээ” гэсэн тайлбартай пост  нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ерөндөгийг тэмээний нулимсыг цуглуулж гарган авдаггүй бөгөөд могойн хороор дархлаажуулсан тэмээнээс лабораторийн аргаар ялган авсан эсрэг биед тулгуурлан үйлдвэрлэдэг байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 07 дугаар сарын 06-нд Erdenebaatar Sukhbaatar нэртэй Facebook хуудаснаас “Дубайн эрдэмтэд тэмээний нулимс 26 төрлийн могойн хорыг саармагжуулж чаддаг болохыг тогтоожээ” гэсэн тайлбартай пост (архивласан хувилбар) нийтэлжээ. Уг постыг 156 реакц, 9 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 31 удаа цааш түгээсэн байна.

Тус постод, “нэг дусал нь амь насыг аврах чадвартай бөгөөд тэсвэр тэвчээр, уян хатан чанараараа хүндлэгддэг амьтны дотор нуугдаж байсан гайхалтай эмийн хүчийг ийнхүү нээж чаджээ” гэжээ.

Бид шалгасан мэдээлэлд дурдсан түлхүүр үгээр хайлт хийхэд “Дубайн эрдэмтэд тэмээний нулимс 26 төрлийн могойн хорыг саармагжуулдаг болохыг тогтоосон” гэсэн агуулга бүхий судалгааны санд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл огт байхгүй байна.

Харин Times of India мэдээллийн сайтад 2025 оны 08 дугаар сарын 12-нд “Тэмээний нулимс 26 өөр төрлийн могойн хорыг саармагжуулж чаддаг” гэх мэдээлэл нь урьдчилсан шатны судалгаа болон хэвлэл мэдээллийн нийтлэлүүдээс эхтэй бөгөөд шинжлэх ухааны бүрэн хэмжээний өгөгдөл мэдээлэл нь хараахан нийтлэгдээгүй, мөн хөндлөнгийн шинжээчдээр хянагдаагүй байгаа талаар мэдээлжээ.

Мөн 2025 оны 12 дугаар сарын 09-нд Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн, Метагийн хөндлөнгийн баримт шалгагч түнш байгууллага “Lead Stories”-оос уг мэдээллийг баримтаар шалгаж, “Эрдэмтэд тэмээний нулимсыг могойн хорны ерөндөг болохыг нотлоогүй” гэсэн байна.

Эх сурвалж: Lead Stories

Тодруулбал, Америкийн хор судлалын коллежийн хөтөлбөрийн захирал Алди 2025 оны 12-р сарын 8-ны өдөр “Lead Stories” баримт шалгах байгууллага руу илгээсэн имэйлд “могойн хортой огт харьцаж, өртөж байгаагүй тэмээнд могойн хорны эсрэг биет (антибоди) үүсэхгүй” хэмээн мэдэгджээ. Мөн могойн хорны нөлөөнд өртсөн ямар ч амьтны нулимснаас эсрэг биет олдож болохыг онцолсон байна.

Бид үргэлжлүүлэн АНУ-ын Биотехнологийн үндэсний хүрээлэнгийн судалгааны сангаас хайлт хийхэд “Гадны нөлөөт могойн хороор дархлаажуулсан тэмээ болон лама гөрөөсний иммуноглобулин G-ээр, мөн тэмээний овгийн амьтдын ийлдэс дэх төрөлхийн эндогенийн бус бүрэлдэхүүн хэсгүүдээр хорноос үүдэлтэй цус алдалтыг саармагжуулсан нь” нэртэй судалгаа илэрцээр гарч ирлээ. Тус судалгаанд тэмээ болон лама гөрөөсийг баруун Африкийн могойн хороор дархлаажуулахад өндөр титр бүхий эсрэг биет үүсэж, антигений өргөн өвөрмөц чанартайгаар хариу үйлдэл үзүүлж байгааг нотолсон талаар дүгнэжээ.

Мөн АНУ-ын Биотехнологийн үндэсний хүрээлэнгийн судалгааны санд 2025 онд нийтлэгдсэн “Шинэ ерөндөг нь могойн хатгалтын эмчилгээнд цоо шинэ нээлт болж байна” нэртэй судалгаагаар ерөндөгийг хүн дээр биш, хулгана дээр туршсан байна. Тус судалгааг хийсэн эрдэмтэд “ирээдүйд могойн хорны эсрэг эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэхэд найдвар төрүүлж байна” гэсэн боловч, энэ нь хүн дээр туршихаас өмнөх эхний урьдчилсан алхам учраас бүрэн амжилт оллоо гэж тунхаглахаас татгалзсан байна.

Дүгнээд хэлбэл,”тэмээний нулимс могойн хорыг саармагжуулдаг” гэх мэдээлэл төөрөгдүүлжээ. Учир нь ерөндөгийг тэмээний нулимсыг цуглуулж гарган авдаггүй бөгөөд могойн хороор дархлаажуулсан тэмээнээс лабораторийн аргаар ялган авсан эсрэг биед тулгуурлан үйлдвэрлэдэг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Дубайн эрдэмтэд тэмээний нулимс 26 төрлийн могойн хорыг саармагжуулж чаддаг болохыг тогтоожээ” гэсэн тайлбартай пост  нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document