2026 оны 07 дугаар сарын 09-нд Zagdjav Mendsaikhan гэх нэртэй Фэйсбүүк пэйж “Бүгдээрээ сайн байцгаана уу! Сангийн сайдын хувьд би 30-аас дээш насны монголчуудад 55 сая төгрөгийн тусламж үзүүлэхээ зарлаж байна” гэх агуулгатай пост түгээжээ.
Хуурамч хаягийн түгээмэл шинжүүд
Пост түгээсэн пэйжийн ил тод байдлыг шалгахад, дөнгөж нэг хоногийн өмнө буюу 2026 оны 07 дугаар сарын 09-нд үүссэн, 14 дагагчтай, танилцуулга хэсэг хоосон, профайл нь Ерөнхий сайд асан Г.Занданшатарын зурагтай, пэйжийн төрөл нь “уран бүтээлч”, “худалдаа арилжаа” байгаа зэрэг нь хуурамч пэйж гэдгийг илтгэж байна.

Зургаар шалгая
Постод ашигласан зураг нь 2021 оны 06 дугаар сарын 14-нд Yolda Initiative, Европын Бүс нутгуудын хороо, Euromontana нарын зохион байгуулсан “Бэлчээрийн мал аж ахуй: ЕХ болон түүний чанадад тогтвортой хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэх чухал арга зам” сэдэвт цахим хуралд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан үг хэлж байх үеийнх болохыг доорх бичлэгээс харж болно.

Сангийн сайдын сэрэмжлүүлэг
Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан өөрийн албан ёсны Фэйсбүүк пэйждээ 2026 оны 07 дугаар сарын 09-нд “Худал хуурмаг мэдээллийг олон нийтэд түгэхээс сэргийлж энэхүү хуурамч хаягийг репорт хийж өгнө үү” хэмээн иргэдэд сэрэмжлүүлжээ.

Дүгнэлт
Цахим орчинд УИХ-ын гишүүд, сайд, ерөнхийлөгч, олны танил хүмүүсийн зургийг ашиглан, иргэдийн итгэлийг олж залилах явдал ихэссээр байна. Бид өмнө нь ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд асан Г.Занданшатар, Youtuber Gremix, дуучин Ука нарын зургийг ашигласан залилан илрүүлж, баримтаар шалгаж байсныг энд, энд, энд, эндээс үзээрэй.
Иймд та цахим орчинд мэдээлэл, пост түгээж буй хаягуудыг жинхэнэ эсэхийг шалгаж, эх сурвалжийг нь нягталж хэвшээрэй. Мөн эндээс жинхэнэ пэйж, баталгаат эх сурвалжийг хэрхэн таних тухай уншаарай.




