Search

Суганы эвгүй үнэрийг хөлс дарах тосоор бүрэн арилгах боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1969

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“HBESTY Суганы эвгүй үнэр, хөлрөлтыг зогсоогч. Хулмасыг зөөлөн атлаа үр дүнтэйгээр арилгана” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хөлс дарах бүтээгдэхүүн нь хөлсний үнэрийг түр хугацаанд дарж, сэргийлэх боломжтой ч хулмасыг бүрэн арилгаж, эмчлэх арга биш юм. Мөн өөрийн онцлогт тохирсон, баталгаатай бүтээгдэхүүн сонгоогүй тохиолдолд харшил өгч, тууралт гарах эрсдэлтэй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 6 дугаар сарын 9-нд Nar – store нэртэй хуудаснаас “Хулмаснаасаа 3 хонгийн дотор салмаар байна уу. HBESTY Суганы эвгүй үнэр, хөлрөлтыг зогсоогч. Хулмасыг зөөлөн атлаа үр дүнтэйгээр арилгана” гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ. Уг бичлэг 311 реакц, 96 сэтгэгдэл авч, 83 удаа цааш түгээгджээ.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу зургаар хайж, агуулгыг нягтлах аргыг ашиглалаа.

Зургаар хайсан нь

Шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүнийг Google Lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад AmazonAlibaba, Lazada зэрэг онлайн худалдааны сайтууд дээр илэрцтэй байна. Гэвч тус бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компани, эзэмшигч, гарал үүсэл зэрэг албан ёсны мэдээлэл огт илэрсэнгүй. Мөн зарим худалдааны сайтуудад өөр өөр нэрээр илэрч байна. Энэ нь бүтээгдэхүүний баталгаагүй байдлын нэг илрэл юм.

Хөлс дарах бүтээгдэхүүнүүд нь арьсан дээрх бактерийг хааж, үнэр дарах байдлаар түр хугацааны нөлөө үзүүлдэг. Харин хөлс ялгаруулдаг булчирхайнд хүрдэггүй. Иймд энэ төрлийн бүтээгдэхүүн нь хулмасны үнэрийг бүрэн арилгаж чадахгүй юм.

Энэ талаар Харвардын Анагаах ухааны их сургуулийн албан ёсны мэдээллийн сайтад “Хулмасны эвгүй үнэрийг арилгах хамгийн хялбар арга нь усанд орж, хувийн ариун цэвэртээ анхаарах юм. Гэвч идэвхтэй дасгал хийдэг, хэт их хөлс ялгардаг, ойр ойрхон усанд орох боломжгүй нөхцөлд хөлс дарагчийг ашигладаг. Ихэнх хөлс дарагч нь хулмасны үнэрийг үүсгэдэг бактерийг хучиж, нэмэлт үнэрээр хаах маягаар ажилладаг. Энэ нь хөлсний ялгаралтыг зогсоож, арьсан дахь бактерийг цэвэрлэхгүй тул хулмасыг бүрэн арилгаж чадахгүй” гэж мэдээлжээ.

Охайогийн Их Сургуулийн мэргэжилтнүүд “Хөлс дарагч бүтээгдэхүүн нь хөлсний үйлдвэрлэлийг бууруулж, хөлсний сувгийн гадаргууд бөглөө үүсгэж, хөлсний ялгаралтыг зогсоох замаар ажилладаг. Энэ нь богино хугацааны, бага хэмжээний хөлс ялгарч буй үед үйлчилж болох ч хулмасыг бүр мөсөн арилгаж, гиперхидрозыг (хөлс хэт их ялгардаг өвчин) эмчлэхгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл, хөлс дарагч нь ялгарч буй хөлс, бактерид хүрч үйлчлэх ч батлагдсан эмчилгээний хэмжээнд хөлсний булчирхайн үйл ажиллагаанд хүрч нөлөө үзүүлэхгүй юм.

Тиймээс энгийн үед ч хөлс хэт их ялгарч, өөрт таагүй мэдрэмж өгч байгаа бол мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Хувь хүний онцлог, хөлсний булчирхай зэргээс хамааран эмчилгээний хэлбэр өөр өөр байдаг. Тухайлбал, Хэт их хөлс ялгарч, өдөр тутмын амьдралд нөлөөлж байгаа тохиолдолд мэс заслын аргаар хөлсний булчирхайн ажиллагааг зогсоож, хулмасны үнэрийг бүрмөсөн арилгах боломжтой. Мэс заслын арга нь хамгийн эцсийн шат бөгөөд хөнгөн тохиолдолд хүчтэй орц найрлага, үйлчилгээтэй хөлс дарах бүтээгдэхүүнийг жороор олгодог байна.

Хулмас буюу биеийн эвгүй үнэр хэрхэн үүсдэг вэ?

Хулмас нь хөлс арьсан дээрх бактериудтай урвалд орсноор үүсдэг таагүй үнэр юм. Хөлс өөрөө үнэргүй боловч арьсан дээрх бактериуд хөлсний бүрэлдэхүүн хэсгүүдийг задалж, үнэр үүсгэдэг. Хөлсийг ялгаруулдаг эккрин, аппокрин гэх хоёр гол булчирхай бий. Аппокрин нь уураг, липид агуулдаг тул илүү зузаан, тослог хөлс ялгаруулж, хүчтэй үнэртдэг.

Хөлс ялгарч, үнэр үүсэх нь хэвийн үзэгдэл бөгөөд хувийн ариун цэврийг хангаснаар уг байдлаас сэргийлэх боломжтой. Дасгал хийхдээ, ус шингээх чадвартай даавуугаар хийсэн хувцас сонгож болно. Амьсгалдаг даавуун хувцас өдөр тутамдаа өмсөж, хөлстэй хувцас, хэрэглэлийг дор бүр нь угаах хэрэгтэй. Мөн суганы үсийг авснаар хөлс хурдан ууршиж, үнэр үүсэхээс сэргийлэх боломжтой байна. 

Дүгнэлт

Хөлс дарах бүтээгдэхүүн нь хөлсний үнэрийг түр хугацаанд дарж, сэргийлэх боломжтой ч хулмасыг бүрэн арилгаж, эмчлэх арга биш юм. Мөн өөрийн онцлогт тохирсон, баталгаатай бүтээгдэхүүн сонгоогүй тохиолдолд харшил өгч, тууралт гарах эрсдэлтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“HBESTY Суганы эвгүй үнэр, хөлрөлтыг зогсоогч. Хулмасыг зөөлөн атлаа үр дүнтэйгээр арилгана” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document