2026 оны 06 дугаар сарын 12-нд Тод мишээлт хаягаас “Хүнсний хар бээлий өмсөөд юм хийж байгаад тайлсан чинь мөнгөн бөгж тас хар болчихсон байсан. Эндээс гарч байгаа будаг мөнгийг ингэж харлуулж байгаа юм чинь бид ходоод руугаа юу хийж байна вэ” гэж ярьсан бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг 12.5 мянга гаруй реакц, 849 сэтгэгдэл үлдээж, 6.1 мянга гаруй удаа шэйрлэжээ.
FACTCHECK:
Мөнгө яагаад харладаг вэ?
Мөнгө (Ag) нь дараах бодисуудтай урвалд орвол хар өнгийн мөнгөний сульфид (Ag₂S) үүсгэдэг. Үүнд:
- хүний хөлс /ялангуяа хүхэрлэг хүнс их хэрэглэсний дараа зүүж байгаа мөнгөн бөгж харладаг/
- агаарт агуулагдах хүхрийн нэгдлүүд,
- резинэн бүтээгдэхүүнд хэрэглэдэг хүхэр агуулсан вулканжуулах бодис,
- зарим гоо сайхны бүтээгдэхүүн,
- ариутгагч, химийн бодисууд гэх мэт.
Гэрт тавьсан “мөнгөн аяга хэрэглээгүй байж харлачихлаа” гэдэг яриа агаар дахь хүхэртэй урвалд орж хүхрийн сульфид үүсэн, гадаргуу хэсэг дээр тогтсоны шинж юм.
Хүнсний зориулалттай резинэн бээлийг хүхэр ашиглан вулканжуулдаг буюу бат бэх болгодог
Байгалийн болон нийлэг резин нь зөөлөн, амархан сунадаг, наалдамхай, халуун хүйтэнд тэсвэргүй хэврэг байдаг. Тиймээс үүнийг хүхэртэй хольж, өндөр хэмд халааж бат бөх, хэлбэрээ хадгалдаг болгодог. Энэ процессыг вулканжуулах гэдэг. Вулканжуулсны дараа резин илүү бат бөх, хэлбэрээ сайн хадгалдаг, уян хатан, элэгдэлд тэсвэртэй болдог.
Ийм аргаар бэхжүүлсэн резинээр хийсэн хүнсний зориулалттай хар өнгийн бээлийд вулканжуулалтаас зөвшөөрөгдөх хэмжээний хүхрийн үлдэгдэл байх боломжтой. Гэхдээ энэ нь олон улсад гаргасан стандарт хэмжээнээс хэтрэхгүй байх шаардлагаа хангаж, худалдаанд гардаг.
Хүнсний зориулалтын бээлийн аюулгүй байдлыг мөнгөн бөгж харлуулах эсэхээр биш, харин хүнсэнд химийн бодис шилжих хэмжээгээр (migration) үнэлдэг олон улсын стандарт, зохицуулалтаар тогтоодог.
Хүнстэй харьцах зориулалттай материал, эд зүйлсэд Европын Холбооны Regulation (EC) No 1935/2004 стандартыг мөрдөж, “хүнстэй хүрэлцэх материал нь хүний эрүүл мэндэд аюул учруулах хэмжээгээр бодис хүнсэнд шилжүүлж болохгүй” гэж заасан байдаг. Мөн FDA ч хүнсний зориулалтын материалыг migration болон химийн аюулгүй байдлын үнэлгээнд үндэслэн зөвшөөрдөг.
Хүнсний бээлий авахдаа юу анхаарах вэ?
Үйлдвэрлэгчийн нэр, баталгаат мэдээлэлгүй, хямд үнэтэй бээлий хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хүнсний хар бээлийг хэрэглэхэд харшил өгч загатнавал, тууралт гарвал, мөн хурц үнэртэй байх, хэт их хуурай нунтаг бодистой байх зэрэг шинж тэмдгүүд байвал хэрэглэхээс татгалзаарай.
Монгол Улсад гаалиар оруулж ирж буй хүнсний зориулалттай сав, баглаа боодол, бээлий зэргийг хүнстэй шууд хүрэлцдэг материал ангилалд оруулж хяналт тавьж, стандартыг хэрэгжүүлдэг. Нээлттэй мэдээллээс хайхад шаардлага хангаагүй бүтээгдэхүүний талаар мэдээлэл илэрцгүй.
Дүгнэхэд, хүнсний зориулалттай хар бээлийг үйлдвэрлэх явцад үлдсэн хүхрийн нөлөөгөөр мөнгөн бөгж харлах тохиолдол бий. Гэхдээ энэ нь зөвшөөрөгдсөн стандарттай бөгөөд хүний биед аюултай гэж шууд дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тавиурт байгаа мөнгөн аяга агаар дахь хүхэртэй урвалд орж, харладагтай ижил процесс юм. Харин бээлий хурц үнэртэй, харшил өгч тууралт гарсан зэрэг тохиолдолд хэрэглэхээс зайлсхийгээрэй.




