2026 оны 03 дугаар сарын 12-нд Эмчилгээний тос нэртэй хуудаснаас тураах халуун тос сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлснийг нийт 1,100 реакц, 710 Сэтгэгдлээр идэвхжүүлж, 418 удаа цааш түгээжээ. Тус бичлэгт “Та таргалаад түнээсээ ичиж санаа зовж, мөн турахын тулд та янз бүрийн эм, тариа, хамаг эд эс биеэрээ хохироод байгаа биз дээ. Энэ асуудлыг шийдэх халуун тураадаг тос ирсэн байна. Халуун тураадаг тосыг мэдээж идэж, уухгүй, та биедээ түрхэж хэрэглэнэ. Таргалалттай хэсэг дээрээ түрхэнэ. байгаа хэсэг дээрээ түрхэнэ. Халуун оргидог болохоор нимгэн түрхэнэ. Түрхсэний дараа дасгал хөдөлгөөн эрчимтэй хийвэл илүү их өөх шатааж, целлюлитийг багасгаж, алга болгоно” гэх агуулгыг дурджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Сүүлийн үед сошиал орчинд дасгал, хөдөлгөөн хийж, зөв, тэнцвэртэй хоолны дэглэм барих шаардлагагүйгээр тос, саван зэрэг бүтээгдэхүүн ашиглаад өөх шатааж, турах боломжтой гэх төөрөгдүүлсэн мэдээлэл түгээх нь ихэссэн. Бид өмнөх “Тураах тос дангаар нь хэрэглээд жин хасах боломжгүй”,”Цагаан гаа агуулсан тос өөх хайлуулж, тураахгүй”,”Тос ашиглан биеийн өөхийг шатааж, целлюлитийг хайлуулах боломжгүй” баримт шалгалтаараа тос ашиглан турах боломжгүй бөгөөд үүнийг баталсан шинжлэх ухааны нотолгоо байхгүйг мэдээлж, энэ төрлийн маркетинг нь тураана гэж амласан хуурамч сурталчилгаанд ашигладаг түгээмэл хэлбэр болохыг анхааруулж байсан.
Бүтээгдэхүүний орц найрлагыг нэгтгэн тос хэлбэрээр ашиглах нь тураах үйлчилгээтэйг баталсан шинжлэх ухааны нотолгоо байхгүй.
Шалгасан бичлэгт харуулсан бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад Noon, Alibaba, Amazon зэрэг худалдааны сайтад ижил агуулгаар сурталчлан борлуулж буй илэрцүүд гарч ирлээ. Эдгээр сайтад тус бүтээгдэхүүнд орсон гол орц найрлагад “Халуун чинжүүний ханд, Кофейн, Глицерин, ногоон цайны навсны ханд, алтан товч цэцгийн ханд” гэх ургамал орсон хэмээн мэдээлжээ.
Үргэлжлүүлэн PubMed, Google Scholar, ScienceDirect, ResearchGate, Wiley Online library зэрэг олон улсын нээлттэй судалгааны сангаас бүтээгдэхүүний орц найрлагын түлхүүр үгээр хайхад эдгээр орц найрлагыг нэгтгэн тос хэлбэрээр ашиглах нь өөх шатааж, биеийн жинг бууруулдаг болохыг баталсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт байхгүй байна.
Тос түрхэснээр биеийн өөх шатааж, целлюлит хайлуулах боломжгүй
Тос ашигласнаар өөхийг шатааж, целлюлитийг багасгах шинжлэх ухаанаар бүрэн нотлогдоогүй.
2018 онд хийгдсэн 18-59 насны 44 эмэгтэйг хамруулсан жижиг судалгаагаар 8 долоо хоногийн турш зорилтот хэсэг өдөрт 2 удаа ургамлын гаралтай целлюлитийн эсрэг тос түрхэхэд арьсны бат бөх, аян хатан байдал, чийгшлийг сайжруулж целлюлитийн харагдах байдлыг сайжруулснаас биш целлюлит багассан тухай тэмдэглээгүй байна. 2000 онд хийсэн жижиг судалгаагаар 26-44 насны 15 эмэгтэй дунд 6 долоо хоногийн турш ретинол бүтээгдэхүүний эмчилгээнд оролцсоны дараа целлюлитын харагдах байдал сайжирсан гэж дүгнэжээ.
Шалгасан бичлэгт “тос түрхсэний дараа эрчимтэй дасгал хөдөлгөөн хийвэл илүү их өөх шатаана” гэх агуулгыг дурдсан. Эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх нь турахад нөлөөлөх ч энэ нь тураах тостой огт хамааралгүй юм. Зөв зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнгүйгээр жин хасах шидэт арга байхгүй тухай АНУ-ын Холбооны худалдааны комиссоос анхааруулж, тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны мэдээллийг хүргэжээ. Үүнд:
- Тураах тос, наалт ашиглаад л жин хасна гэх мэт агуулгатай хуурамч сурталчилгаа явуулдаг хэмээн онцолсон байна.
- Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны зохих дэглэм барихгүйгээр жин хасна (Худал)
- Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд дахин таргалахгүй
- Богино хугацаанд их жин хасна
- Хүн болгонд тохирно
- Тураах тос, наалт ашиглаад л жин хасна гэх мэт агуулгатай хуурамч сурталчилгаа явуулдаг хэмээн онцолсон байна.
Дүгнэлт
Дасгал хөдөлгөөн хийж, зөв, тэнцвэртэй хоолны дэглэм барихгүйгээр зөвхөн тос ашиглан турах боломжгүй. Мөн шалгасан бүтээгдэхүүний орц найрлагыг нэгтгэн тос хэлбэрээр ашиглах нь тураах, өөх хайлуулах үйлчилгээтэйг баталсан өргөн хүрээний судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй байна.




