2026 оны 06 дугаар сарын 26-нд USA Health Care нэртэй хуудаснаас “Чих шуугихыг багасгахад туслах Tinnidrop шүршигч нь байгалийн гаралтай найрлагаараа сонсголын мэдрэлийг тайвшруулж, таны алдсан амар тайван мэдрэмжийг эргүүлэн өгөхөд дэмжлэг үзүүлнэ” гэсэн тайлбартай бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус бичлэг 383 реакц, 129 сэтгэгдэл авч, 298 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг шалгаж, агуулгыг нягтлах аргыг ашиглав.
Хаяг шалгах
“USA Health Care” хуудас нь анх 2026 оны 01 дүгээр сарын 13-нд нээгдсэн байна.
Page Transparency хэсгээс пэйжийн админы тухай мэдээллийг шалгахад Вьетнамд байршилтай 4 админ, Непалд байршилтай 1 админ удирдаж байна.
Мөн түгээсэн мэдээллийг шинжлэхэд ямар ч холбоо барих дугаар, хаяг байршлын мэдээлэлгүй зөвхөн чатаар холбогдож, холбоосоор нэвтрэхийг уриалдаг нь ажиглагдсан. Цаашлаад шалгасан мэдээлэлд хавсаргасан сайт руу орж үзвэл зөвхөн нэг хуудастай үргэлжилсэн, хуурамч вэбсайтын түгээмэл загвараар хийгджээ.

Зургаар хайх
Шалгасан бичлэгт харагдаж буй бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад Ebay онлайн худалдааны сайтад “Чихний шуугиан намдаах цацлага: Сонсгол муудалтыг засах, чих цэвэрлэх уусмал (Насанд хүрэгчид болон ахмадуудад зориулав)” гэжээ. Харин Noon онлайн худалдааны сайтад тус бүтээгдэхүүнийг “чихний хулхийг цэвэрлэх, сонсгол сайжруулах” гэж тайлбарлажээ. Гэвч уг бүтээгдэхүүний албан ёсны үйлдвэрлэгч брэнд болон орц найрлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл огт байхгүй байна.
“Tinnidrop Tinnitus Relief Spray”–ийн найрлага, үр нөлөө, аюулгүй байдалд зориулсан бие даасан, хянагдсан клиник туршилтууд одоогоор байхгүй байна. Тухайлбал, PubMed, АНУ-ын биотехнологийн үндэсний хүрээлэн, Google Scholar зэрэг судалгааны санд “Tinnidrop”, “Tinnidrop Tinnitus ” зэрэг түлхүүр үгээр хайхад ямар нэгэн шинжлэх ухааны өгүүлэл, нийтлэл, клиник үр дүнгийн тайлан илрээгүй.
Мөн FDA (АНУ-ын Хүнс, Эмийн Хяналтын Газар) болон EMA (Европын Эмийн Агентлаг)-аас тус бүтээгдэхүүнд бүртгэл, баталгаажуулалт олгосон тухай мэдээлэл байхгүй байна.
Чих шуугих, дүнгэнэх зэрэг шинж тэмдгийг түр хугацаанд саармагжуулах боломжтой боловч эмчлэхгүй гэдгийг анхаараарай
Чих шуугих (tinnitus) нь олон янзын шалтгаантай байж болох бөгөөд зарим тохиолдолд энэ шинж тэмдэг нь чихний лав буюу хулхи бөглөрөх, гадна болон дунд чихний үрэвсэлтэй холбоотойгоор илэрдэг. Ийм нөхцөлд чих цэвэрлэх зориулалттай шүршигч болон дусаалга нь чихний лавыг зөөлрүүлж гадагшлуулах үйлчилгээтэй тул чихний дүүрэлт, даралт, дүнгэнээ мэдрэмжийг багасгах магадлалтай байдаг тухай Кливлэнд Клиникийн албан ёсны сайтад мэдээлжээ.
Харин чих шуугих дийлэнх шалтгаан нь сонсголын мэдрэлийн гэмтэл буюу мэдрэлийн гаралтай сонсголын алдагдал байдаг. Судалгаагаар чих шуугих шинж тэмдэгтэй хүмүүсийн 80–90% орчим нь сонсголын бууралтын шинж тэмдгийг давхар үзүүлдэг бөгөөд энэ нь дотоод чихний гэмтэл, насжилт, чанга дуу чимээний нөлөө, мэдрэлийн процессын өөрчлөлтөөс шалтгаалдаг. Ийм тохиолдолд шүршигч, дусаалга зэрэг гаднаас хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд нь уг эмгэгт нөлөөлж чадахгүй бөгөөд эмчилгээний үр дүн үзүүлэхгүй болохыг мэргэжилтнүүд анхааруулдаг байна.
Мөн чихний дусаалга хэрэглэсний дараа өмнө нь байгаагүй шинэ өвдөлт мэдрэгдэх, чихний эргэн тойронд улайж хавдах зэрэг шинж тэмдэг илэрвэл дур мэдэн үргэлжлүүлэлгүй, мэргэжлийн эмчид яаралтай хандах хэрэгтэйг Кливлэнд Клиникийн сайтад мэдээлжээ.
Дүгнээд хэлбэл, гаднын удирдлагатай пэйжээс орц найрлага нь тодорхойгүй, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Чих шуугих шалтгаан тодорхойгүй үед уг төрлийн бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэх нь эрсдэлтэй бөгөөд чихний бүтэц, хэнгэргэн бүрхүүлийн байдал болон тухайн хүний эрүүл мэндийн ерөнхий нөхцөл байдлыг харгалзан, эмчийн зөвлөгөө, хяналтын дагуу хэрэглэх нь илүү үр дүнтэй, аюулгүй арга хэмжээ юм.




