Search

Гаднын удирдлагатай баталгаагүй хаягуудаас олны танил хүнийг ашигласан хуурамч сурталчилгаа түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1964

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“GI JOINT — үе мөч өвддөг, идэвхтэй хөдөлгөөнтэй, спортоор хичээллэдэг эсвэл хуучин гэмтэл нь дахин сэдэрдэг хүмүүст тохиромжтой сонголт” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гарал үүсэл нь тодорхойгүй баталгаагүй бүтээгдэхүүнийг “спортын гэмтэл, үе мөчний өвчнийг эмчлэнэ” гэх агуулгаар сурталчилж, хэрэглэгчийг төөрөгдүүлж байна. Ингэхдээ гаднын улсаас удирдлагатай найдваргүй хуудаснаас мэдээлэл түгээж байгаа юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 3 дугаар сарын 30-нд Үе мөчний өвдөлт, үрэвслийг үр дүнтэй эмчилнэ нэртэй хуудаснаас “GI JOINT — үе мөч өвддөг, идэвхтэй хөдөлгөөнтэй, спортоор хичээллэдэг эсвэл хуучин гэмтэл нь дахин сэдэрдэг хүмүүст тохиромжтой сонголт. Өдөрт ердөө 2 шахмал уухад хангалттай. Тогтмол хэрэглэснээр үе мөчийг дотроос нь дэмжиж, өвдөлт чилээг багасган, хөдөлгөөнийг илүү уян хатан болгоход тусална” гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ. Уг бичлэг 185 реакц, 55 сэтгэгдэл авч, 60 удаа цааш түгээгджээ.

Бид өмнө нь “GI JOINT” гэх бүтээгдэхүүнийг баримтаар шалгаж, гарал үүсэл, чанар, найдвартай байдал нь тодорхойгүй баталгаагүй бүтээгдэхүүн болохыг нь тодорхойлж байсан. (эндээс уншина уу) Гэвч уг баталгаагүй бүтээгдэхүүнийг дахин идэвхжүүлж эхэлсэн тул шинээр шалгаж, мэдээлж байна.

Хаягийг шалгасан нь

“Үе мөчний өвдөлт, үрэвслийг үр дүнтэй эмчилнэ” гэх хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад, 2025 оны 11 дүгээр сарын 8-нд үүссэн, Вьетнамаас 8, Монголоос 2 админ удирддаг нь илэрлээ.

Тус хуудас мэдээлэл түгээхдээ холбоо барих дугаар, хаяг байршлын мэдээлэл огт оруулдаггүй зөвхөн холбоосоор хандаж, чатаар холбогдохыг уриалдаг байна. Эдгээр нь гаднын улсаас удирдлагатай, хуурамч хаягуудад ажиглагдаг түгээмэл шинж чанарууд юм.

Иймд тус хуудсанд хавсаргасан холбоосыг олон нийтэд нээлттэй домэйн шалгах хэрэглүүрээр нягталлаа. Тодруулбал, Urlvoid.com хэрэглүүрээр шалгасан мэдээлэлд буй холбоосыг нягтлахад 2025 оны 10 дугаар сарын 16-нд үүсэн, Вьетнамд байршилтай гэж илрэв.

Үүнээс гадна CIFAS хэрэглүүрээр давхар нягтлахад, уг вебсайтыг хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй, хандахад болгоомжтой байх шаардлагатай вебсайт гэж үнэллээ. Энэ нь тухайн хуудасны баталгаагүй байдлыг илэрхийлж байна.

Зургаар хайсан нь

Шалгасан бүтээгдэхүүний баталгаатай байдлыг нягтлахын тулд түлхүүр үгээр хайлт хийхэд, тус бэлдмэлийн найдвартай байдлыг илэрхийлэх ямар ч илэрц олдсонгүй. Уг бүтээгдэхүүний нэртэй албан ёсны сайт байхгүй. Олон улсын худалдааны сайтуудад ч илэрцгүй байна. Мөн зургаар хайх Google Lens хэрэглүүрээр шинжлэхэд ч ижил төрлийн бүтээгдэхүүн олдоогүй юм. Зөвхөн шалгасан хуудаснаас түгээсэн мэдээллүүд харагдаж байна.

Цаашлаад уг бүтээгдэхүүнийг АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас баталгаажуулсан эсэхийг нягтлах зорилгоор албан ёсны цахим мэдээллийн сангаас бүтээгдэхүүний нэрээр хайлт хийж шалгав. Хайлтын үр дүнд тухайн “GI JOINT” нэртэй бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэг бүртгэл, баталгаажуулалт, зөвшөөрлийн мэдээлэл илрээгүй болно. Энэ нь тус бүтээгдэхүүний баталгаатай байдалд эргэлзэх үндэслэл юм.

Зургийн тайлбар: АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны сайтаас GI JOINT бэлдмэлийг хайсан илэрц

Гарал үүсэл, орц найрлага, брэнд зэрэг нь тодорхойгүй, найдваргүй бүтээгдэхүүнүүдийг зарж борлуулахын тулд олон улсын аюулгүй байдлын стандарт хангасан мэтээр сурталчлах үзэгдэл түгээмэл бий. Энэ нь бүтээгдэхүүний бодит байдлыг нуун дарагдуулж, хэрэглэгчийг хуурч буй үзэгдэл юм. Иймэрхүү сурталчилгаанд итгэж, худалдан авалт хийх нь санхүүд гарз үүсгэхээс гадна өвчний шинж тэмдгийг дордуулж, эмчилгээг удаашруулах сөрөг талтай хэмээн АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас сануулсан байна. Тиймээс гаднын улсаас удирдлагатай хуудас, вебсайтаар дамжуулан борлуулдаг баталгаагүй бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзаж, мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

Мөн эрүүл мэндийн Кливлэнд Клиник сайтад “Спортын гэмтэл гэдэг нь биеийн тамир, спортын үйл ажиллагааны үеэр үүсдэг булчин, яс, зөөлөн эдийн гэмтлүүд юм. Уг гэмтэл нь гэнэт болон удаан хугацаанд аажмаар үүсэх гэсэн хэлбэртэй. Хурц (цочмог) гэмтэл нь гэнэтийн хүчтэй цохилт, хэт их хүчний нөлөөгөөр үүсдэг. Харин давтамжит гэмтэл (repetitive strain injury) нь биеийн тодорхой хэсгийг олон дахин хэт ачаалснаас үүдэн аажмаар бий болдог. Аль ч төрлийн гэмтэл зохих ёсоор эдгэрэхгүй бол архаг хэлбэрт шилжих, сэдрэх эрсдэлтэй. Иймд гэмтлийг зэргийг мэргэжлийн эмчээр тодорхойлуулж, тохирох эмчилгээг авах нь чухал юм. Гэмтлийн зэргээс хамаарч хөнгөн гэмтлийг зохих арчилгаа, дэглэмийн дагуу гэрийн нөхцөлд эдгээх боломжтой. Харин хүнд хэлбэрийн гэмтлийг мэргэшсэн эмчид үзүүлж, нөхөн сэргээх эмчилгээ авах хэрэгтэй” гэж зөвлөжээ. Өөрөөр хэлбэл, Гэмтлийг зохих ёсоор эмчилж, бүрэн эдгээгээгүй тохиолдолд дахин сэдрэх магадлалтай. Энэ тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, нөхөн сэргээх эмчилгээг авах нь илүү үр дүнтэй байх нь. Тиймээс гарал үүсэл нь тодорхойгүй, баталгаагүй бүтээгдэхүүнд найдаж цаг алдахын оронд мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

Дүгнэлт

Гарал үүсэл нь тодорхойгүй баталгаагүй бүтээгдэхүүнийг “спортын гэмтэл, үе мөчний өвчнийг эмчлэнэ” гэх агуулгаар сурталчилж, хэрэглэгчийг төөрөгдүүлж байна. Ингэхдээ гаднын улсаас удирдлагатай найдваргүй хуудаснаас мэдээлэл түгээж байгаа юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“GI JOINT — үе мөч өвддөг, идэвхтэй хөдөлгөөнтэй, спортоор хичээллэдэг эсвэл хуучин гэмтэл нь дахин сэдэрдэг хүмүүст тохиромжтой сонголт” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document