2026 оны 05 дугаар сарын 02-нд Bayanmunkh нэртэй хуудаснаас элэг цэвэрлэх, хоргүйжүүлэх детокс жор гэх гарчигтай богино хэмжээний бичлэг нийтэлснийг нийт 7,400 гаруй реакц, 3,500 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 3,900 гаруй удаа цааш түгээжээ. Тус бичлэгт “Хоолны нарийн дэглэм дагаж, фитнест явах боломжгүй ч гэсэн ганцхан шөнийн дотор элгийг цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмжих жорыг зааж өгье. Бүлээн усанд нэг хоолны халбага турмерик хийж, нэмж нэг ширхэг лимоны шүүсийг шахна, нэг хоолны халбага зөгийн бал хийж сайтар хутгана. Үүнийг орой унтахаасаа өмнө долоо хоногийн турш ууж хэвшээрэй. Өглөө сэрэхэд эрч хүчээр дүүрэн болж, бие дэх хорт бодисууд гадагшилж, бие хөнгөрсөн мэдрэмж төрнө. Хятадын анагаах ухаанд элэг бүх зүйлийг зохицуулдаг гэж үздэг. Таны арьс, даавар, сэтгэлзүй гээд бүгд элэгтэй холбоотой” гэх агуулгыг дурджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Элэг нь хүний биеийн бодисын солилцоо, дархлаа, хоол боловсруулах, хоргүйжүүлэх, витамин хуримтлуулах зэрэг олон чухал үйл ажиллагааг хариуцдаг ба бие махбодын байгалийн хоргүйжүүлэх системийн нэг хэсэг юм. Хорт бодисыг боловсруулж, шээс болон өтгөнөөр гадагшлуулах үүрэгтэй. Эрүүл элэг биеийг байнга хоргүйжүүлдэг тул нэмэлт “цэвэрлэгээ” хийх шаардлагагүй. Мөн элэг өөрийгөө хоргүйжүүлэх, нөхөн төлжүүлэх чадвартай. Өөрөөр хэлбэл, элэг бага хэмжээний гэмтэл авахад өөрийгөө нөхөн төлжүүлдэг боловч элэгний хүнд өвчлөл, гэмтэл, сорви, үрэвсэл зэрэг нь эдгэрэх явцыг удаашруулах, цаашлаад нөхөн төлжих боломжгүй болгодог.
Шалгасан мэдээллийн тайлбар турмерик, зөгийн бал, нимбэг зэрэг нь үрэвслийн эсрэг, антиоксидант шинж чанартай гэдгийг үнэн бичсэн ч эдгээр орц нь элэг, биеийг хоргүйжүүлэх шидэт найрлага биш юм.
Үргэлжлүүлэн дээрх орц найрлагыг түлхүүр үгээр PudMed, Google Scholar, ResearchGate, ScienceDirect, Wiley Online library зэрэг нээлттэй судалгааны сангаас хайхад нийлүүлэн хэрэглэх нь бие мах бодийг цэвэрлэж, хоргүйжүүлдэг болохыг баталсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт байхгүй байна.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Medical Dialogues болон энэтхэгийн THIP Media баримт шалгах төвөөс интернэт орчинд өргөн тархсан элэг хоргүйжүүлэх жор гэх мэдээллийг шалгаж худал болохыг мэдээлсэн. Тодруулбал, THIP Media тавийн баримт шалгалтад лимонтой ус нь цахим орчинд түгээмэл тархсан хоргүйжүүлэх трендийн нэг боловч үүнийг шинжлэх ухаанаар үндэслэл муу байдаг хэмээн онцолж, хүний бие мах бод элэг, бөөр, уушги болох хоол боловсруулах замаас бүрдсэн өөрийн гэсэн хоргүйжүүлэх системтэй гэдгийг тайлбарласан. Мөн эрүүл элэг нь бодисын солилцооны хаягдал, даавар, эм бэлдмэл болон хорт бодисыг цаг ямагт, жам ёсоороо цэвэрлэдэг байна.
Тус баримт шалгалтад Aakash Healthcare эмнэлгийн гастроэнтерологи, гепатологи болон эмчилгээний дурангийн тасгийн дарга, ахлах зөвлөх эмч, доктор Шарад Малхотрат “гэрийн нөхцөлд бэлтгэсэн ямар ч жор элгийг шидтийн мэт цэвэрлэж, хоргүйжүүлж чадахгүй. Элэг нь элдэв шүүс, ургамлын гаралтай цай эсвэл тренд болоод буй хольцуудад найдалгүйгээр, хорт бодисыг цаг ямагт бие даан шүүж, боловсруулах жам ёсны бүтэцтэй эрхтэн юм. Саримс, зөгийн бал зэрэг орцууд нь амт чанарыг сайжруулж, тодорхой хэмжээний тэжээллэг ач тус үзүүлж болох ч тэдгээрийг элэгний өвчнийг анагаах шидтэй ус гэж үзэж болохгүй” хэмээн тодруулга өгчээ.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, элэг нь бие махбодыг хоргүйжүүлэх үүрэгтэй эрхтэн тул байнгын “цэвэрлэгээ” хийж байдаг. Турмерик, зөгийн бал, нимбэг зэрэг орцоор нэг өдрийн дотор элгийг цэвэрлэх боломжгүй. Мөн эдгээр орцыг нийлүүлэн хэрэглэж, бие хоргүйжүүлдэг болохыг баталсан шинжлэх ухааны нотолгоо байхгүй.




