2026 оны 03 дугаар сарын 21-нд Naran Trusted Store нэртэй хуудаснаас “японы даралт тогтворжуулагч хүзүүний зүүлт” хэмээх бүтээгдэхүүнийг сурталчилсан богино хэмжээний бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 1,400 гаруй реакц, 1,500 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 796 удаа цааш түгээсэн байна.
Бичлэгт, “18 каратын алтан зүүлт нь цусны эргэлтийг дэмжиж, ядаргаа стрессийг бууруулдаг ухаалаг соронзон хүзүүний зүүлт. Сөрөг ионы технологиор дамжуулан даралтыг тогтворжуулан булчин суллаж, биеийн эрч хүчийг нэмэгдүүлнэ” гэжээ.
FACTCHECK:
Хаяг шалгах
“Naran Trusted Store” хуудас нь анх 2026 оны 03 дугаар сарын 20-нд нээгдсэн байна.
Page Transparency хэсгээс пэйжийн админы тухай мэдээллийг шалгахад Вьетнамд байршилтай 2 админ удирдаж байна. Мөн түгээсэн мэдээллийг шинжлэхэд ямар ч холбоо барих дугаар, хаяг байршлын мэдээлэлгүй зөвхөн чатаар холбогдож, холбоосоор нэвтрэхийг уриалдаг нь ажиглагдсан. Цаашлаад шалгасан мэдээлэлд хавсаргасан сайт руу орж үзвэл зөвхөн нэг хуудастай үргэлжилсэн, хуурамч вэбсайтын түгээмэл загвараар хийгджээ.

Сүүлийн үед гаднын улсаас удирдлагатай хуудаснаас шинжлэх ухааны баталгаагүй, хуурамч бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилж, борлуулах нь ихэссэн. Иймд “бүх төрлийн өвчнийг шууд эдгээнэ, эмчид хандах шаардлагагүй, богино хугацаанд үр дүнд хүрнэ” гэж сурталчилсан бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө худалдаалж буй хаягийг шалгаж хэвшээрэй.
Зургаар хайх
Шалгасан мэдээлэлд сурталчилж буй даралт тогтворжуулагч хүзүүний зүүлтний бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад онлайн худалдааны сайтуудад худалдаалж буй илэрцүүд гарч ирлээ. Тухайлбал, ebay худалдааны сайтад “18 каратын алтаар бүрсэн, 4 мм өргөн могой хэлбэрийн гинжин хүзүүний зүүлт” гэх тайлбартай шалгасан бичлэгт оруулсан 3 зургийн хамт нийтэлжээ. Тус бүтээгдэхүүнийг $69.99 буюу 250.740.7 төгрөгөөр худалдаалж байна. Гэвч уг зүүлтийг “даралт тогтворжуулах, булчин суллах зүүлт” гэж огт тайлбарлаагүй,
“Necklaces & Pendants, Jewelry & Watches, Fine Jewelry” гэсэн ангилалд байна.

Агуулгыг нягтлах
Сөрөг ион бүтээгдэхүүн тэр дундаа гоёл чимэглэл даралт бууруулах эсэхийг нягтлахын тул Pubmed, Google Scholar, ScienceDirect зэрэг судалгааны сангаас “сөрөг ион бүтээгдэхүүн”, “даралт бууруулах” гэх түлхүүр үгээр хайхад үр дүнг баталсан судалгаа байхгүй байна.
Мөн эрүүл мэндийн Healthline сайтад сөрөг ион нь стрессийг бууруулах, нойрны хэмнэлийг сайжруулах зэрэг нөлөөтэй байж болох ч даралт тогтворжуулахад ямар ч үр дүнгүй хэмээн онцолжээ.
Түүнчлэн АНУ-ын Цөмийн Зохицуулах Хорооны албан ёсны сайтад “сөрөг ион, скаляр энерги, квант энерги ялгаруулдаг хэмээн сурталчилж буй бугуйвч, хүзүүний зүүлт, дэр, матрас зэрэг бүтээгдэхүүн нь цацраг идэвхт бодис агуулдаг бөгөөд хэрэглэгч тодорхой хэмжээний цацрагийн тун авах эрсдэлтэй байдаг. Хэдийгээр энэ хэмжээний цацраг нь ихэвчлэн ноцтой эрүүл мэндийн аюул учруулахгүй бөгөөд ийм бүтээгдэхүүнийг ердийн ахуйн хогтой хамт хаяж болдог ч хэрэглэгчид эдгээр бүтээгдэхүүний хэрэглээг аль болох хязгаарлахыг зөвлөж байна” хэмээн анхааруулсан байна.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, Вьетнамаас удирддаг хуурамч хаягаас энгийн гоёл, чимэглэлийг даралт тогтворжуулах зүүлт хэмээн худал сурталчилж байна.




