Search

“Шөнийн өөх шатаах бэлдмэл” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1959

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Шөнө унтахаасаа өмнө хэрэглэх өөх шатаах, даавар тэнцвэржүүлэх бэлдмэл гэх бүтээгдэхүүн сурталчилжээ.

Баримт шалгалтын үр дүн

Унтаж байхдаа эрчимтэй турж, өөхөө шатаана гэх мэдээлэл нь хэрэглэгчдийг татах зорилготой ТӨӨРӨГДҮҮЛСЭН маркетингийн тайлбар юм. Эмэгтэйчүүдэд зориулсан шөнийн өөх шатаах бэлдмэлд орсон орц найрлагыг нэгтгэж, үр дүнтэй эсэхийг баталгаажуулсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт байхгүй. Шалгасан мэдээлэлд Америкийн бүтээгдэхүүн гэж онцлон тодотгосон боловч АНУ-ын эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд өөх шатаах бэлдмэл үр дүнтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд эрүүл мэндэд эрсдэлтэй байж болзошгүйг анхааруулж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 04 дүгээр сарын 27-нд Munh USA shop нэртэй хуудаснаас Америкийн шөнийн өөх шатаагч гэх бүтээгдэхүүн сурталчилсан пост оруулсныг нийт 2,200 гаруй реакц, 862 сэтгэгдлээр идэвхжүүлж, 875 удаа цааш түгээжээ. Тус постод “Бидний ихэнх нь орой идсэн зүйлээсээ болоод хамгийн их хуримтлуулдаг. Харин энэ үед бие зөв дэмжлэг авбал, шөнө өөрөө өөхөө задалж эхэлдэг. Дотор өөхийг шатаана, тайван унтуулна, гормоны тэнцвэрийг дэмжинэ, гэдэс цэвэрлэнэ, эрчимтэй тураана” гэх агуулгыг дурджээ.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад Amazon, Alibaba, Noon зэрэг онлайн худалдааны сайтад байршуулсан илэрцүүд гарч ирлээ. Тус бүтээгдэхүүний гол орц найрлагад “Витами D, цагаан бөөрөнхий шошийн хандны нунтаг, ногоон кофены үрийн ханд, Л-Теанин, Л-Триптофан, бамбай өвсний үндэсний ханд, нимбэгийн бальзам навчны ханд, наранцэцэг хэлбэрт цэцгийн ханд, мелатонин” гэж тэмдэглэжээ.

Үргэлжлүүлэн PubMed, ResearchGate, Google Scholar, ScienceDirect зэрэг олон улсын нээлттэй судалгааны сангаас дээрх орц найрлагын түлхүүр үгээр хайхад, эдгээрийг нийлүүлэн хэрэглэж тураах, дааврыг тэнцвэржүүлэх үр дүнтэйг баталсан, сөрөг нөлөөг үнэлсэн өргөн хүрээний судалгаа, клиник туршилт байхгүй байна.

Мөн Филиппиний Хүнс, эмийн хяналтын агентлагаас шалгасан бүтээгдэхүүнтэй ижил “шөнийн өөх шатаах бэлдмэл” гэх нэртэй бүртгэлгүй хэд хэдэн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулжээ.

Шалгасан мэдээлэлд Америкийн тураах бэлдмэл гэж онцлон сурталчилсан. Иймд АНУ-ын  баталгаатай эх сурвалж, албан ёсны хаягуудаас мэдээлэл хайлаа.

АНУ-ын Холбооны худалдааны комиссоос гаргасан “Жин хасах сурталчилгааны цааш үнэн” гарын авлагад “Сүүлийн жилүүдэд Хүнс, эмийн хяналтын газар бүтээгдэхүүний шошго дээр тусгаагүй, хүний биед хор хөнөөл  учруулж болзошгүй эм бэлдмэл, химийн бодис агуулсан хэдэн зуун хүнсний нэмэлт бүтээгдэхүүн илрүүлсэн” хэмээн мэдээлж, сэрэмжлүүлсэн байна.

АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн Хүнсний нэмэлт тэжээлийн албаны сайтад нийтэлсэн “Жин хасах зориулалттай хүнсний нэмэлт тэжээлүүд: Эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан мэдээллийн хуудас”-т жин хасахад зориулсан хүнсний нэмэлт тэжээл, түүнд ордог түгээмэл орц найрлагын үр дүнг харуулсан судалгаа, аюулгүй байдлын үнэлгээ зэргийг нэгтгэн оруулжээ. Тус мэдээллийн хуудаст тусгасан голлох мэдээллийг товчлон хүргэж байна.

  • Хүнс, эмийн хяналтын агентлагаас хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эмийн ангилалд оруулдаггүй бөгөөд урьдчилан хянаж, зөвшөөрөл олгодоггүй байна. Иймд үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй, үнэн бодит мэдээлэл өгөх хэрэгтэй хэмээн мэдээлсэн.
  • Мөн жин хасах нэмэлт бүтээгдэхүүний найрлаг нь тодорхой эм бэлдмэлүүдтэй харилцан үйлчлэлд орж, нөлөөллийг нь өөрчлөх, эсвэл саад болох эрсдэлтэй.
  • Хүнсний нэмэлт тэжээлийг жин хасах зорилгоор ашиглахад үр дүнтэй эсэх нь эцсийн байдлаар батлагдаагүй, тодорхой бус байна. Жин хасах, жингээ тогтвортой барих хамгийн зөв арга бол эрүүл мэндийн мэргэжилтэн, эмчийн зөвлөгөөний дагуу зөв тэнцвэртэй хооллож, илчлэгийн хэмжээг бууруулах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх зэрэг ухаалаг, эрүүл хандлагыг хэрэгжүүлэх юм” хэмээн онцолжээ.

Дээрх мэдээллийн хуудаст жин хасах нэмэлт бүтээгдэхүүнд түгээмэл ордог 21 орц найрлагын судалгаа, үр дүнг нэгтгэн харуулсан. Үүнээс 3 нь буюу витамин Д, ногоон кофены шош, цагаан бөөрөнхий шош найрлага жагсаалтад орсон байна.

  • Витамин Д – Хэд хэдэн клиник туршилт хийгдсэн. Судалгааны үр дүн: Биеийн жинд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй
  • Цагаан бөөрөнхий шош- биеийн жин болон өөхний хэмжээнд ялимгүй нөлөө үзүүлэх боломжтой гэж судалгаагаар дүгнэсэн боловч уг судалгааг шөнийн цагт бус өдөр болон оройн хоолны өмнө хэрэглэж туршсан байна.Мөн толгой өвдөх, өтгөн хатах эсвэл шингэрэх, гэдэс дүүрэх сөрөг нөлөө илэрсэн хэмээн мэдээлжээ.
  • Ногоон кофены үрийн ханд- маш цөөн тооны клиник судалгаа хийгдсэн бөгөөд тэдгээр нь арга зүйн чанарын хувьд хангалтгүй, зарим судалгаа нь буцагджээ. Гэвч судалгааны үр дүнд биеийн жинд ялимгүй нөлөө үзүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна.

Эрүүл мэндийн мэдээлэл, үйлчилгээний WebMD сайтад “Өөхний эсүүд ид шидийн мэт алга болох боломжгүй бөгөөд хоол боловсруулалтыг дэмжиж, илчлэгийн хэмжээ, идэх дуршлаа багасган хасах боломжтой… Өөх шатаана гэх бэлдмэлүүд Хүнс,эмийн хяналтын агентлагт хянуулж, зөвшөөрөл авдаггүй учир юу агуулагдаж байгааг тэр бүрчлэн мэдэх боломжгүй. Үр дүнтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд зарим тохиолдолд эрүүл мэндэд эрсдэлтэй байж болзошгүй” хэмээн тайлбарлаж, өөх шатаах нэмэлт бүтээгдэхүүний үр дүн тодорхойгүй болохыг онцолжээ. Мөн хоол зүйч Мелисса Маттео ”Жинг багасгах ид шидтэй бэлдмэл гэж байхгүй. Хяналтад орж, зөвшөөрөл авах шаардлагагүй учир үр дүн нь мэдэгдэхгүй” хэмээн ашгийн бус эрдэм шинжилгээний анагаах ухааны төв Кливланд Клиникийн сайтад тайлбарласан.

Канадын байгалийн анагаах ухааны доктор, эмч Брайин Юнг Youtube сувагтаа шалгасан бүтээгдэхүүний тухай мэдээлж, уг бүтээгдэхүүнд орсон орц найрлага нь бүрэн судлагдаагүй бөгөөд тураах үр дүнтэйг баталсан нотолгоо дутмаг хэмээн тайлбарласан.

Дүгнэлт

Эмэгтэйчүүдэд зориулсан шөнийн өөх шатаах бэлдмэлд орсон орц найрлагыг нэгтгэж, үр дүнтэй эсэхийг баталгаажуулсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт байхгүй. Шалгасан мэдээлэлд Америкийн бүтээгдэхүүн гэж онцлон тодотгосон боловч АНУ-ын эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд өөх шатаах бэлдмэл үр дүнтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд эрүүл мэндэд эрсдэлтэй байж болзошгүйг анхааруулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалжууд

Google Lens хайлтын системийн хайлтын илэрц

Онлайн худалдааны сайтад байршсан бүтээгдэхүүний мэдээлэл

Нээлттэй судалгааны сангийн хайлтын илэрц

АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн Хүнсний нэмэлт тэжээлийн албаны сайт -“Жин хасах зориулалттай хүнсний нэмэлт тэжээлүүд: Эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан мэдээллийн хуудас

Эрүүл мэндийн мэдээлэл, үйлчилгээний WebMD сайт

Ашгийн бус эрдэм шинжилгээний анагаах ухааны төв Кливланд Клиникийн сайт

Канадын байгалийн анагаах ухааны доктор, эмч Брайин Юнг Youtube суваг – Шөнийн өөх шатаах бэлдмэлийг тайлбарласан бичлэг 

 

Филиппиний Хүнс, эмийн хяналтын агентлагийн сайт

АНУ-ын Холбооны худалдааны комиссоос гаргасан “Жин хасах сурталчилгааны цааш үнэн” гарын авлага

АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн Хүнсний нэмэлт тэжээлийн албаны сайт -“Жин хасах зориулалттай хүнсний нэмэлт тэжээлүүд: Эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан мэдээллийн хуудас

Эрүүл мэндийн мэдээлэл, үйлчилгээний WebMD сайт

Ашгийн бус эрдэм шинжилгээний анагаах ухааны төв Кливланд Клиникийн сайт

Канадын байгалийн анагаах ухааны доктор, эмч Брайин Юнг Youtube суваг – Шөнийн өөх шатаах бэлдмэлийг тайлбарласан бичлэг 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Шөнө унтахаасаа өмнө хэрэглэх өөх шатаах, даавар тэнцвэржүүлэх бэлдмэл гэх бүтээгдэхүүн сурталчилжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document