2026 оны 06 дугаар сарын 13-нд Anti alcohol Mongolia хуудаснаас Фульво гумины “Анти-Алкоголь” нь архи, тамхины донтолтоос ангижруулах Aspan Bio-Anti Alcohol гэх бүтээгдэхүүнийг “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэгээр сурталчлуулжээ. Тэрээр ярихдаа, “… Монголчууд шиг өдөр бүр уураглаг, холестеринлэг хоол хүнстэй, хоолоо шингээх гэж “зуу татдаг” философтой ард түмэнд зайлшгүй хэрэгтэй …70 гаруй төрлийн эрдэс менералтай, …биологийн гаралтай тул хүний биед гаж нөлөөгүй, … архи уудаг, уудаггүй, эрэгтэй эмэгтэй, хүүхэд хөгшин, жирэмсэн хөхүүл хамаагүй, ямар ч нас хүйс, жин тунгийн хязгаарлалтгүй гэр бүлийн гишүүн бүр уухад аюулгүй. Миний хувьд архи хэтрүүлэн уудаггүй, харин шөнө 3-4 цаг хүртэл утсаа үздэг нойрны асуудалтай. Энэ зовуурь байхгүй болсон…” гэх мэтээр ярьсан байна. Мөн ” элэг хамгаална, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ, Ковидын дараа ихэссэн мартамхай байдлыг арилгаж, алцгеймер өвчнөөс сэргийлж, хөгшрөлтийг удаашруулна” гэжээ.
Уг бичлэгийг 115 реакц, 28 сэтгэгдлээр идэвхжүүлж, 65 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK:
Бүтээгдэхүүний найрлага ил тод бус, үйлдвэрлэгч компанийн танилцуулгад байхгүй
Бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийг Aspan Bio гэсэн байна. Энэ нэрээр хайхад Казахстаны Aspan Bio компанийн танилцуулга гарч ирсэн бөгөөд архины донтолтын эсрэг хорлого тайлах Анти Алкохол Детокс гэж бүтээгдэхүүн байна. Гэхдээ уг бүтээгдэхүүн нь савлагаа өөр, мөн танилцуулагадаа М.Батбилэгийн ярьсан шиг гэр бүлийн гишүүн бүр ууж болох талаар дурдаагүй байна.

Aspan Bio гэх компанийн Anti-Alcohol Detox бүтээгдэхүүний танилцуулгад:
- “Үндсэн үйлдэл: ДЕТОКС – архины хор, мансууруулах бодисыг биеэс хамгийн их хэмжээгээр гадагшлуулах, архины таталтын хам шинжийг намдаах.
- Үндсэн найрлага: улаан үхрийн нүд, хонго, калины жимс, Сиверсийн алим, Апорт зэрэг ургамлын усан хандтай фульвик болон гумины хүчлүүдийн исгэсэн биоцогцолбор.
- Хадгалах хугацаа : 3 жил, нээснээс хойш 2 сараас илүүгүй хугацаанд хадгална.
- Хэрэглэх заавар: Согтууруулах ундааны хордлогын үед 20 мл-ийг бага хэмжээний шингэн (ус, цай)-д шингэлж ууна. Хүнд хэлбэрийн хордлогын үед биеийн байдал хэвийн болтол 2 цаг тутамд 20 мл-ийг ууна. Ходоод гэдэсний замын асуудал, цөсний чулуу, бөөрний чулууны үед 3-4 цаг тутамд бага тунгаар (хагас цайны халбага) их хэмжээний усаар даруулж ууна. Мансууруулах бодисын донтолтын үед өдөрт 3 удаа 20 мл-ийг удаан хугацаагаар (хэдэн долоо хоногоос хэдэн сар хүртэл) ууна. Донтолт үүсгэдэггүй. Хэрэглэх явцад бүлэгнэл эсвэл хальс үүсч болох бөгөөд энэ нь идэвхтэй пробиотик байгааг илтгэнэ.
- Эсрэг заалт: Найрлагад орсон бодисуудад харшилтай бол анхаар
- Хадгалах нөхцөл: Сэрүүн, хуурай газар хадгална уу. Нарны шууд тусгалаас зайлсхий.
- Тайлбар : Исгэсэн фульвик болон гумины хүчилд суурилсан энэхүү органик хоргүйжүүлэлт нь биеэс архины хордлогыг зайлуулах чадвартай. Фульвик хүчлийн молекул нь жижиг хэмжээтэй тул тархины эсүүд зэрэг биеийн эсүүдэд хамгийн их нэвтрэх боломжийг олгодог бөгөөд энэ нь хоргүйжүүлэх, нөхөн төлжүүлэх үйл явцыг эхлүүлэх, мөн танин мэдэхүйн үйл ажиллагааг аль болох богино хугацаанд сэргээхэд тусалдаг. Ашигтай шинж чанарууд: Исгэсэн фульвик-гумины биоцогцолбор нь архины эсрэг хоргүйжүүлэгч бөгөөд үрэвслийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг, шимэгч хорхойн эсрэг шинж чанартай. Энэ нь бодисын солилцоог зохицуулж, хурдасгадаг тул архины эсрэг үйлчилгээнээс гадна хэд хэдэн ашигтай шинж чанартай байдаг. Энэ нь бичил болон макроэлементүүд, витамин, фермент, амин хүчил ба пептид, органик хүчил болон ургамлаас гаргаж авсан бусад ашигтай бодисоор баяжуулсан. Хэрэв архи хэрэглэхээс өмнө хэрэглэвэл архины хордлогын нөлөө мэдэгдэхүйц буурдаг. Бага тунгаар удаан хугацаагаар хэрэглэснээр хараат байдал буурдаг” гэсэн байна.
Гэвч эдгээр нь зөвхөн компанийн маркетингийн сурталчилгаанд ашигласан мэдээлэл бөгөөд судалгаа, эх сурвалжуудыг зааж өгөөгүй байна. Тиймээс үндсэн найрлага болох фульвик, гумины хүчлийн талаар олон улсад хийсэн судалгаануудыг шүүж үзлээ. Хэдийгээр лабораторийн туршилтаар эерэг шинжүүд ажиглагдсан ч хүн дээр туршаагүй тул удаан хугацаанд дахин судлах шаардлагатайг бүгд онцолжээ.
Фульвик гэж юу вэ?
Шалгасан бүтээгдэхүүний гол найрлагад фульвик, гумины хүчил (Fulvic acid, humic acid) ордог гэжээ. Энэ нь ургамал, амьтны үлдэгдэл задралын үр дүнд бий болсон органик материал буюу гумин бодис юм. Фульвик хүчил хөрсний бичил биетүүд ургамлын биомассыг удаан хугацааны турш задалснаар үүсдэг химийн нэгдэл. Уг үйл явц хэдэн зуун жил үргэлжлэх боломжтой. Шавар, чулуу, элс, уулын чулуулгаас фульвик хүчил гаргах боломжтой ба газар зүйн байршил, байгалийн хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр шинж чанартай байдаг. Гумин хүчил нь хөрсний шинж чанар, ургамлын өсөлт, агрономийн үзүүлэлтийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг органик молекулууд ба ихэвчлэн нүүрс, хүрэн нүүрс, хөрснөөс гаргаж авдаг байна.
Фульвик бүх төрлийн донтолтоос гаргадаг үр дүнтэйг баталсан клиник судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй
Фульвик хүчлийг архинаас гаргах эмчилгээнд ашигладаг тухай албан ёсны мэдээлэл байхгүй байна. Фульвикийн хүчлийг архи уусны дараа эрүүлжүүлэх бэлдмэл болгон ашиглахад зориулсан амьтан дээр хийсэн туршилтууд бий ч хүн дээр хийсэн клиник, өргөн хүрээний судалгаа байхгүй байна. Тухайлбал, 2010 онд нийтлэгдсэн “Fulvic Acid (FA)-ийн олборлолт ба эрүүлжих нөлөөний судалгаа“-нд 1, 3, 5 хувийн фульвикийн хүчилтэй бэлдмэлийг(бусад найрлага нь сахар, ус) алкохол уусан харханд туршиж үзжээ. Туршилтыг “Фульвийн хүчил нь тайвшруулах үйлчилгээтэй болох нь батлагдсан ба фульвийн хүчлийг шинэ сэргээгч (эрүүлжүүлэх) эм болгон боловсруулах туршилтын үндэс болсон” хэмээн дүгнэжээ. Тус туршилтад суурилан 2009 онд Хятадын Куньмингийн шинжлэх ухаан технологийн их сургуулиас согтууруулах ундааны эсрэг үйлчилгээтэй фульвик хүчил бүхий эрүүл мэндийн бүтээгдэхүүний патентын эрх хүссэн мэдээлэл Google Patent-д бүртгэгдсэн ч зөвшөөрөл олгоогүй ба 2012 онд судалгаа нийтлэгдсэний дараа патентын өргөдлийг хүчингүй болгосон байна.
Мөн фульвикийн хүчлээр баялаг эмийн ургамлыг (Витиниа Сомнифера, Шилажит ургамал) ашиглан харханд хийсэн судалгааны үр дүнд эдгээр ургамлыг дангаар эсвэл хослуулан хэрэглэх нь архины хамаарлыг бууруулж, донтолтоос урьдчилан сэргийлэх ирээдүйтэй хэмээн дүгнэсэн. Энэ нь батлагдсан арга бус архины хамаарлыг бууруулахад ашиглах боломж бий бөгөөд цаашдын судалгаа шинжилгээ шаардлагатайг илтгэж байна.
Үргэлжлүүлэн фульвикийн хүчлийг донтолтоос гаргахад ашигладаг гэх агуулгын хүрээнд PubMed, Google Scholar, ResearchGate, Science Direct, Wiley Online Library судалгааны сангаас “фульвик хүчил, архины донтолт(хамаарал)” , “фульвик хүчил, донтолт” гэх түлхүүр үгээр хайхад үр дүнг баталсан өргөн хүрээний, клиник судалгаа байхгүй байна.
- Архины буруу хэрэглээ, донтолтоос гарах эмчилгээ нь хүн бүрийн биеийн байдал, архины хэрэглээ зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байдаг. Мөн зан үйлийн эмчилгээ, эмийн эмчилгээ, архинаас болж үүссэн өвчний эмчилгээ зэргийг нэгтгэсэн цогц эмчилгээ хийдэг.
Фульвик хүчил нь тархины эсийг нөхөн төлжүүлдэг гэж баталсан судалгаа байхгүй
2011 онд нийтлэгдсэн “Фульвик хүчил нь альцгеймерийн өвчинтэй холбоотой Тау фибрилүүдийн бөөгнөрлийг дарангуйлж, задлахад тусалдаг” лабораторийн судалгаагаар фульвик хүчлийг ашиглан альцгеймер өвчнийг эмчлэх арга боловсруулах боломжтойг онцолж, амьд организм дээр хийсэн in vivo судалгаа хийх шаардлагатайг дурджээ. Мөн 2012 онд нийтлэгдсэн тойм судалгаанд (шүүмж) фульвик хүчил болон B витамины нэгдэл агуулсан шилажитийн найрлага нь альцгеймер өвчний эсрэг хэрэглэх боломжтой шинэ тэжээллэг бодис болж байгааг судалгаагаар харуулсан.
2025 онд нийтлэгдсэн “Альцгеймер өвчинд үзүүлэх фульвик хүчлийн нөлөө-системчилсэн тойм” судалгаанд фульвик хүчил нь үрэвслийн эсрэг, танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдлыг удаашруулж, мэдрэлийн эсийн доройтлоос хамгаалах чадвартай тул альцгеймер өвчнийг эмчлэхэд хэрэглэх боломжтойг харуулжээ. Мөн дүгнэлтдээ альцгеймер өвчин болон бусад мэдрэлийн эмгэгийг эмчлэхэд фульвийн хүчлийн үр нөлөө, аюулгүй байдлыг илүү нарийвчилсан үнэлэхэд чиглэсэн цаашдын судалгаа хийхийг зөвлөсөн байна.
- Дээрх судалгаануудад фульвикийн хүчил нь альцгеймер өвчний эмчилгээний бүтээгдэхүүн гаргах боломжтой, ирээдүйтэй гэж онцолсон бөгөөд цаашид нарийвчилсан судалгаа хийх шаардлагатайг дурдсан. Өөрөөр хэлбэл, фульвикийн хүчил альцгеймер өвчний эмчилгээнд хэрэглэж болох эсэх нь судалгааны шатанд явж байгаа ба батлагдсан эмчилгээний арга биш юм. Мөн Фульвикийн хүчил тархины эд эсийг нөхөн төлжүүлдэг агуулгыг батлах өргөн хүрээний судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй юм.
Альцгеймер өвчнийг бүрэн эмчлэх арга байхгүй ч өвчний явцыг өөрчлөх эмчилгээ, шинж тэмдгийг арилгахад туслах эмийн болон эмийн бус эмчилгээ байдаг тухай Альцгеймерийн Нийгэмлэг, Их Британийн Үндэсний Эрүүл мэндийн албаны сайтад мэдээлсэн.
Гэр бүлийн гишүүн бүр хэрэглэхэд аюулгүй гэх мэдээлэл батлагдаагүй
Шалгасан бичлэгт хамгийн ноцтой нь “архи уудаг, уудаггүй, эрэгтэй эмэгтэй, хүүхэд хөгшин, жирэмсэн хөхүүл хамаагүй, ямар ч нас хүйс, жин тунгийн хязгаарлалтгүй гэр бүлийн гишүүн бүр уухад аюулгүй” гэсэн. Үүнийг нотлох судалгаа байхгүй. Ялангуяа хүүхэд, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд аюулгүй гэх ямар ч агуулга судалгааны санд байхгүй байна. Уг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг жирэмсэн, хөхүүл, хүүхэд, архаг өвчтэй хүмүүс болон эм хэрэглэдэг хүмүүс эмчийн хяналт, зөвшөөрөлгүйгээр хэрэглэхийг зөвлөх хангалттай нотолгоо одоогоор байхгүй.
Дүгнэхэд, архинд донтолтын эсрэг гэх бүтээгдэхүүний найрлага дахь фульвик, гумины хүчлийг хүнд хэрхэн нөлөөлөхийг нарийвчлан судлах шаардлагатай бөгөөд гэр бүлийн гишүүн бүр уухад аюулгүй гэх нотолгоо байхгүй.




