2026 оны 3 дугаар сарын 29-нд Healthy Care Pharmacy Mongolia нэртэй хуудаснаас “Доктор Соромер нүдний цацлага нь нүдний болор цайх өвчнийг гэрийн нөхцөлд эмчилдэг. Өндөр тунтай лютеин нь чөлөөт радикалуудыг саармагжуулж, нүдний бүтцийг хамгаалдаг. Гэмтсэн харааны мэдрэлийн ширхгийг шууд сэргээдэг…” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг бичлэг 131 реакц, 101 сэтгэгдэл авч, 174 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах аргыг ашиглалаа.
Хаяг шалгах

“Healthy Care Pharmacy Mongolia” гэх хуудасны ил тод байдлын хэсгийг шалгахад 2021 оны наймдугаар сарын 31-нд “Khương Hợp” нэртэйгээр нээгдсэн нь илэрлээ. Мөн тус хуудсыг Вьетнамаас 11 админ удирдаж байна.
Түүнчлэн хуудасныхаа ангиллыг “эмийн компани” гэж оруулжээ. Гэвч байгууллагын хаяг байршил, холбогдох дугаар, мэйл хуудас, танилцуулга зэрэг ерөнхий мэдээлэл огт оруулаагүй байна. Зөвхөн чатаар холбогдож, холбоосоор дамжихыг уриалжээ. Эдгээр нь гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудсанд ажиглагддаг шинж чанар юм.

Зургаар хайх
Шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүнийг Baidu хайлтын системээс зургаар хайхад, “Нүдний ядаргааг тайлж, чийгшүүлэх лютеин нүдний цацлага” гэсэн тайлбартай бүтээгдэхүүн илэрлээ. Google Lens хэрэглүүрээр хайхад ч зөвхөн онлайн худалдааны сайтууд дээр л илэрцтэй байна. Үүнээр өөрөөр бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компани, гарал үүсэл зэрэг албан ёсны мэдээлэл алга. Мөн эл бүтээгдэхүүнийг баталсан албан ёсны гэрчилгээ, аливаа өвчнийг эмчилдэг эсэхийг нотолсон судалгаа байхгүй байна. Энэ нь бүтээгдэхүүний баталгаагүй байдлын илрэл юм.
Цаашлаад хавсаргасан холбоосыг домэйн шалгах Urlvoid.com хэрэглүүрээр нягталж үзэхэд, уг домэйн Вьетнамд байршилтай болох нь тогтоогдлоо. Өөрөөр хэлбэл, шалгасан мэдээлэлд буй хуудас нь албан ёсны байгууллагын домэйн бус, гаднын домэйн ашиглаж байна. Энэ нь хуудасны баталгаагүй, найдваргүй байдлыг илтгэх сэжүүр мөн. Учир нь зарим тохиолдолд иймэрхүү гаднын удирдлагатай хуудсаар дамжуулан хуурамч мэдээлэл түгээж, залилан хийдэг. Иймээс хүлээн авч буй мэдээллээ баримтаар шалгадаг хэрсүү нэгэн байгаарай.

Агуулгыг нягтах
Шалгасан мэдээлэлд “Доктор Соромер нүдний цацлага нь нүдний болор цайх өвчнийг гэрийн нөхцөлд эмчилдэг” гэх агуулгыг дурдсан байна. Гэвч мэргэжлийн байгууллагаас уг өвчнийг гэрийн нөхцөлд эмчлэх боломжгүйг сануулжээ. Тодруулбал, АНУ-ын үндэсний нүдний хүрээлэн, Жон Хопкинс анагаах ухааны их сургуулийн төв, Кливланд клиник, Их Британийн үндэсний эрүүл мэндийн алба зэрэг байгууллагын албан ёсны сайтад нүдний болор цайх эмгэгийг эмлэх хамгийн үр дүнтэй арга нь мэс засал хэмээн дурджээ.
Мөн АНУ-ын Хүнс, Эмийн агентлагаас нүдний болор цайх өвчин, торлог бүрхэвчийн эмгэг, нүдний даралт ихсэх зэрэг өвчнийг эмчлэх зориулалттай гэж сурталчилж буй бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөж, эдгээр өвчнийг эмчлэх жоргүй олгодог ямар ч бүтээгдэхүүн байхгүй хэмээн анхааруулсан.
Нүдний болор цайх эмгэг гэдэг нь гэрлийн цацрагийг төвлөрүүлэхэд тусалдаг тунгалаг линз буюу болор нь тунгалаг чанараа алдаж бүүдэгшин, хараа фокусгүй, сарнисан байдлаар харах үзэгдэл юм. Болор цайх эмгэг нь эхэн шатандаа мэдэгдэхгүй байх магадлалтай ч удаан хугацаанд болор цайх эмгэг нь хараагаа алдахад ч нөлөөлдөг. Насжилттай холбоотой болор цайх эмгэгийн тохиолдолд илүү элбэг байдаг аж. Нас ахих тусам болрын уургууд задарч, бөөгнөрөх үед үүлэрхэг толбо үүсдэг бөгөөд энэ нь хараанд нөлөөлдөг байна.
Дүгнэвэл, Вьетнамаас удирдлагатай хуурамч хуудаснаас “Доктор Соромер” нэртэй баталгаагүй бүтээгдэхүүнийг нүдний болор цайх өвчнийг гэрийн нөхцөлд эмчилнэ гэсэн хэтрүүлсэн тайлбартай түгээж, хэрэглэгчдийг мэхэлж байна.




