2026 оны 05 дугаар сарын 29-нд Dr.Harry нэртэй хуудаснаас нүдний мах ургах өвчнийг эмчилнэ гэх цацлага сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлснийг нийт 955 реакц, 526 сэтгэгдлээр идэвхжүүлж, 889 удаа цааш түгээжээ. Тус бичлэгт “25 жил нүдний мах ургах өвчтэй байсан ч ердөө 3 хоног хэрэглэсний дараа түүний нүд дахин тод гэрэлтсэн болсон…Энэ бол Dr.Harry нүд арчилгааны шүршигч бөгөөд нүдний мах ургах асуудалд зориулсан тусгайлан боловсруулсан бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүн нь нүдний дусаалгаас 10 дахин хүчтэй. Ердөө гурав хоногийн дотор нүдний хэвийн бус эдийн үндсэн шалтгаанд нөлөөлж чадна. 2026 оны шинэ технологи бөгөөд эм уух, мэс засал хийх шаардлагагүй. Лутэйн ханд нь нүдний алим руу гүн нэвтэрч, гэмтсэн торлог бүрхэвчийг засахад тусална. 10 гаруй жилийн турш болор цайлттай байсан нүд хүртэл илүү тод хол харах боломжтой…Нээлтийн хямдралтай тул 50 хямдарч байна” гэж дурджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Нүдний мах ургах эмгэг буюу pterygium нь нүдний цагаан хэсгийг бүрхдэг тунгалаг хальс буюу салст бүрхэвч(conjuctiva)-ээс эхлэн ургаж, эвэрлэг бүрхэвч рүү чиглэн аажмаар томордог хоргүй эдийн ургалт юм. Нүдний хамгаалалтгүй гадаа олон цаг өнгөрөөдөг хүмүүст үүсэх эрсдэлтэй бөгөөд дараах хүчин зүйлст маш их өртдөг хүмүүст түгээмэл тохиолддог байна. Үүнд:
- Нарны хэт ягаан туяа
- Тоос шороо
- Салхи
- Хуурай уур амьсгал
- Хүрээлэн буй орчны бусад цочроогч бодисууд орно.
Нүдний мах нь хоргүй бөгөөд бусад эд эс рүү тархдаггүй. Гэвч нүдний гадаргуу дээр томорч ургах аюултай. Хэрэв ургацаг нүдний эвэрлэг бүрхэвч рүү хүрвэл харааг гэмтээж болзошгүй юм.
Нүдний мах ургах эмгэгийн үед илрэх зовуурь бага, хараанд нөлөөлөхгүй тохиолдолд улайлтыг багасгах, хуурайшилтыг намдаах, цочролыг бууруулах, үрэвслийг хянах, өдөр тутмын тав тухтай байдлыг сайжруулах зорилгоор хиймэл нулимс, үрэвслийн эсрэг эсвэл стероид нүдний дусаалгыг хэрэглэдэг байна. Гэвч нүдний дусаалгаар нүдний мах ургах эмгэгийг бүрэн эдгээх боломжгүй бөгөөд зовуурь, нөхцөл байдлаас шалтгаалан мэс заслын эмчилгээ хийдэг тухай ASG нүдний эмнэлэгийн мэдээллийн сайтад тайлбарлажээ.
Филиппинд үйл ажиллагаа явуулдаг Asian Eye Institute-ээс нүдний мах ургах, болор цайх, харааны гажиг, нүдний даралт ихсэх, чихрийн шижингийн шалтгаант торлог бүрхэвчийн эмгэг зэрэг өвчнийг бүрэн эдгээж, эмчлэх нүдний дусаалга, нэмэлт бүтээгдэхүүн байхгүй хэмээн анхааруулж, эмчид хандаж, жороор баталгаатай бүтээгдэхүүн, эм хэрэглэхийг зөвлөсө.
Мөн АНУ-ын Хүнс, Эмийн агентлагаас нүдний болор цайх өвчин, торлог бүрхэвчийн эмгэг, нүдний даралт ихсэх зэрэг өвчнийг эмчлэх зориулалттай гэж сурталчилж буй бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөж, эдгээр өвчнийг эмчлэх жоргүй олгодог ямар ч бүтээгдэхүүн байхгүй хэмээн анхааруулсан.
Шалгасан мэдээлэлд мөн болор цайх өвчнийг эмчилнэ гэж дурдсан. Бид өмнөх ““Нүдний болор цайх өвчнийг эдгээнэ” гэж баталгаагүй бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилж байна” баримт шалгалтаараа олон улсын эрүүл мэндийн байгууллагууд, эмч, мэргэжилтнүүд нүдний болор цайх эмгэгийг мэс заслын аргаар эмчлэх нь үр дүнтэй гэж зөвлөсөн тухай мэдээлж байсан.
Үргэлжлүүлэн бид эл мэдээллийг ахан шатны баримт шалгах арга буюу хаяг шалгах, агуулгыг нягтлах, зургаар хайх алхмын дагуу шалгалаа. Хэрэв та уг мэдээлэлтэй төстэй аливаа өвчнийг бүрэн эдгээнэ гэж амласан эрүүл мэндийн бүтээгдэхүүний сурталчилгаатай таарвал дараах аргаар шалгаарай.
Хаяг шалгах

Dr.Harry гэх хаяг нь нийт 206 дагагчтай, анх 2026 оны 04 дүгээр сарын 26-нд Dr.Leo нэрээр нээгдэж, 05 дугаар сарын 29-нд нэрээ сольсон байна. Эдгээр мэдээллийг хуудасны ил тод байдлын хэсгээс (page transparency) харах боломжтой. Nхэвчлэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчилсан зураг, бичлэг нийтэлдэг боловч хаяг байршил, байгууллагын нэр, танилцуулга, зураг гэх мэт ерөнхий мэдээлэл огт оруулаагүй байна. Хуудасны мэдээлэлд 721167** гэх дугаарыг холбожээ. Гэвч тус дугаарыг Google-ээс хайхад гэр ахуй, гоо сайхны бараа сурталчилж буй Вьетнамаас удирдлагатай пэйжүүд илэрцээр гарч ирлээ. Мөн сурталчилж буй бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл, орц найрлага, үйлдвэрлэгчийн тухай мэдээлэл огт оруулаагүй бөгөөд эл бүтээгдэхүүнийг баталсан гэрчилгээ эсвэл нүдний аливаа өвчлөлийн эмчилдэг эсэхийг нотолсон мэдээлэл байхгүй байна.
Агуулгыг нягтлах
Сүүлийн үед гаднын улсаас удирддаг пэйжээс хиймэл оюунаар бүтээсэн контент ашиглан аливаа өвчин, эмгэгийг бүрэн эдгээнэ гэж амласан бүтээгдэхүүн сурталчлах үзэгдэл ихэссэн. Бүх өвчнийг эдгээнэ гэж амладаг луйврын шинжтэй хуурамч бүтээгдэхүүний сурталчилгаанд ихэвчлэн дараах агуулгыг оруулдаг. Үүнд:
- Богино хугацаанд үйлчилнэ
- Шидэт бүтээгдэхүүн, гайхамшигт эмчилгээ
- Хуурамчаар үүсгэсэн хэрэглэгчийн сэтгэгдэл
- Онцгой хямдралын тухай дурдаж, яг одоо аваарай хэмээн уриалдаг байна.
Тиймээс эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчилсан зураг, бичлэгт дээрх агуулгуудыг оруулсан байвал баталгаагүй, үр дүнгүй, хуурамч бүтээгдэхүүн байх эрсдэлтэй учир худалдан авалт бүү хийгээрэй.
Зургаар хайх
Шалгасан бичлэгт харуулсан бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад Amazon, Shopee, Fruugo зэрэг худалдааны сайтын илэрцүүд гарч ирлээ. Эдгээр сайтад тус бүтээгдэхүүнийг нүдний хуурайшилтад зориулсан цацлага хэмээн тайлбарласан ч бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, гэрчилгээ, бодит хэрэглэгчийн сэтгэгдэл зэрэг мэдээлэл олдсонгүй.
Дүгнэлт
Нүдний мах ургах, болор цайх эмгэгийг нүдний дусаалга, нэмэлт бүтээгдэхүүнээр эмчлэх боломжгүй. Хуурамч хаягаас чанар, аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Иймд аливаа өвчнийг богино хугацаанд бүрэн эдгээнэ гэж амласан баталгаагүй бүтээгдэхүүнийг дур мэдэн худалдан авч, хэрэглэхээсээ өмнө заавал мэргэшсэн эмчид хандаж зөвлөгөө аваарай.




