2026 оны 06 дугаар сарын 28-нд Delgermaa Beckbat нэртэй хаягаас “Европ даяар аймшигтай халж, энэ нь ноцтой үр дагаварт хүргэжээ. Герман, Итали, Испани, Франц зэрэг орнуудад температур 40 С дээш өсжээ. Хэвийн бус температурын улмаас хуванцар гэрлэн дохио хайлж, замын гадаргуу элэгдэж, замын хөдөлгөөний асуудал үүсгэснээс, ослын тоо нэмэгдэж байна гэнэ” гэх тайлбартайгаар замын гэрлэн дохио хайлсан богино хэмжээний хоёр бичлэг нийтэлжээ. Тус постыг нийт 186 реакц, 19 сэтгэгдлээр идэвхжүүлж, 40 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад сошиал орчинд олон хэлээр өргөн тархжээ. Сошиал медиад тархсан бичлэгийн тайлбарт гэрлэн дохио хайлсан байршлуудыг Италийн Верона, Германы Берлин хот гэж бичжээ. Үргэлжлүүлэн уг агуулгаар хайхад Итали, Германы мэдээллийн сайтууд болон баримт шалгах төвүүд бичлэгийг шалгаж, төөрөгдүүлсэн болохыг мэдээлжээ.
Тодруулбал, Италийн Il Baco da Seta мэдээллийн сайтад гэрлэн дохио хайлсан нь цаг агаарын хэт халалттай холбоогүй бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 23-нд Верона мужийн Луганьяно тосгоны, Виа 26 Апрель гудамжны гол гэрлэн дохионы хажууд машин шатсаны улмаас гэрлэн дохио хайлж, урссан байна.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Германы dpa Deutsche Presse-Agentur баримт шалгах төвийн 2026 оны 06 дугаар сарын 29-нд нийтэлсэн баримт шалгалтын тайланд хайлж урссан гэрлэн дохио нь 2025 онд болсон галын улмаас үүдэлтэй болохыг тайлбарлаж, хэт халалтаас шалтгаалаагүй хэмээн мэдээлсэн. Тодруулбал, шалгасан бичлэгт харагдах гэрлэх дохио нь Берлин хотын Фридрихсхайн-Кройцберг дүүргийн уулзварт байрлалтай бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 18-нд тус гэрлэн дохионы ойролцоох барилгад гал гарсны улмаас гэрлэн дохио хайлжээ. DPA баримт шалгах төв Берлин хотын гэрлэн дохионуудыг хариуцдаг мужийн өмчит InfraSignal компаниас тодруулга авахад “гэрлэн дохио 40 хэмийн халуунд ийм төрлийн гэмтэл авч байсан тохиолдол байхгүй” хэмээн хариулжээ.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, хэт халалтын улмаас Германд гэрлэн дохио хайлсан гэх бичлэг нь 2025 онд ойролцоох барилгад гарсан галын улмаас үүдэлтэй. Мөн Италид автомашин шатсаны улмаас ойролцоох гэрлэн дохио хайлж, урссаныг хэт халалттай холбоотой хэмээн тайлбарлаж, төөрөгдүүлжээ.




