2026 оны 06 дугаар сарын 29-нд Todmedee.mn хуудаснаас “Аймшигтай хүчирхийллийн дүрслэл цэцэрлэгийн камерт бичигджээ. Хүүхэд бол эцэг эхчүүд бидний толь” гэх тайлбартайгаар бага насны хүүхдүүд нэгнийгээ зодож, гэмтээж буйг харуулсан 2 минутын урттай бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 647 реакц, 293 сэтгэгдлээр идэвхжүүлж, 94 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад сошиал орчинд олон хэлээр өргөн тархжээ. Тус үйл явдал нь Энэтхэгийн Махараштра мужийн Чхатрапати Самбхаджинагар хотын өдөр өнжүүлэхэд 2026 оны 06 дугаар сарын 22-нд болсон хэрэг хэмээн The Week, The Online Citizen зэрэг мэдээллийн сайтад мэдээлжээ.
Бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй өрөөнд 30 минут орхиж явах хооронд эл хэрэг гарчээ. Энэтхэгийн мэдээллийн сайтуудад тухайн төвийн гүйцэтгэх захирал, ажилтнуудад хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай бичсэн байна.(NDTV, CNNNews18)
Шалгасан мэдээлэлд нэмэлт мэдээлэл оруулалгүй, зөвхөн “Аймшигтай хүчирхийллийн дүрслэл цэцэрлэгийн камерт бичигджээ. Хүүхэд бол эцэг эхчүүд бидний толь” гэх тайлбартай түгээсэн нь Монголд болсон үйл явдал мэт ойлголт өгч, хэрэглэгчдийн төөрөгдүүлж буй нь сэтгэгдэл болон хуваалцсан тайлбаруудаас харагдаж байна. Ялангуяа, хэвлэл мэдээллийн байгууллагын нэртэй хаягаас гаднын улсад болсон үйл явдлын зураг бичлэгийг тодорхой тайлбаргүй түгээх нь дотоодод болсон мэт ойлголт өгдөг. Мөн хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх мэдээлэл богино хугацаанд өндөр хандалт авдаг тул манипуляцын шинжтэй үйлдэлд энэ төрлийн бичлэг, зураг ашиглах үзэгдэл түгээмэл тул эх сурвалжийг нягталж байгаарай.
Дүгнэлт
2026 оны 06 дугаар сарын 22-нд Энэтхэг улсад болсон үйл явдлын бичлэгийг нэмэлт мэдээлэл, тайлбаргүй түгээсэн нь Монголд болсон үйл явдал мэт ойлголт өгч, төөрөгдүүлжээ. Иймд аливаа мэдээлэлд шууд итгэж түгээхээсээ өмнө заавал нягталж хэвшээрэй.




