Search

Гаднын хуурамч хуудаснаас “Силикон хиймэл шүдний иж бүрдэл” гэх баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1951

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Амандаа яг тааруулж өөрөө баригддаг хиймэл шүд гулсахгүй, цочроохгүй. Smile More силикон хиймэл шүдний иж бүрдэл. Шүдийг халуун усанд хийж, уян хатан болгоод зөөлөн хазаж, амныхаа хэлбэрт тааруулна. Гурван минутын дотор амны хэлбэрт яг тааруулж хийдэг. Шүдний эмч дээр очих хэрэггүй” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудаснаас залилангийн шинж чанартай мэдээлэл түгээж байна. Ингэхдээ “силикон хиймэл шүдний иж бүрдэл” гэх эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй, баталгаагүй бүтээгдэхүүнийг сурталчлах замаар хэрэглэгчийг мэхэлж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)


2026 оны 2 дугаар сарын 10-нд USA Health Care нэртэй хуудаснаас “Амандаа яг тааруулж өөрөө баригддаг хиймэл шүд гулсахгүй, цочроохгүй. Smile More силикон хиймэл шүдний иж бүрдэл. Шүдийг халуун усанд хийж, уян хатан болгоод зөөлөн хазаж, амныхаа хэлбэрт тааруулна. Гурван минутын дотор амны хэлбэрт яг тааруулж хийдэг. Шүдний эмч дээр очих хэрэггүй. Инээмсэглэлээ буцааж авч, өөрийгөө дахин олж аваарай” гэсэн агуулгатай бичлэг түгээжээ. Уг бичлэг 3400 гаруй реакц, 5500 сэтгэгдэл авч, 2700-аад удаа цааш түгээгджээ.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгаж, зургаар хайх аргыг ашиглалаа.

Хаягийг шалгасан нь

“USA Health Care ” гэх хуудасны ил тод байдлын мэдээллийг нь шинжлэхэд, 2026 оны нэгдүгээр сарын 13-нд үүссэн нь илэрлээ. Тус хуудсыг Вьетнам улсаас 3, Непалаас 1 админ удирддаг байна.

Мөн уг хуудас нь мэдээлэл түгээхдээ холбоо барих дугаар, хаяг, албан ёсны мэйл зэргээ дурдахгүйгээр зөвхөн чатаар холбогдож, холбоосоор хандахыг уриалдаг байна. Түүнчлэн орчуулгын программ ашигласан мэт үг, үсэг, найруулгын алдаатай мэдээлэл нийтэлдэг нь ажиглагдсан. Энэ нь гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягуудад илэрдэг нийтлэг шинж тэмдэг юм.

Зургаар хайсан нь

Шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүнийг Google Lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад AmazonAliExpressebay зэрэг олон улсын онлайн худалдааны сайтууд дээр илэрцтэй байна. Гэвч тус бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компани, эзэмшигч, гарал үүсэл зэрэг албан ёсны мэдээлэл огт илэрсэнгүй. Мөн бүтээгдэхүүний савлагаа дээрх “Oralhoe” брэндийн албан ёсны дэлгүүрийн хуудсанд хандахад шалгасан бүтээгдэхүүнтэй ижил бараа илэрсэнгүй. Энэ нь тухайн бүтээгдэхүүний баталгаагүй байдлыг харуулж байна.

Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд хавсаргасан холбоосыг URLVoid домэйн шалгах нээлттэй хэрэглүүрээр нягталлаа. Шалгалтын үр дүнд тухайн домэйн 2025 оны есдүгээр сарын 23-нд нээгдсэн, Вьетнам улсад бүртгэлтэй болох нь тогтоогдов.

Өөрөөр хэлбэл, гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудаснаас баталгаагүй бүтээгдэхүүн борлуулах зар түгээж байна. Иймэрхүү мэдээллээр дамжуулан хэрэглэгчийн хувийн мэдээлэл авах, залилан мэхлэх тохиолдол гардаг. Тиймээс хүлээн авч буй мэдээллээ анхан шатны баримт шалгах аргын дагуу нягталж хэвшээрэй.

Гэрийн нөхцөлд хэрэглэдэг хиймэл шүдний иж бүрдэл нь шүдний бүтэц, хэв байдлыг өөрчлөх, буйл цочроох зэргээр урт хугацаандаа гажиг үүсгэх эрсдэлтэй

Энэ төрлийн хиймэл шүд нь буйл цочроож, бактери амархан үржих нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн зарим бүтээгдэхүүнд нь амны хөндийд сөрөг нөлөөтэй, хортой бодис агуулдаг тул харшил өгөх, буйл цочроох, шүдний хийцийг гэмтээх эрсдэлтэй.

Энэ талаар АНУ-ын Шүдний эмчийн холбооноос “Гэрийн нөхцөлд хэрэглэдэг хиймэл шүдний иж бүрдэл нь шүдний бүтэц, хэв байдлыг өөрчилж, гажиг үүсгэх эрсдэлтэй. Мөн буруу таарсан хиймэл шүд нь аманд шарх үүсгэх, халдварлуулах зэрэг сөрөг нөлөөтэй. Иймд шүд сулрах, хиймэл шүд суулгах шаардлагатай болсон үед заавал мэргэжлийн эмчид хандаж, өөрт тохирсон эмчилгээг авах хэрэгтэй” гэж сануулжээ.

Дүгнэлт

Гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудаснаас залилангийн шинж чанартай мэдээлэл түгээж байна. Ингэхдээ “силикон хиймэл шүдний иж бүрдэл” гэх эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй, баталгаагүй бүтээгдэхүүнийг сурталчлах замаар хэрэглэгчийг мэхэлж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Амандаа яг тааруулж өөрөө баригддаг хиймэл шүд гулсахгүй, цочроохгүй. Smile More силикон хиймэл шүдний иж бүрдэл. Шүдийг халуун усанд хийж, уян хатан болгоод зөөлөн хазаж, амныхаа хэлбэрт тааруулна. Гурван минутын дотор амны хэлбэрт яг тааруулж хийдэг. Шүдний эмч дээр очих хэрэггүй” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document