Search

Маргааш бүх нийтээр тог таслах мэт төөрөгдүүлсэн мэдээллийг олон группэд түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1950

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Өдий хүртэл олон сүрдүүлэг сонсож байсан ч “ОРОН ДАЯАР ТОГ ТАСАЛНА!” гэж заналхийлсэн Эрчим хүчнийнхний ажил хаялтын мэдэгдэл шиг аймшигтай юм сонсож байгаагүй санагдана” гэсэн пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамирын ярианы хэсгээс өмнөх агуулгыг орхиж, зөвхөн “…маргааш тоггүй болно” гэх ойлголт төрүүлэхээр дутуу мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдүүлж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 6 дугаар сарын 29-нд Narana Janchiv нэртэй хаягаас “Өдий хүртэл олон сүрдүүлэг сонсож байсан ч “ОРОН ДАЯАР ТОГ ТАСАЛНА!” гэж заналхийлсэн Эрчим хүчнийнхний ажил хаялтын мэдэгдэл шиг аймшигтай юм сонсож байгаагүй санагдана” гэсэн пост (архивласан хувилбар) нийтэлжээ. Уг пост 261 реакц, 13 удаа цааш түгээгджээ.

2026 оны 06 дугаар сарын 29-нд Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн үндэсний эвлэлийн холбоо 06 дугаар сарын 30-ний 08.00 цагаас улс орон даяар ажил хаялт зарлахаар болсон талаараа мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэлд “… Амьжиргааны баталгаажих түвшин, инфляцын түвшин, худалдан авах чадвар яаж унаж байгаа билээ дээ. Өнгөрсөн оны төгсгөлд ҮСХ-ны мэдээлэлд бараг 10 хувь, он гараад эхний хагас жилд дахиад 10 хувь өсчихлөө шүү дээ. Тэгэхээр мөнгөний ханш даруй 20 гаруй хувь уначихаад байна. Цалинг 10-хан хувиар нэмнэ гэдэг ерөөсөө нэмэгдэл биш. Энэ нөхцөл байдалд та бүхэн дүн шинжилгээ хийгээд, даруйхан арга хэмжээ авахгүй бол маргааш гэхэд нийтээрээ тоггүй, цахилгаангүй, үндэсний хэмжээний аюултай нөхцөл байдал үүсэхээр байна гэдгийг анхааруулж хэлмээр байна…” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, “эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж цалингийн хэмжээг нэмэгдүүлэхгүй энэ чигээрээ яваад байвал цахилгаангүй болох аюул нүүрлэж байна” гэдэг агуулгыг ярьсан байна.

Харин уг ярианы хэсгээс өмнөх агуулгыг орхиж, зөвхөн “…маргааш тоггүй болно” гэх ойлголт төрүүлэхээр дутуу мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдүүлж байна. /энд, энд/. Энэ нь санамсаргүй үйлдэл бус, санаатайгаар олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхийг зорьж байгаагийн илрэл нь уг мэдээллийг олон групп руу богино хугацаанд түгээсээр байна.

Мөн бид Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний хэрэглэгчид үйлчлэх төвийн 7004-7004 дугаарын утсанд 18 цаг 40 минутад залгаж маргааш тог тасрах талаар тодруулахад “тийм зүйл байхгүй, маргааш бүх нийтээр тог таслахгүй” хэмээн мэдэгдсэн билээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Өдий хүртэл олон сүрдүүлэг сонсож байсан ч “ОРОН ДАЯАР ТОГ ТАСАЛНА!” гэж заналхийлсэн Эрчим хүчнийнхний ажил хаялтын мэдэгдэл шиг аймшигтай юм сонсож байгаагүй санагдана” гэсэн пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document