2026 оны 02 дугаар сарын 25-нд VitalCare Hub нэртэй хуудаснаас шүдний цоорлыг эмчилж, нүхийг бөглөх бүтээгдэхүүн гэж сурталчилсан 3 гаруй минутын урттай бичлэг нийтэлснийг нийт 5,600 гаруй реакц, 8,300 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 3,000 гаруй удаа цааш түгээжээ. Бичлэгт “Шүд цоорсон, жижиг нүхтэй, амнаас эвгүй үнэр гардаг эсвэл шүд шарласан байна уу. Ан цав жижиг нүхийг дүүргэж, гэмтсэн пааланг сэргээж, шүдний бат бөх байдал болон гялалзахыг дэмжинэ. Цооролттой болон мэдрэмтгий шүдтэй хүмүүст зориулсан.” гэх агуулгыг дурджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Бид уг бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад хэд хэдэн онлайн худалдааны сайтад байршуулсан илэрцүүд гарч ирлээ. Amazon ,Shopee, Biancat, Shopee зэрэг худалдааны сайтад өөр өөр брэндийн нэртэй худалдаалж байна.Тухайлбал, Amazon худалдааны сайтад Mnozreo, Shopee худалдааны сайтад Feimuko, Heatwolf худалдааны сайтад Tiworld нэрээр худалдаалж байгаа бол Biancat худалдааны сайтад Biancat гэх нэрээр борлуулж байна. Эдгээр худалдааны сайтад байршсан бүтээгдэхүүний тухай мэдээлэлд “шүд цагааруулж, амны үнэрийг арилгах, үйлчилгээтэй” хэмээн тайлбарлажээ. Харин шалгасан мэдээлэлд “шүдний цоорлыг арилгаж, гэмтсэн пааланг сэргээнэ” гэж хэтрүүлэн сурталчилж байна.

Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүний үндсэн найрлага гэх NanoHAP-ыг судаллаа. “Нано-гидроксиапатит ба түүнийг урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, нөхөн төлжүүлэх шүдний эмчилгээнд хэрэглэх нь: тойм өгүүлэл” судалгаанд дурдсанаар Nano Hydroxyapatite (nHAp) буюу Нано-гидроксиапатит нь шүдний пааланд байдаг эрдсийг нано хэмжээтэй болгосон найрлага юм. Энэ нь бүтээгдэхүүний нэр биш бөгөөд шүдний оо, серум зэрэг олон төрлийн амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүнд ашиглагдаг. Hydroxyapatite нь шүдний паалангийн ойролцоогоор 97%-ийг бүрдүүлдэг. nHAp нь бичил хэмжээний гэмтлийг дүүргэж, эрдэсжилтийг дэмждэг хэдий ч шалгасан бичлэгт дүрсэлсэн шиг шүдний цоорлыг бүрэн эдгээж, эмчлэхгүй юм.
2025 онд Америкийн Шүдний эмч нарын холбооны суурь шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн “Хүчилд элэгдсэн паалан болон шүдний тугалмайн (дентин) механик элэгдэлд нөхөн төлжүүлэгч шүдний оонуудын үзүүлэх нөлөө” гэх лабораторийн орчны судалгаанд үхрийн шүдний дээжийг ашиглан туршилт хийжээ. Тус судалгааны үр дүнд шүдний пааланг нөхөн төлжүүлнэ гэх сурталчилдаг бүтээгдэхүүнүүд нь элэгдлийн гүнзгий шатны гэмтлийг улам даамжруулдаг болохыг харуулсан байна.
Австрийн хараат бус судалгааны төвийн Medizin transparent төслийн мэдээллийн сайтад 2023 оны 09 дүгээр сарын 19-нд нийтлэгдсэн шүдний оо, зарим бүтээгдэхүүнд агуулагдах гидроксиапатит тухай мэдээлэлд “шүд цоорохоос сэргийлж, шүдний мэдрэг чанарыг бууруулахад тусалдаг гэж сурталчилдаг бүтээгдэхүүний үр дүн, урт хугацааны нөлөөг шинжлэх ухааны үүднээс нарийн чанд шалган, судалсан эцсийн баттай судалгаа байхгүй” хэмээн мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, гидроксиапатит найрлагыг нарийвчлан судлах шаардлагатай бөгөөд эл найрлагыг агуулсан гэж сурталчилж буй бүтээгдэхүүн нь үр дүнтэй, урт хугацааны сөрөг нөлөөгүй эсэх нь баталгаагүй байна.
Америкийн шүдний эмч нарын холбооноос шүдний цоорлын эхэн үе шатанд эдгээх боломжтой ч нэгэнт шүд цоорсон бол эмчид хандаж ломбо тавиулахыг зөвлөсөн. Түүнчлэн тус сайтад “Шүдний цоорлыг буцааж, нөхөн сэргээх үйлчилгээтэй гэж сурталчилдаг ксилитол болон гидроксиапатит зэрэг найрлага агуулсан бүтээгдэхүүнүүдийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Учир нь эдгээр найрлага нь фтор агуулсан бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй гэж үзэх хангалттай баримт нотолгоо одоогоор байхгүй” хэмээн анхааруулжээ.
Шүдний цоорлыг эрт эмчлэхгүй бол томорч, шүд өвдөх, халдвар авах, цаашлаад шүд унах эрсдэлтэй. Ашгийн бус эрдэм шинжилгээний анагаах ухааны төв Кливланд Клиникийн сайтад шүдний цоорол, шүдний өвчлөлийг гэрээр эмчлэх боломжгүй бөгөөд эмчид хандаж, мэргэжлийн зөвлөгөө авахыг зөвлөсөн байна.
Хаяг шалгах
VitalCare Hub хуудас нь 2025 оны 05-р сарын 12 нээгдсэн байна. Уг хуудас нь 1100 дагагчтай бөгөөд пэйжийн ил тод байдлын хэсгийг шалгахад Вьетнам улсаас нэг админ удирдаж буйг доорх зурагт харууллаа.

VitalCare Hub хуудас нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг нийтэлдэг ч холбогдох дугаар, хаяг байршил, албан ёсны сайт зэрэг ерөнхий мэдээлэл огт оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, ямар нэг эрүүл мэндийн байгууллагын хуудас биш, эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулах зорилготой хаяг юм. Мөн бүтээгдэхүүний орц найрлага, үйлдвэрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл огт байхгүй бөгөөд чанар аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна.
Дүгнэлт
Гадаадаас удирддаг пэйжээс чанар, аюулгүй байдлын баталгаагүй шүдний бүтээгдэхүүнийг шүдний цоорлыг бүрэн эмчлэх мэтээр сурталчилж төөрөгдүүлжээ. Аливаа эрүүл мэндийн ач тустай гэж сурталчилж буй бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэхээс өмнө мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.




