2026 оны 6 дугаар сарын 5-нд Chimgee Chimka нэртэй хаягаас “Өдөр шөнөгүй цацаж байгаа химтрэйлийн гайгаар жилийн 365 хоногийн 300 өдөрт нь нартай байдаг байсан ч одоо бүүдийсэн саарал тэнгэртэй болсон…Цаг агаарын өөрчлөлт гэж байхгүй харин хуйвалдааны онол гэж байдаг гэж АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хэлсэн бөгөөд тэрээр ерөнхийлөгч болонгуутаа chemtrails ийг АНУ-ын агаарт цацахыг хориглосон. Урд хөрш өөрөө гол тоглогч сатан боловч нутаг дэвсгэр дээрээ цацдаггүй гэж сонссон. Нидерланд, Герман гм дэлхийн олон улс орон haarp, chemtrails ийг агаарын орон зайдаа цацахыг хориглож зогсоосон байдаг...” гэсэн агуулгатай пост түгээжээ. Уг пост 2700 гаруй реакц, 459 сэтгэгдэл авч, 1500-аад удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Химтрэйл (Chemtrails) гэдэг нь онгоцны нислэгийн үеэр цагаан зам татуулах үзэгдлийг агаар мандалд химийн бодис цацаж, хүмүүсийг хордуулж байгаа үйлдэл гэх мэтээр тайлбарладаг хуйвалдааны онолын нэршил юм. Уг агуулгыг мэргэжлийн байгууллагаас няцааж, шинжлэх ухааны үндэслэлгүй хэмээн тайлбарласаар ирсэн. Үнэндээ уг мөр нь онгоцны хөдөлгүүрийн усны уур хүйтэн агаарт хөрж мөсөн талст болж буй үзэгдэл аж. Дэлгэрүүлбэл, Арилжааны онгоцны ердийн нислэгийн өндөрт агаарын температур ойролцоогоор -50°F (-45°C) байдаг. Ийм орчинд онгоцны хөдөлгүүрээс ялгарах усны уур хөрж, өтгөрснөөр тэнгэрт цагаан мөр үүсгэдэг. Үүнийг contrail буюу конденсацийн мөр гэж нэрлэдэг байна. Онгоцны хөдөлгүүрээс ялгардаг яндангийн хий нь:
- усны уур,
- нүүрсхүчлийн хий (CO₂),
- хүхрийн ислүүд (SOx),
- нүүрсустөрөгч (HC),
- төрөл бүрийн бичил тоосонцор зэрэг бодисуудаас бүрддэг. Эдгээр нь өдөрт хурдан тархаж, замхардаг тул хүний эрүүл мэндэд шууд нөлөөл үзүүлдэггүй.

Харин дэлхийн дулааралд тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай аж. Энэ талаар АНУ-ын Байгаль орчин хамгаалах агентлаг “Онгоцноос үүсдэг цагаан мөр нь зарим тохиолдолд нимгэн үүл үүсгэж, нарны гэрлийг саатуулдаг учир дэлхийн дулааралд багахан хэмжээний нөлөө үзүүлэх магадлалтай. Гэвч уур амьсгалд урт хугацааны нөлөө үзүүлдэг эсэх нь батлагдаагүй тул нэмэлт судалгаа шаардлагатай” гэжээ.
Мөн АНУ-ын Шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухааны үндэсний академиас “Бүх нислэгүүд дэлхийн дулааралд нөлөөлөх хэмжээний мөр үүсгэдэггүй. Хэт ханасан чийгтэй бүсээр дайран өнгөрөх үед л дулааралд нөлөөтэй мөр үүсгэдэг. Судлаачид эдгээр бүсийг урьдчилан таамаглаж, нислэгийн өндөрт өөрчлөлт хийх замаар онгоцны мөрийг багасгах талаар судалж байна” гэж мэдээлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уур амьсгалын өөрчлөлтийг гуйвуулж тайлбарладаг гэж мэргэжлийн байгууллагуудаас шүүмжилж, үзэл санааг нь няцаасаар ирсэн.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уур амьсгалын өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлэхдээ уг асуудлыг “хуурамч шуум” гэж нэрийдэж байсан. Гэвч эл агуулгыг мэргэжлийн байгууллагууд няцааж, уур амьсгал, цаг уурын өөрчлөлтөд нухацтай хандахыг сануулсаар ирсэн. Мөн түүний энэ үзэл санааг олон улсын баримт шалгах байгууллагуудаас нягталж байжээ. Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 9-нд АНУ-ын Factcheck.org баримт шалгах төвийн нийтлэлд “Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь уур амьсгалын өөрчлөлт огт байхгүй, хүний үйл ажиллагаатай холбоогүй, шинжлэх ухаанаар батлагдаагүй зэргээр маргадаг байсан бол сүүлийн үед өөр тактик ашиглах болсон байна. Ингэхдээ, “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг хэтрүүлэн дүрсэлж байна, юу ч хийсэн үр дүн гарахгүй” зэргээр буруу тайлбарладаг гэж мэдээлсэн байна.
АНУ-ын хэмжээнд “химтрейл” (chemtrails)-ийг хориглосон шийдвэр байхгүй. Учир нь тус улсын засгийн газар болон шинжлэх ухааны хүрээлэнгийнхэн уг онолыг бодит гэж үздэггүй. Харин АНУ-ын зарим мужид цаг агаарт зориудаар нөлөөлөх үйлдлийг хориглох хууль баталсан тохиолдол бий.
АНУ-ын холбооны улсын засгийн газраас “химтрейл”-ийг хориглосон гэх албан ёсны мэдээлэл байхгүй. Мөн “химтрейл”-ийг бодит үзэгдэл гэж хүлээн зөвшөөрч, цаг агаар, уур амьсгалд нөлөөлдөг гэж тодорхойлсон заалт ч байхгүй. Тус улсад цаг агаар өөрчлөхтэй холбоотой үйл ажиллагааг “Цаг агаарыг өөрчлөх үйл ажиллагааг тайлагнах тухай акт”-аар зохицуулдаг. Энэ актын дагуу агаар мандлын бүтэц, төлөв байдал, цаг агаарт нөлөөлөх аливаа үйл ажиллагаа явуулах гэж буй этгээд АНУ-ын Үндэсний далай ба агаар мандлын захиргаанд урьдчилан мэдэгдэж, тайлагнах үүрэгтэй байдаг.
Харин тус улсын зарим мужид цаг агаарт нөлөөлөх үйлдлийг хуулиар хязгаарласан тохиолдол бий. Тодруулбал, Теннесси, Флорида зэрэг мужид цаг агаарт зориудаар нөлөөлөх аргыг хориглосон хууль баталсан. Үүнд, Үүл буудах, нарны геоинженерчлэл (нарны цацрагийн хэмжээг зориудаар бууруулах), агаар мандалд химийн бодис болон бусад материалыг зориудаар цацах, тараах зэрэг үйлдлийг багтаажээ. Өөрөөр хэлбэл, АНУ-ын хэмжээнд “химтрейл”-ийг бүрэн зохицуулсан хууль байхгүй. Харин зарим мужид нь цаг агаарт зориудаар нөлөөлөх үйлдлийг хориглосон байдаг. Үүнийг зарим хүн “химтрейл”-тэй холбож, төөрөгдүүлдэг байна.
“Нидерланд, Герман, Хятад зэрэг улсад HAARP болон “chemtrails”-ийг хориглосон” гэх мэдээллийг батлах албан ёсны мэдээлэл байхгүй
HAARP буюу “Өндөр давтамжтай туяа судлалын хөтөлбөр” нь ионосферийг (дэлхийн гадаргуугаас ойролцоогоор 80–640 км өндөрт орших давхарга) судлах зориулалттай шинжлэх ухааны байгууламж юм. Тус байгууламж нь Аляскад байрладаг бөгөөд өндөр давтамжийн радио долгионы нөлөөгөөр ионосферийг судлах, нарны нөлөө, дээд агаар мандлын өөрчлөлтийг тайлбарлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Харин химтрейл нь шинжлэх ухаанаар батлагдаагүй, хуйвалдааны онол тул хуулиар тусгайлан хориглосон тохиолдол алга.
Дүгнэлт
Онгоцны нислэгийн үеэр цагаан мөр үлддэг нь онгоцны хөдөлгүүрийн усны уур хүйтэн агаарт хөрж, мөсөн талст болж буй үзэгдэл юм. Үүнийг хуйвалдааны онолчид буруугаар тайлбарлаж, олон янзын төөрөгдүүлсэн мэдээлэл түгээдэг байна. Өөрөөр хэлбэл, химтрэйл (Chemtrails) нь шинжлэх ухааны үндэслэлгүй, хуурамч мэдээлэл юм. Мөн уг ойлголтыг хүлээн зөвшөөрч, бүрэн хориглосон улс байхгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг уур амьсгалын өөрчлөлтийг гуйвуулж тайлбарладаг хэмээн мэргэжлийн байгууллагаас шүүмжилж, үзэл санааг нь няцаадаг байна.




