Search

TV9 телевизийн сэтгүүлч М.Батбилэг өвчин намдаах наалтыг “үений бүх өвчин, ханиад, уушгийг эдгээж, хор гадагшлуулна” гэж хэтрүүлэн сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1944

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Үе мөчний цогц эмчилгээ, шидэт улаан наалт гэх бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Өвчин намдаах энгийн наалтыг үений бүх өвчин, ханиад, уушгийг эмчилж, биеэс хор гадагшлуулна гэж хэтрүүлэн сурталчилж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэх нь шууд илрэх гаж нөлөөгүй ч цаг хугацаа алдаж, өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй. Тиймээс аливаа өвчнийг бүрэн эдгээнэ гэж амласан эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхээсээ өмнө эмнэлэгт хандаж, мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 05 дугаар сарын 18-нд Эрүүл амьдрахуйн нууц нэртэй хуудаснаас X-Aura брэндийн наалтыг ТВ-9 телевизийн сэтгүүлч М.Батбилэгийн сурталчилсан 3 минутын бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 714 реакц, 210 сэтгэгдлээр идэвхжүүлж, 417 удаа цааш түгээсэн байна. Бичлэгт “X-Aura компанийн шидэт улаан наалт. Өвдөж буй хэсэгтээ наавал өвчин намдаах үйлчилгээг тэр даруй үзүүлнэ….Жишээлбэл X-Aura-ийн үндсэн улаан наалтыг хамтад нь хэрэглэвэл ахмадуудад үе мөчний цогц эмчилгээ болно. Үе мөчний өвчлөл, тэр дундаа үений зөөлөн эдийн гэмтэл, бэртэл, үе хоорондын шингэний зохист хэмжээ алдагдсан байдал, үе мөчний үрэвсэл, маш олон үе мөчний эмгэгүүдийн хувьд супер үйлчилгээ үзүүлнэ. Бүх төрлийн хордлогын шинж тэмдэг, эмийн хордлого, архины хордлого, хордлогын шинж тэмдгийг маш сайн арилгадаг бүтээгдэхүүн бол үндсэн улаан наалт. Өөрөөр хэлбэл, цус, сахар , хлостерин зохих хэмжээндээ байвал хүний бие хоргүйжэх процессоо өөрөө хийдэг. Тэр үйлдлийг дэмжиж өгдөг. X-aura шидэт улаан наалтын ид шидийн юм шиг үйлчилгээ нь уушги амьсгалын замыг маш сайн чөлөөлж өгдөг. Уушги, амьсгалын зам, мөгөөрсөн хоолойг чөлөөлж өгнө. Ханиад хүрэхдээ эмийн сан орж химийн эм авч уухаасаа өмнө үндсэн улаан наалтыг наагаад үз. Гурав хоноход ханиад намдана. Ханиад томуунд хүртэл ид шидийн мэт үйлчилгээ үзүүлнэ” гэх агуулгыг дурджээ. Бичлэгийг нийт 840 реакц, 282 сэтгэгдлээр идэвхжүүлж, 462 удаа цааш түгээжээ.

Бид өмнөх “Ногоон наалтын танилцуулгад сахрын хэмжээ багасгах, цөсний чулуу арилгах эмчилгээ дурдагдаагүй”,” Үе мөчний өвчин намдаах наалт үений шингэн нөхөж эмчлэхгүй” зэрэг баримт шалгалтаараа өвчин намдаах энгийн наалтыг хэтрүүлэн сурталчилж буйг анхааруулж, эл төрлийн наалт нь үе мөчний аливаа өвчнийг эмчлэхгүй, үений шингэнийг нөхөхгүй болохыг мэдээлж байсан. Үүнтэй адил шалгасан мэдээлэлд X-aura брэндийн өвчин намдаах наалтыг хэтрүүлэн сурталчилж буй учир бид баримтаар шалгалаа.

X-Aura брэнд нь Туркийн X-Aura Global компанийн бүтээгдэхүүн юм. Тус компани нь 2024 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулдаг байна. X-Aura брэндийн албан ёсны сайт дахь бүтээгдэхүүний тухай мэдээлэлд “Манай бүтээгдэхүүн нь эм биш. Ямар ч өвчнийг эмчлэхэд ашиглаж болохгүй” хэмээн анхааруулж, бүтээгдэхүүн худалдан борлуулж буй дилер эсвэл гуравдагч этгээдийн мэдэгдэлд компани хариуцлага хүлээхгүй хэмээн мэдэгджээ.

Үргэлжлүүлэн Туркийн онлайн худалдааны Tredynol сайтад байршсан X-Aura наалт бүтээгдэхүүний мэдээллийг шалгалаа. Бүтээгдэхүүний тайлбар хэсэгт ямар нэг өвчнийг эмчилнэ гэж огт дурдаагүй байна. Харин “Өвчин намдаах зорилгоор тусгайлан бүтээгдсэн тул удаан хугацаанд хэрэглэхэд тохиромжтой” хэмээн тайлбарлажээ. Үүнээс харахад Туркэд өвчин намдаах наалт хэмээн сурталчилдаг бүтээгдэхүүнийг Монголд борлуулж буй газрууд хэтрүүлэн сурталчилж, аливаа өвчнийг эдгээнэ гэж хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна.

Наалт ашиглаж үений эдийн шингэнийг нөхөж, бүх төрлийн үений өвчнийг эмчлэх боломжгүй

Шалгасан мэдээлэлд X-Aura брэндийн наалт нь үе мөчний өвчний цогц эмчилгээ гэж дурдсан. Гэвч наалт ашиглаж, арьсны гаднаас үе мөчний аливаа эмгэгийг эмчлэх боломжгүй юм.

Бид өмнөх “Үе мөчний өвчин намдаах наалт үений шингэн нөхөж эмчлэхгүй” баримт шалгалтдаа үе мөчний мэргэжлийн эмчээс тодруулга авсан бөгөөд тэрээр наалт ашиглаж үений шингэн нөхөж, яс ургалтыг зогсоох эмчилгээ байхгүй хэмээн хариулсан.

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн энэтхэгийн THIP Media баримт шалгах төвөөс үений шингэн нөхөх наалтын тухай шалгаж худал болохыг мэдээлж байсан. Тус баримт шалгалтад Гэмтэл согог, үе мөчний зөвлөх эмч, доктор Смит Даве “Өвдөгний үений шохойжилт ихэвчлэн насжилтаас шалтгаалдаг бөгөөд өвдөгний үений мөгөөрсөн эд элэгдэж муудахыг хэлнэ. Эмчилгээний арга барил нь үений үрэвслийн үе шатнаас хамаардаг. Хүнд шатанд өвдөгний үеийг бүхэлд нь болих хагалгаа л цорын ганц үр дүнтэй шийдэл болдог” хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн “Арьсны гаднаас түрхдэг ямар ч тос, гель, наалт зэрэг нь өвдөгний асуудлыг бүрэн эмчилж чадахгүй. Эдгээр нь түр зуур намдаах боломжтой ч үндсэн шийдэл биш юм” хэмээн зөвлөж, мэс засалгүйгээр өвдөгний өвдөлтийг намдааж, нөхөн сэргээнэ гэж амласан сошиал медиагийн постуудад итгэхгүй байхыг анхааруулж байна.

 Жон Хопкинс анагаах ухааны их сургуулийн төвКливланд клиник, Их Британийн үндэсний эрүүл мэндийн албаПенсильванийн их сургуулийн сайтад үений үрэвслийг бүрэн эмчилж эдгээх аргагүй ч өвдөлт, шинж тэмдгүүдийг арилгах, цаашид үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой, үений үрэвслийн шалтгаан, шинж тэмдэг, нөхцөл байдлаас хамааран өөр эмчилгээ хийнэ хэмээн тайлбарлажээ. Мөн эрүүл мэндийн мэдээлэл хүргэдэг Mayo клиникийн сайтад үений үрэвслийн өвчнийг намдаах физик эмчилгээ, эм зэрэг нь үр дүнгүй байвал зарим тохиолдолд мэс заслын эмчилгээг санал болгодог тухай мэдээлсэн. Үе мөчний үрэвслийг эмчлэхэд түгээмэл хийдэг мэс засалт үе мөчний нөхөн сэргээлт, үе солих эсвэл бэхлэх хагалгаа ордог байна.

Харин үений шингэний хувьд гэрийн нөхцөлд амин дэмтэй хоол хүнс идэх, нэмэлт тэжээл хэрэглэх, тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр сайжруулах боломжтой. Мөн эмчийн заавраар тохирох эм бэлдмэл хэрэглэх, аль эсвэл тарилга хийлгэдэг.

Бүх төрлийн өвчнийг нэг бүтээгдэхүүнээр эмчилнэ гэж сурталчлах нь эрүүл мэндийн түгээмэл луйврын нэг юм

Шалгасан мэдээлэлд өвчин намдаах энгийн наалтыг үе мөчний бүхий л өвчнийг эмчлэх цогц эмчилгээ хэмээн хэтрүүлэн сурталчлаад зогсохгүй ханиадыг эмчилж, уушгийг цэвэрлэж, биеэс хорт бодисыг гаргана гэж дурдсан. Нэг наалтаар биеийн бүх эрхтэн, өөр хоорондоо хамааралгүй аливаа өвчлөлийг эмчлэх боломжгүй.

АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас эрүүл мэндийн бүтээгдэхүүнтэй холбоотой луйврын тухай анхааруулж, дараах шинж тэмдгийг агуулсан сурталчилгаа бүхий эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулжээ. Үүнд:

  • Нэг бүтээгдэхүүнээр бүхий л өвчнийг эмчилнэ гэж сурталчилдаг бүтээгдэхүүн. Ямар ч бүтээгдэхүүн бүх төрлийн өвчнийг зэрэг эмчилж чадахгүй бөгөөд зарим ноцтой өвчний хувьд бүрэн эмчилгээгүй байдаг.
  • Ам дамжсан яриа, хувийн сэтгэгдэл. Зарим өвчнүүдэд төөрөгдүүлсэн сурталчилгаатай, эсвэл хуурамч бүтээгдэхүүн хэрэглэх үед эерэг үр дүн ажиглагддаг ч тухай бүтээгдэхүүний үйлчилгээ гэхээсээ илүүтэйгээр өвчний явц түр намжсан эсвэл өмнөх болон тухайн үед зэрэг хэрэглэж байсан эм, эмчилгээний үр дүн байх магадлал өндөр.
  • Богино хугацаанд үр дүн үзүүлнэ, эмчилнэ гэж сурталчилдаг бүтээгдэхүүн. Ялангуяа өвчин эмгэг нь хүнд, ноцтой тохиолдолд тухайн бүтээгдэхүүн нь богино хугацаанд өвдөлтийг намдаана эсвэл түргэн хугацаанд бүрэн эмчилнэ гэсэн бүтээгдэхүүнээс болгоомжил.
  • Байгалийн гаралтай гэж сурталчилж буй бүтээгдэхүүнүүд хэрэглэгчийн анхаарлыг татах зорилготой байдаг.
  • “гайхамшигт эмчилгээ”, “шидэт”, “шинэ технологи” зэрэг үг хэллэг ашигладаг хэмээн мэдээлжээ.

Дүгнэлт

Өвчин намдаах энгийн наалтыг үений бүх өвчин, ханиад, уушгийг эмчилж, биеэс хор гадагшлуулна гэж олны танил хүмүүсийг ашиглан хэтрүүлэн сурталчилж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэх нь шууд илрэх гаж нөлөөгүй ч цаг хугацаа алдаж, өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй. Тиймээс аливаа өвчнийг бүрэн эдгээнэ гэж амласан эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхээсээ өмнө эмнэлэгт хандаж, мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Үе мөчний цогц эмчилгээ, шидэт улаан наалт гэх бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document