2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хүчит Ганбилэг гэх нэртэй Facebook хаягаас“Австри, Герман, Швед зэрэг Европын холбооны улсууд ураныг хориглосон” гэсэн агуулга бүхий бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус постыг 266 реакц, 24 сэтгэгдлээр идэвхжүүлж, 427 удаа цааш түгээжээ.
Бичлэгт, “Австри 1990-ээд он. Атомын эрчим хүчнээс бүрэн татгалзсан Европын анхны улс. Герман – 1991 он. 1990 онд хоёр Герман нэгдсэнээр ураны олборлолтыг зогсоож, 7.8 тэрбум еврогийн нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа юм. Швед – 2018 он. Байгаль орчинд сөрөг нөлөө их, цацраг идэвхт аюул гэж үзээд бүх ордоо хаасан. Европын Холбоо – Олон улс. Европын Холбооныхон өөрсдөө байгаль орчин, хүний эрүүл мэндэд аюултай гээд уран олборлолтыг хориглосон” гэжээ.
FACTCHECK:
Швед улс 2018 онд уран хайх, олборлох үйл ажиллагааг хориглож байсан ч 2025 тус хоригийг цуцалсан
Швед улс 2018 онд Байгаль орчны тухай хуульдаа өөрчлөлт оруулж, уран хайх болон олборлох үйл ажиллагааг хориглосон. Гэхдээ 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс уран олборлолтын хориг албан ёсоор цуцлагдаж, Шведэд уран олборлохыг дахин зөвшөөрсөн талаар Дэлхийн эрчим хүчний мэдээллийн албаны нэг хэсэг болох “WISE uranium project” мэдээллийн сайтад мэдээлжээ.

Тухайлбал, 1965–1969 оны хооронд Шведийн Фальчёпинг (Falköping) болон Шьёвде (Skövde) хотын хооронд байрлах Ранстадын уурхайгаас нийтдээ ойролцоогоор 120 тонн уран олборлосон байна. Энэхүү уурхай нь Швед улсыг уранаар хангах зорилгоор баригдсан боловч тухайн үед ураны зах зээлийн үнэ бага байсан тул ашигтай ажиллаж чадаагүй бөгөөд улмаар хаагджээ. Харин шалгасан мэдээлэлд дурдсан “байгаль орчны асуудлаас болж 2018 онд хориглосон” гэж тайлбарласан албан ёсны мэдээлэл байхгүй байна.
Герман улс одоогоор уран олборлодоггүй бөгөөд хэрэгцээт бүх уранаа Канад, Австрали, Орос болон бусад орноос импортолдог
Шалгасан мэдээлэлд дурдсан Германд ураны олборлолтын дараах нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байгаа нь үнэн боловч 1946–1990 оны хооронд ураны ихэнхийг ил болон далд уурхайн арга, мөн овоолгоор уусган баяжуулах аргаар олборлосон бөгөөд эдгээр аргын улмаас үүссэн байгаль орчны сөрөг нөлөөг арилгахад их хэмжээний хөрөнгө, урт хугацааны нөхөн сэргээлтийн ажил шаардлагатай болсон байна.

Харин Австри улсын хувьд 1970-аад онд атомын цөмийн станц барьж дуусгасан боловч 1978 оны бүх нийтийн санал асуулгаар иргэд ашиглалтад оруулахыг дэмжээгүй тул тус станцыг ашиглалтад оруулаагүй байна. Мөн 1999 онд энэхүү хоригийг “Цөмийн эрчим хүчнээс ангид Австри улсын тухай холбооны үндсэн хуулийн тухай хууль“-иар баталгаажуулж байжээ.
Дэлхийн эрчим хүчний мэдээллийн албаны нэг хэсэг болох “WISE uranium project” мэдээллийн сайтад мэдээлснээр одоогийн байдлаар 9 бүс нутаг уран олборлолтыг хориглосон болон хоригийг цуцалсан талаар мэдээлжээ.
Одоогоор уран хайх, олборлох үйл ажиллагааг хориглосон байгаа бүс нутгийн жагсаалт:
- Австрали (Western Australia)
- АНУ
- Канад (British Columbia)
- Ирланд
- Испани
- Дани (Гренланд)
- Шинэ Зеланд
Уран хайх болон олборлох үйл ажиллагаанд тавьсан хоригийг хүчингүй болгосон бүс нутгийн жагсаалт:
- Швед
- Кыргызстан
- Канад (Nunatsiavut, Labrador)
- Австрали (Queensland)
Тухайлбал, 2019 онд Кыргызстан улс уран хайх, олборлохыг хориглож байсан. Харин 2024 оны 6-р сард уг хоригийг хуулиар хүчингүй болгож, экологийн аюулгүй байдлыг хангах, улсын стратегийн ач холбогдол бүхий баялгийг ашиглах, эдийн засгаа хөгжүүлэх зорилгоор уран, тори илрүүлэх, хайх болон ашиглахтай холбоотой геологийн судалгааны үйл ажиллагаа явуулах боломжтой болсон.
Дүгнээд хэлбэл, Швед улс 2018 онд уран олборлохыг хориглосон нь үнэн боловч, уг хоригийг 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс албан ёсоор цуцалж, уран олборлохыг дахин зөвшөөрсөн. Харин шалгасан мэдээлэлд дурдсан Герман, Австри улсын хувьд одоогоор уран олборлодоггүй нь үнэн. Гэхдээ зөвхөн байгаль орчны асуудлаас болж хориглосон талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна.




