2026 оны 6 дугаар сарын 08-нд Batmunkh Battsetseg Санхүү нэртэй Facebook хаягаас “Улаан Загалмай нь Засгийн газартай хамтран улс даяар шаардлага хангасан иргэдийг дэмжих зорилгоор буцалтгүй, найдвартай бөгөөд бүрэн аюулгүй албан ёсны санхүүгийн тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” гэсэн агуулгатай пост (архивласан хувилбар) түгээжээ. Уг пост 98 реакц, 143 сэтгэгдэл авч, 7 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Баяр наадам, амралт дөхөх үед цахим залилангийн шинжтэй мэдээлэл ихэсдэг. Ялангуяа олны танил, албан тушаалтны зургийг ашиглаж, тэтгэлэг, санхүүжилт өгнө гэх нэрийдлээр хувийн мэдээлэл авах, цаашлаад санхүүгийн залилан үйлддэг байна. Иймд аливаа тэтгэлэг, урамшуулал, мөнгө өгнө гэх мэдээлэлд шууд итгэлгүй дараах аргаар шалгаж хэвшээрэй.
Хаяг шалгах
Batchimeg subvention хуудас нь 2026 оны 02 дугаар сарын 13-нд нээгдсэн ба нийт 40 дагагчтай, танилцуулга хэсэг нь хоосон байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хаяг нь албан ёсны цэнхэр тэмдэгтэй ба нийт 79 мянга гаруй дагагчтай байна. Пэйжийн дэлгэрэнгүй мэдээллийг харахад 2017 онд нээгдсэн бөгөөд албаны сайт, дугаар, өөрийн Х (хуучнаар твиттер) хаягаа холбожээ.

Зургаар хайх
Шалгасан мэдээлэлд хавсаргасан эхний зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2026 оны 05 дугаар сарын 15-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн өөрийн инстаграм хаягтаа оруулсан пост илэрцээр гарч ирлээ. Зургийн тайлбарт “Нутагтаа ажиллах үеэрээ Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны бүсгүйчүүдтэй уулзан, нээлттэй ярилцсандаа баяртай байна” гэжээ.

Үргэлжлүүлэн өөр нэг зургийг нь Google Lens хайлтын системээр хайхад 2026 оны 01 дүгээр сарын 20-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн өөрийн Facebook хаягтаа оруулсан постод хавсаргасан зураг болох нь тогтоогдлоо. Постын тайлбарт “Аймгийнхаа Улаан загалмай хороогоор орлоо. Дунд шатны хорооны дарга Э.Алимцэцэг 2025 онд зохион байгуулсан ажил, үр дүнгийн талаар танилцуулав” гэжээ.

Агуулгыг нягтлах
Монголын улаан загалмай нийгэмлэгийн албан ёсны Facebook хуудас болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн албан ёсны Facebook хуудас руу орж “санхүүгийн тусламжийн хөтөлбөр”, “5–6 тэрбум” зэрэг түлхүүр үгээр хайлт хийхэд ийм хөтөлбөр хэрэгжүүлж буй талаар ямар ч мэдээлэл илэрцээр гарч ирсэнгүй.
Цахим залилан нь ихэвчлэн их хэмжээний мөнгө амлах, ямар нэг үйлдэл хийж, идэвхжүүлэхийг уриалсан шинжтэй байдаг. Шалгасан мэдээлэлд “Энэхүү санал нь зөвхөн өнөөдөр бидэнтэй холбогдсон эхний 50 хүнд хүчинтэй. Яг одоо бидэнд бичээрэй” Харин сэтгэгдэл бичсэн тохиолдолд хувийн чатаар холбогдохыг уриалсан байна. Хэрэв чатаар холбогдвол хувийн мэдээлэл авах, цаашлаад урьдчилгаа төлбөр нэхэх зэрэг эрсдэлтэй юм.
Бид мөн 2026 оны 03 дугаар сард “Германы Улаан загалмайн нийгэмлэг, Хатагтай Санжаасүрэн Оюунтай хамтран Монголын иргэн бүрд найдвартай, баталгаатай эргэн төлөгдөхгүй санхүүгийн тусламж үзүүлэхийг санал болгож байна” гэх агуулга бүхий мэдээлэл түгээснийг баримтаар шалгаж худал болохыг мэдээлснийг эндээс унших боломжтой.
Дүгнээд хэлбэл, хуурамч хаягаас Улаан загалмайн нийгэмлэгийн нэр болон Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн зургийг ашиглаж их хэмжээний мөнгө амласан залилангийн шинжтэй мэдээлэл түгээжээ.




