2026 оны 04 дүгээр сарын 30-нд Содномбалжир Мөнгөнсар нэртэй Facebook хаягаас “Мьянмар улс хэзээ ч бүүр хэзээ ч аймшигт урхаг уршгийг нь засаж болохгүй , унаган байгалиа уух усаа хэзээ ч сэргээж болохгүй маш аймшигтай алдаа хийчихэж. Төрийн эргэлт хийснээс нь хойш газрын ховрын олборлолт замбараагүй болсноос хамгийн гол ундны усны голоо хордуулчихаж. Хүхрийн хүчлийн уршиг нь газрын судлаар ус руу нь орж Лаос зэрэг улсаар тогтохгүй Вьетнам хүртэл тархаж асар их аюул тарьж буйг Монголын Радиогоор өчигдөр буюу 2026-04-29 ны Цаг үеийн мэдээний цагаараа шууд мэдээлж байна,…хүхрийн хүчил асар аюултай хор уршигтай учир газрын хөрсөнд ашиглахыг бүх улс орон хориглочихсон шүү” гэсэн тайлбартай пост (архивласан хувилбар) нийтэлжээ. Уг постыг 707 реакц, 45 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 2,000 гаруй удаа цааш түгээсэн байна.
Мөн постынхоо тайлбар хэсэгт Мягмаржав Баатархуяг хаягаас нийтэлсэн 3 минутын урттай “Мяньмар улсад газрын ховор элементийн олборлолт хийснээс болж бүс нутгийн аюултай байдал бий болж” гэсэн тайлбартай бичлэгийн холбоосыг байршуулжээ. Тус бичлэгт “Мьянмар улсад газрын ховор элемент ухсанаас болж бол байгаль экологийн нэлээн том гамшгийн байдал үүсчихсэн нь тодорхой болоод байгаа юм байна. 2021 онд Мьянмарт төрийн эргэлт гарч Качин гээд муж нь одоо зэвсэгт босогчдын хяналтад ороод энийг нь хятадууд дэмжээд газрын ховор элементийг одоо яг манай Халзан бүргэдийг ухна гэж байгаа…, Газар доор уусан олборлох гэдэг аргаар буюу одоо уулынх нь орой дээрээс нь өндөрлөг газраас нь хэмжээний хүчлийг шахаад ингээд энэ нь цаашлаад хэдэн жилийн дараа юу болсон бэ гэсэн чинь тэр газар одоо уул уснаас эх авч байгаа гол мөрнүүдийг нь маш их хэмжээгээр бохирдуулсан юм байна. За энэ бохирдуулсан асуудлаас нь үүдээд гол нь бохирдолд ороод бохирдсон өдөр гол нь яваад энэ миний ард харагдаж байгаа Микон гээд том мөрнийг бол их хэмжээгээр бохирдуулсан нь өнгөрсөн жил тайландчууд их хэмжээний хүн малд нь сөрөг нөлөөлөл үүсээд үүднээс нь үүдээд энэ Мьянмарт үүсгэсэн асуудлын эх ундарга нь одоо болжээ” гэжээ.
FACTCHECK:
Мьянмарын Качин муж дахь газрын ховор элементийн олборлолтыг газар доор уусган олборлох аргаар явуулдаг ба аммонийн хлорид эсвэл аммонийн сульфатын уусмал ашигладаг
Газрын ховор элемент олборлоход ашигладаг аммонийн сульфат, аммонийн хлорид болон уран олборлоход ашиглагддаг хүхрийн хүчил нь химийн найрлага төдийгүй олборлолтын механизм, ашиглах зорилго зэргээрээ ялгаатай бодисууд юм.
Тухайлбал, Мьянмарын Качин мужид олборлож буй газрын ховор элементийн ихэнх орд нь ион шингээсэн шаварлаг ордод хамаардаг. Ийм ордуудад газрын ховор элементүүд нь шаврын молекулын гадаргуу дээр ион хэлбэрээр бэхлэгдсэн байдаг. Аммонийн сульфат эсвэл хлоридын уусмалыг ашиглан ион солилцооны урвалаар газрын ховор элементийг олборлодог.
- Аммонийн сульфат, хлоридын уусмал нь рН 3–5 буюу сул хүчиллэг шинж чанартай давсны уусмал бөгөөд дээр дурдсан урвал нь шаврын үндсэн бүтцийг гэмтээхгүйгээр, гадаргуу дээрх ионыг салгаж авдаг.
- 2025 оны 08 дугаар сард ScienceDirect-д нийтлэгдсэн “Ионы төрлийн ховор элементийн уурхайд хөрсний шинж чанарын орон зайн тархалтад газар доор уусгах процессын нөлөө” судалгаанд дурдсанаар аммонийн сульфат, хлоридын үлдэгдэл хөрс, усанд нэвчих тохиолдолд аммонийн азотын агууламж нэмэгдэх эрсдэлтэй байна. Аммонийн нэгдлүүд нь байгаль орчинд нитрат болж хувирснаар гадаргын болон газрын доорх усны чанарт нөлөөлөх, улмаар усны биетийн шим тэжээлийн тэнцвэрийг алдагдуулах нөхцөл бүрдүүлж болзошгүй гэжээ.
Ион шингээсэн шаварлаг ордоос газрын ховор элементийг газар доор уусган олборлох аргаар хэрхэн олборлодог вэ?
Мьянмарын хойд хэсэгт явагдаж буй газрын ховор элементийн олборлолтыг ISL буюу газар доор уусган олборлох аргаар олборлодог байна. Уг процессийг Researchgate судалгааны санд 2024 онд нийтлэгдсэн “Мьянмарын Качин муж дахь газрын ховор элементийн олборлолт: Хөдөлмөр эрхлэлтийн практик ба ажлын нөхцөл” гаричгтай судалгаанд дэлгэрэнгүй тайлбарлажээ. Тодруулбал, эхлээд уулын бэл, хажуу гадаргуу руу хоолойнуудыг гүн суулгаж, цооногийн сүлжээ үүсгэдэг. Үүний дараа уусгагч бодис буюу ихэвчлэн усанд уусгасан аммонийн хлорид эсвэл аммонийн сульфатын уусмалыг уг хоолойнуудаар дамжуулан хөрс рүү дусаана.
Уусгагч бодис нь шавран дундуур доош чиглэн нэвчих ба уулын арай доод хэсэгт байрлуулсан хоолойнуудаар их хэмжээний нэмэлт ус шахаж, шаварт агуулагдаж буй газрын ховор элементүүд уусмалд шилжин уусдаг байна. Үүний дараа ууссан газрын ховор элементүүдийг агуулсан уусмалыг уулын бэлд байрлуулсан цуглуулах сувгуудын сүлжээгээр дамжуулан газрын гадарга руу угаан гаргадаг. Тус уусмалыг уулын ёроолд барьсан том хэмжээний тунгаагуур савнуудад цуглуулах гэсэн дарааллаар явагддаг байна.
- Уг судалгаа нь Мьянмарын Качин мужийн газрын ховор элементийн олборлолтын нөлөөллийн талаарх цуврал тайлангуудын тав дахь дугаар бөгөөд судалгааг Их Британийн Уорик их сургууль болон Качин мужийн ашгийн бус, хараат бус судалгааны байгууллага болох Качинланд судалгааны төв хамтран хийжээ.

Мьянмарын газрын ховор элементийн олборлолтоос үүдэлтэй байгаль орчинд ямар сөрөг нөлөө бий болж байгаа талаар нэмэлт судалгаа шаардлагатай
АНУ-ын Геологийн албаны сайтад нийтлэгдсэн газрын ховор элементийн талаарх судалгаанд “Одоогоор газрын ховор элементийг дэлхий даяар цөөн тооны уурхайгаас олборлож байгаа бөгөөд үүний улмаас байгаль орчны нөлөөллийг судлах боломжтой, үйл ажиллагаа нь зогссон буюу орхигдсон газрын ховор элементийн уурхай бараг байхгүй байна” гэжээ.
Мөн Мьянмарын байгаль орчны нөлөөллийн талаар “Мьянмарын Качин муж дахь газрын ховор элементийн олборлолтоос үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөллийг шийдвэрлэх нь“ судалгаанд “Иргэдийн зүгээс гадаргын болон гүний ус бохирдохоос эхлээд толгодын хажуу налуу тогтворгүй болж, улмаар хөрсний гулсалт үүсэх хүртэлх сөрөг нөлөөллүүд гарч байна гэж үзэж байгаа юм. Зохицуулалт, менежмент муутай газрын ховор элементийн олборлолт нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг гэж үзэж болох хэдий ч, эдгээр нь хүний эрүүл мэнд болон экосистемд яг ямар хэмжээний хор хохирол учруулж байгаа нь одоогоор тодорхойгүй байна” хэмээн онцолжээ.
Түүнчлэн 2022 онд АНУ-ын Биотехнологийн үндэсний хүрээлэнгийн судалгааны санд нийтлэгдсэн “Газрын ховор элементийн үйлдвэрлэлийн байгаль орчны нөлөөлөл” гарчигтай судалгаанд газрын ховор элементийн дийлэнх хэсгийг Хятад улсад олборлодог тул шаардлагатай мэдээллийн хүртээмж муу байгааг онцолж “газрын ховор элементийн олборлолтоос байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийн бүрэн зураглал одоогоор хараахан гараагүй” гэжээ.
2023 онд MPDI судалгааны санд нийтлэгдсэн “Монгол улс дахь газрын ховор элементийн ордууд” гарчигтай судалгаанд “Монголын зарим карбонатитын ордын газрын ховор элементийн эрдэсжилт нь АНУ-ын Mountain Pass Mine болон БНХАУ-ын Баян овоо ордуудтай төстэй байдаг” хэмээн мэдээлжээ.
Хятад улс 1990-ээд оны сүүл үеэс хойш газрын ховор элементийн дэлхийн нийт үйлдвэрлэлийн дунджаар 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлж ирсэн талаар АНУ-ын Геологийн албаны сайтад мэдээлжээ. Тухайлбал, Хятадын газрын ховор элементийн олборлолт Фужянь, Гуандун зэрэг мужид явагддаг бөгөөд хамгийн том нь Баян овоо уурхай юм. Тус ордод төмрийн хүдрээс гадна газрын ховор элементийн үндсэн эрдэс болох бастнезит болон монацитыг ил уурхайн аргыг ашиглан олборлодог байна.

Бид үргэлжлүүлэн Баян овоо газрын ховор элементийн ордын байгаль орчны нөлөөллийн талаарх судалгааг хайж үзэхэд 2016 онд Researchgate судалгааны санд “Хятадын баруун хойд нутаг дахь Баян овоогийн хаягдлын сангийн нөлөөнд өртсөн гүний усны гидрогеохимийн шинж чанар” гарчигтай судалгаа нийтлэгджээ. Тодруулал, Баян овоогийн идэвхтэй ажиллаж буй хаягдлын сангаас гидравлик даралтын улмаас шүүрч буй хаягдал ус нь гүехэн уст давхаргыг бохирдуулж, гүний усны урсгалын дагуу Шар мөрөн рүү чиглэсэн манган, аммони, фтор, сульфатын бохирдлын тархалтын бүсийг үүсгэж байгааг судалгаагаар тогтоожээ. Хэдийгээр уран болон торийн цацраг идэвхт бохирдол гүний уснаас илрээгүй ч уурхайн шүүрэл болон хөдөө аж ахуйн үйл ажиллагаа хавсран доод урсгалын экосистем, зэргэлдээх тариалангийн бүсэд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул цаашид изотопын мөрдөлт болон гидрогеохимийн статистик загварчлалаар бохирдуулагчдын шилжилтийг нарийвчлан тооцоолох шаардлагатай байгааг тус судалгаанд онцолжээ.
Халзан бүрэгтэйн ордыг ил уурхайн аргаар олборлолт явуулна хэмээн төслийн албан ёсны сайтад мэдээлжээ
2025 оны 09 дүгээр сарын 23-нд “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болсон билээ. Тус сонсголын үеэр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Т.Аззаяа “Газрын ховор элемент: Хүдэр, баяжмалыг боловсруулах химийн технологийн талаарх дүгнэлт”-ийг танилцуулсан байна. Тодруулбал, “Халзан бүрэгтэй ордын үйлдвэрийн ач холбогдолтой хэмжээгээр Zr, Nb, газрын ховор элементүүд агуулсан, нийлмэл бүтэцтэй, хүнд баяжигддаг эрдсүүдээс бүрдсэн тул баяжуулах технологийн судалгааг нарийвчлан хийж, зохистой горимыг тогтоох шаардлагатай” хэмээн мэдээлжээ.
Мөн бид ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Т.Аззаяагаас Халзан бүргэтэй ордод газрын ховор элементийг ямар аргаар олборлолт явуулах боломжтой талаар утсаар тодруулахад “урьдчилсан шинжилгээ, судалгаа хийгдэж байж тодорхой болно, одоогоор тодорхой болоогүй байгаа” хэмээн мэдэгдсэн юм.
Үргэлжлүүлэн Халзан бүрэгтэйн төслийн албан ёсны сайт руу орж үзэхэд тус ордын ашиглалтын хугацаа нь 30 дээш жил, мөн ил уурхайн аргаар олборлолт явуулахаар тусгажээ.

Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, Мьянмарын Качин муж дахь газрын ховор элементийн олборлолт нь ион шингээсэн шаварлаг ордод хамаардаг тул аммонийн хлорид эсвэл аммонийн сульфатын уусмал ашиглан ион солилцооны зарчмаар олборлолт явуулдаг. Мөн газрын ховор элементийн олборлолтын байгаль орчны нөлөөллийн талаар судалгааны мэдээлэл хязгаарлагдмал хэвээр байгаа бөгөөд Мьянмар дахь нөлөөллийн цар хүрээ, эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх бодит үр дагаврыг бүрэн тогтоосон шинжлэх ухааны үнэлгээ одоогоор хангалтгүй байна. Түүнчлэн Халзан бүрэгтэй ордын хувьд олборлолт, баяжуулалтын технологийн эцсийн шийдэл хараахан тодорхой болоогүй бөгөөд холбогдох судалгаа, туршилтууд үргэлжилж байгаа юм.




