Search

Стандартын дагуу тээвэрлэж буй ураны хүдэр бусад бараа материалд нөлөөлөхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1934

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ураныг тээвэрлэхэд бусад экспорт, импортын бараанд нөлөөлнө” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монгол Улс IAEA-аас гаргасан стандарт, журмын дагуу уран тээвэрлэх шаардлагатай бөгөөд аюулгүй ажиллагааг хангасан, зураг төслийн дагуу тээвэрлэж буй үед бусад бараа материалд цацраг идэвх шингэхгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 06 дугаар сарын 05-нд  @batengineer X (хуучнаар Twitter) хаягаас “Ураны экспортын тээвэр Замын-Үдээр дайрах ёсгүй. Мардай шиг өөрийн төмөр замтай болох хэрэгтэй. Эс бөгөөс Монголын бараг бүх экспорт, импорт цацрагийн нөлөөнд ордог болох байх….” гэх мэдээллийг зургийн хамт түгээжээ (архивласан хувилбар). Тус постод хавсаргасан зурагт “Ё.Отгонбаяр:Бидэнтэй яг адил гараанаас зэрэг эхэлсэн Казахстан одоо дэлхийн ураны зах зээлийн 40 орчим хувийг нийлүүлдэг болж, бүр Монголд хөрөнгө оруулах тухай ярьж явна” гэсэн байна.

Цөмийн цацраг идэвхт материалыг тээвэрлэхдээ олон улсын стандарт, дүрэм журмыг мөрдөх шаардлагатай

Дэлхий даяар жилд бүр 15 сая орчим багц цацраг идэвхт материалыг нийтийн эзэмшлийн зам, төмөр зам, усан болон нисэх онгоцоор тээвэрлэдэг байна. Гэхдээ эдгээр нь бүгд цөмийн түлш биш. Ураны хүдэр нь бэлэн болсон цөмийн түлш бус, түүхий эд юм. Олборлосон хүдрийг боловсруулж, тээрэмдэж, баяжуулснаар цөмийн реакторын түлш болгон ашигладаг байна. Дэлхийн цөмийн холбооноос гаргасан цацраг идэвхт материалын тээвэрлэлттэй холбоотой мэдээлэлд аливаа материалыг тээвэрлэхдээ Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан аюулгүй байдлын дүрэм журмыг дагаж мөрддөг тухай онцолжээ.

Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA) 1961 оноос хойш цацраг идэвхт материалыг тээвэрлэх олон улсын дүрэм журмыг боловсруулан гаргасан ба түүнээс хойш тогтмол шинэчилж, сайжруулсаар ирсэн.  Хамгийн сүүлд 2025 онд “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх шинэчилсэн журам” гаргажээ. IAEA-ийн дүрэм журмыг улс орнууд үндэсний бодлогод өргөнөөр тусган хэрэгжүүлдэг төдийгүй Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Олон улсын далайн байгууллага болон бүс нутгийн тээврийн байгууллагууд ч мөн адил дагаж мөрддөг байна.

“Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх журам”-д цацраг идэвхт бодисын ангилал, тус бүрийн сав баглааны стандарт, тээвэрлэхэд мөрдөх шаардлага, аюулгүй байдлын ажиллагаа стандартуудыг дэлгэрэнгүй оруулсан байна. Тус журамд “Ураны болон торийн хүдэр, тэдгээрийн баяжмал болон байгалийн гаралтай цацраг идэвхт нуклид агуулсан бусад хүдэр нь бага хувийн цацраг идэвхт ангилалд ордог” хэмээн тодорхойлжээ.

Мөн журмын 504-506 дугаар заалтад бусад бараа тээвэрлэх тухай тусгасан. Эдгээр заалтын гол агуулгыг товчлон дараах байдлаар тайлбарлалаа.

  • 504. Цацраг идэвхт материалын боодолд тухайн материалд нэн шаардлагатай зүйлсээс бусад зүйлийг агуулж болохгүй бөгөөд зураг төслийн дагуу баглаа боодлын аюулгүй байдлыг хангах шаардлагатай.
  • 505. Цацраг идэвхт материал тээвэрлэхэд ашигласан ачааны чингэлэг, дунд оврын сав баглаа, цистерн, бусад болон гадуурх баглааны бета, гамма, хортой альфа болон бусад альфа цацрагийн хэмжээг тогтоосон түвшин хүртэл бууруулаагүй бол бусад бараа бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэхэд ашиглаж болохгүй.
  • 506. Тээвэрлэлтийн явцад бусад аюултай ачаанаас тусгаарлах ёстой бөгөөд ингэхдээ дамжин өнгөрөх, нэвтрэх улс орны аюултай ачаа тээвэрлэх дүрэм журам, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын журамд нийцүүлэх шаардлагатай гэж оруулжээ.

Монгол улс Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)-ийн гишүүн тул уран тээвэрлэхдээ дээрх журмыг мөрдөж, аюулгүй байдлыг хангаж, стандартын дагуу ажиллах шаардлагатай юм.

Дэлхийн цөмийн тээврийн хүрээлэнгээс ураны хүдрийн баяжмалыг аюулгүй тээвэрлэхтэй холбоотой эрсдэл, аюулгүй байдал, баглаа боодлын тухай зарим баримтуудыг товч тайлбарласан мэдээллийн хуудас гаргасан. Тус мэдээлэлд “ураны хүдрийн баяжмал нь бага түвшний цацраг идэвхт материал гэж тооцогддог бөгөөд цөмийн урвал үүсгэж чадахгүй, шатамхай бус материал” гэж тодорхойлсон. Мөн тээвэрлэлтийн аюулгүй байдлын тухай “Стандарт, шаардлагын дагуу ган торхонд савлаж бэлтгэсэн ураны хүдрийг аюулгүй ажиллагааны дагуу бэлтгэж тээвэрлэж буй үед эрүүл мэндийн аюулгүй. Харин арьсанд хүрэх, амьсгалах, ууж хэрэглэсэн тохиолдолд хортой байж болно. Арьсанд хүргэхээс зайлсхийх хэрэгтэй бөгөөд бүх төрлийн нунтаг химийн бодисын адил гараа угаах, тамхи татахгүй байх, тоосжилтод өртөх магадлалыг хамгийн бага хэмжээнд байлгах зэрэг хувийн ариун цэврийн дадлыг сахих нь чухал юм. Тээвэрлэлтийн чингэлгээс ялгарч буй цацрагийн хэмжээ бага боловч хэмжигдэхүйц байдаг. Гэвч энэ нь цээжний рентген зураг авхуулахад хүн цацраг идэвхт өртдөггүйтэй адил хүн, эд зүйлсийг цацраг идэвхт болгохгүй” хэмээн товч тайлбарлажээ.

Хавсаргасан зураг дахь “Казахстан улс дэлхийн ураны зах зээлийн 40 хувийг нийтүүлдэг болж…” гэх агуулга үнэн.

Шалгасан пост

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг дахь текстэд “Ё.Отгонбаяр:Бидэнтэй яг адил гараанаас зэрэг эхэлсэн Казахстан одоо дэлхийн ураны зах зээлийн 40 орчим хувийг нийлүүлдэг болж, бүр Монголд хөрөнгө оруулах тухай ярьж явна” гэж оруулсан. Дэлхийн цөмийн холбооны сайтад 2026 06 дугаар сарын 11-нд оруулсан мэдээлэлд Казахстан улсын ураны нөөц, олборлолтын тухай онцлох зүйлсийг оруулжээ. Тодруулбал, тус сайтад “Казахстан Улсад дэлхийн ураны нөөцийн 14 хувийг эзэмшдэг бөгөөд 2009 оноос хойш уран олборлолтоороо дэлхийд тэргүүлж буй лус юм. 2025 онд ойролцоогоор 25,839 тонн уран (tU) олборлож, дэлхийн нийт олборлолтын 40 хувийг бүрдүүлжээ” хэмээн мэдээлсэн байна.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, Монгол Улс IAEA-аас гаргасан стандарт, журмын дагуу уран тээвэрлэх шаардлагатай бөгөөд аюулгүй ажиллагааг хангасан, зураг төслийн дагуу тээвэрлэж буй үед бусад бараа материалд цацраг идэвх шингэхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Ураныг тээвэрлэхэд бусад экспорт, импортын бараанд нөлөөлнө” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document