2026 оны 6 дугаар сарын 3-нд Murad – Эрүүл мэндийн өнөөдрийн мэдээ нэртэй хуудаснаас “DAILY EFFECT нь элэгний үйл ажиллагааг дэмжинэ, элэг цэвэршүүлэхэд тусална, өөхлөг элгийг дэмжин сайжруулна, бөөрний эрүүл мэндийг дэмжинэ, биеийг хөнгөн, сэргэлэн байхад тусална. Наадмын баярын супер урамшуулал эхэллээ 4-ийг аваад 2 үнэгүй. Наадмын баярын онцгой урамшуулал” гэсэн агуулгатай пост түгээжээ. Уг пост 169 реакц, 88 сэтгэгдэл авч, 132 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг шалгах, зургаар хайх аргыг ашиглалаа.
Хаягийг шалгасан нь

“Murad – Эрүүл мэндийн өнөөдрийн мэдээ” гэх хуудасны ил тод байдлын мэдээллийг нь шинжлэхэд, 2025 оны наймдугаар сарын 28-нд үүссэн байна. Мөн Вьетнам улсаас 4 админ удирддаг нь илэрлээ.
Тус хуудас нь мэдээлэл түгээхдээ холбоо барих дугаар, хаяг, албан ёсны мэйл зэргээ дурдахгүйгээр зөвхөн чатаар холбогдож, холбоосоор хандахыг уриалдаг байна. Түүнчлэн орчуулгын программ ашигласан мэт үг, үсэг, найруулгын алдаатай мэдээлэл нийтэлдэг нь ажиглагдсан. Энэ нь гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягуудад илэрдэг нийтлэг шинж тэмдэг юм.
Мөн “Наадмын баярын супер урамшуулал” гэх цаг үетэй холбоогүй агуулгаар тайлбар бичиж, бараа захиалахыг уриалж буй нь залилангийн сэдэлтэй үйлдэл юм. Учир нь баталгаагүй, хуурамч хаягаас баяр ёслолын үеэр “хямдрал зарлаж, үнэгүй бэлэг өгөх” нэрийдлээр хэрэглэгчийн анхаарлыг татаж, санхүүгийн алдагдалд оруулдаг залилангийн арга бий. Иймд энэ төрлийн мэдээлэлтэй таарвал хамгийн түрүүнд тухайн хаягийг шалгаж, хаанаас удирдлагатайг нь нягталж байгаарай.
Гаднын улсаас удирдлагатай, эзэмшигч нь тодорхойгүй, баталгаагүй сайтын сайтын холбоос байршуулжээ.
Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд хавсаргасан холбоосыг домэйн шалгах нээлттэй хэрэглүүрээр нягтлав. Тухайн холбоосыг Urlvoid.com хэрэглүүрээр шалгахад, 2025 оны 10 дугаар сарын 22-н нээгдсэн, Вьетнамд байршилтай сервертэй байна.

Мөн домэйн шалгах Who.is нээлттэй хэрэглүүрээр давхар нягталж үзэхэд мөн л Вьетнамын Ханой хотод байршилтай гэж илэрлээ.

Зургаар хайсан нь
Шалгасан мэдээлэлд буй “Daily Effect” гэх бүтээгдэхүүнийг зургаар хайхад lazada, alibaba зэрэг олон улсын онлайн худалдааны сайтууд дээр илэрцтэй байна. Гэвч тус бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компани, эзэмшигч, гарал үүсэл зэрэг албан ёсны мэдээлэл огт илэрсэнгүй.

Мөн тус бүтээгдэхүүнийг сурталчлахдаа ашиглаж буй сертификатын дагуу АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны сайтад хандаж, бүртгэлийн дугаар, компанийн нэрээр хайлт хийхэд ямар ч мэдээлэл илэрсэнгүй. Энэ нь тус сертификатыг хуурамчаар үйлдэж, өөр компанийн нэр ашигласан байх магадлалтайг илтгэж байна.
Эдгээр шинж чанараас нь харвал “Daily Effect” нь мэргэжлийн байгууллагаар итгэмжлэгдсэн эсэх нь тодорхойгүй, баталгаагүй бүтээгдэхүүн байна.
Энэ төрлийн бүтээгдэхүүний үр нөлөө, аюулгүй байдал нь хангалттай судлагдаагүй байдаг тул болгоомжлох хэрэгтэйг мэргэжлийн байгууллагуудаас сануулдаг. Тухайлбал, АНУ-ын “Johns Hopkins Medicine”-ы сайтад элэг цэвэрлэх бүтээгдэхүүнүүдийн талаар“Элэг цэвэрлэх бүтээгдэхүүнүүдийг элэгний эрүүл мэндийг дэмжиж, эмчлэх арга гэж сурталчилдаг ч ихэнх нь клиник туршилтаар батлагдаагүй, стандарт бус байдаг. Детокс бүтээгдэхүүний зарим найрлага элэгний үрэвслийг бууруулж, гэмтлээс хамгаалах нөлөөтэй байх нь бий. Гэвч урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хэрэглэхийг зөвлөсөн баталгаатай судалгаа байхгүй. Энэ төрлийн бүтээгдэхүүний зарим нэмэлт нь эмийн гаралтай элэгний гэмтэл үүсгэж, хортой нөлөө үзүүлж болзошгүй тул болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Элэгний эрүүл мэндээ хамгаалахын тулд согтууруулах ундааны хэт их хэрэглээнээс зайлсхийж хооллолтдоо анхаарч, дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн сайн арга юм” гэж тайлбарлажээ.
Түүнчлэн, АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа болон Холбооны Худалдааны комиссоос цэвэрлэх, хоргүйжүүлэх үйлчилгээтэй гэсэн олон төрлийн бүтээгдэхүүнд худал мэдээлэл тараасан, хортой орц агуулсан, зөрүүтэй шошго ашигласан гэх үндэслэлээр арга хэмжээ авсан байдаг. Учир нь тэдгээр бүтээгдэхүүн нь зарим төрлийн эмийн үйлчлэлийг дарангуйлж, элэгний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байжээ.
Дүгнэлт
Гаднын улсаас удирдлагатай найдваргүй хуудаснаас хуурамч сертификатын зураг ашиглаж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилжээ. Ингэхдээ хэрэглэгчдийн анхаарлыг татаж, яаран худалдан авалт хийлгэхийн тулд “Наадмын урамшуулал” гэх мэт цаг үе, үйл явдалтай холбоогүй тайлбар ашигласан нь залилангийн сэдэлтэй үйлдэл юм.




