Search

Өсөлтийн зон хаагдсанаас хойш нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд ч өсөхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1932

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны батламжтай, 18-аас дээш насныхныг ч өндөр болгох Hito” гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын удирдлагатай найдваргүй хуудаснуудаас мэргэжлийн байгууллагуудаар итгэмжлэгдээгүй баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Хүний өсөлтийн даавар 10 жил тутамд ойролцоогоор 15 хувиар буурдаг ба өсөлтийн зон буюу шинэ ясны эд үүсгэх мөгөөрс хатуурч хаагдахад цааш өсөх боломжгүй болдог. Мөн өсөлтийн бэлдмэлүүд нь хүний нас, генетик, биеийн онцлогоос шалтгаалан хүн бүрд харилцан адилгүй нөлөө үзүүлдэг тул бүрэн баталгаатай бус юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 8 дугаар сарын 6-нд Hito – Ирээдүйг Эзлэх Гайхамшигтай Өндөр нэртэй хуудаснаас “18-аас дээш насныхан ч өндөр болно. Өдөрт ердөө 2 ширхэг хэрэглэнэ. Загаснаас гаргаж авсан шингэц сайтай кальцитай, D3 + K2 амин дэмтэй. АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны батламжтай. 2023 оны Азийн шилдэг 10 бүтээгдэхүүний нэгээр шалгарсан. Таны өндөр болох боломж Hito Calhi” гэсэн агуулгатай бичлэг түгээжээ. Уг бичлэг 3500 гаруй реакц, 1500-аад сэтгэгдэл авч, 995 удаа цааш түгээгджээ.

Мөн 2026 оны 2 дугаар сарын 2-нд Hito – Өндөр Өсгөх ба Ухаан Тэмдэглэх Сүү нэртэй хуудаснуудаас “HITO VITAL нь HITO CALHI-ийн сайжруулсан хувилбар юм. Гормоны тарилга, эрсдэлтэй нэмэлт бүтээгдэхүүн хэрэггүй. HITO VITAL–г зөв хэрэглэснээр таны хүүхэд бодитоор өндөр болно. 3–6 сарын дотор олон хүүхэд 3–8 см өссөн бодит үр дүн гарсан. 14–21 хоногийн дотор үр дүн мэдэгдэнэ. Японы загасны яснаас гарган авсан органик кальцитай. D3 аминдэм, MK7, Коллаген II төрлийн уураг – өндөрт шууд нөлөөлдөг 3 гол тэжээлтэй” гэсэн агуулгатай сурталчилсан бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэг 1200 гаруй реакц, 113 сэтгэгдэл авч, 200 удаа цааш түгээгджээ.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах аргуудыг ашиглав.

Хаягийг шалгасан нь

“Hito – Ирээдүйг Эзлэх Гайхамшигтай Өндөр” гэх хуудасны ил тод байдлын мэдээллийг нь шинжлэхэд, 2025 оны наймдугаар сарын 6-нд үүссэн нь мэдэгдэв. Мөн Вьетнам улсаас 10 админ удирддаг нь илэрлээ.

Тус хуудас нь мэдээлэл түгээхдээ холбоо барих дугаар, хаяг, албан ёсны вэбсайт зэргээ дурдахгүйгээр зөвхөн чатаар холбогдохыг уриалдаг байна. Түүнчлэн орчуулгын программ ашигласан мэт үг, үсэг, найруулгын алдаатай мэдээлэл нийтэлдэг нь ажиглагдсан. Энэ нь гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягуудад илэрдэг нийтлэг шинж тэмдэг юм.

Үргэлжлүүлэн “Hito – Өндөр Өсгөх ба Ухаан Тэмдэглэх Сүү” хуудасны ил тод байдлын мэдээллийг нягтлахад, 2025 оны хоёрдугаар сарын 5-нд “Hito Glow – Өндөр Өсгөх ба Ухаан Тэмдэглэх Сүү” гэсэн нэртэй үүссэн нь мэдэгдэв. Хуудасны админ нь мөн л Вьетнамаас удирдлагатай байна.

Тухайн хуудас нь холбоо барих утасны дугаар, мэйл зэрэг албан ёсны мэдээлэлгүй, хэрэглэгчдийг зөвхөн чатаар холбогдохыг уриалдаг байна. Мөн байршуулсан вэбсайтын холбоос нь идэвхгүй байсан тул эзэмшигч болон үйл ажиллагааны мэдээлэл тодорхойгүй байна. Энэ төрлийн хуудасны найдваргүй байдлыг илтгэж буй хэрэг юм.

Зургаар хайсан нь

Шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүнийг зургаар хайхад, олон улсын худалдааны сайтууд дээр илэрцтэй байгаа боловч бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компани, брэнд эзэмшигч, дистрибьютер зэрэг албан ёсны, тодорхой мэдээлэлгүй байна. Мөн “Hito”, “Hito A+”, “Hito Calhi”, “Hito Vital” зэрэг төрөл бүрийн нэрээр худалдаалж буй нь илэрсэн. Энэ нь тус бүтээгдэхүүний баталгаагүй байдлын илрэл юм.

Зургийн тайлбар: Google Lens Хайлтын илэрц

Агуулгыг нягталсан нь

Дээрх бүтээгдэхүүний баталгаатай байдлын шинжлэхийн тулд Филиппиний Хүнс, Эмийн Захиргаа болон АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны албан ёсны сайтаас “Hito calcium”, “Hito Calhi”, “Hito Vital” зэрэг түлхүүр үгээр хайлт хийсэн. Гэвч тухайн бүтээгдэхүүний талаар ямар нэг мэдээлэл илэрсэнгүй. Энэ нь уг бүтээгдэхүүн мэргэжлийн зохицуулах байгууллагуудаар албан ёсоор баталгаажаагүйг илтгэж байна.

Зургийн тайлбар: АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны албан ёсны сайтаас түлхүүр үгээр хайсан илэрц

Бид өмнө нь уг бүтээгдэхүүнийг баримтаар шалгаж, төөрөгдүүлсэн агуулгатай гэж дүгнэж байсан. Тодруулбал, 2025 оны 01 дүгээр сарын 17-нд “HITO Calcium” нэртэй Вьетнамд 9, Индонезод 1 админ удирддаг баталгаагүй сайтаас уг бүтээгдэхүүнийг “30 насандаа 6-8 см өсгөнө” гэх агуулгаар сурталчилж байжээ. Үүнийг баримт шалгах анхан шатны алхмын дагуу нягталж, баталгаагүй бүтээгдэхүүнийг дэгсдүүлэн сурталчилж буйг илрүүлсэн. Гэвч уг бүтээгдэхүүнийг дахин идэвхжүүлж эхэлсэн бөгөөд өөр өөр нэртэй найдваргүй хуудаснаас ижил хугацаанд үргэлжлүүлэн сурталчилсаар байна. Иймд хэрэглэгч та энэ төрлийн агуулгад шүүмжлэлтэй хандаж, баталгаагүй хуудсанд хандахгүй байхыг сануулж байна.

Учир нь “Өндөр болгоно” гэж сурталчилдаг бүтээгдэхүүнүүд нь хүний нас, генетик, биеийн онцлогоос шалтгаалан хүн бүрд харилцан адилгүй нөлөө үзүүлдэг тул баталгаатай гэж үзэх боломжгүй байдаг. Ийм төрлийн бүтээгдэхүүнийг эх сурвалж тодорхойгүй, найдваргүй хаягаас худалдан авах нь чанар, аюулгүй байдал, гарал үүслийн хувьд эрсдэл дагуулах магадлалтай тул болгоомжтой хандах шаардлагатай юм.

Өсөлтийн хавтан хаагдах үед яс нэмж ургахгүй бөгөөд өсөлтийн гормон өсөлтөд нөлөөлөхөө больж биеийн хэвийн бүтэц, бодисын солилцоог хадгалах, цусан дахь сахрын хэмжээг тогтвортой байлгахад тусалдаг

Хүний өндөр генетик, хоол тэжээл, даавар орчин гэх мэт зүйлээс хамаарч байдаг. Үүнээс генетик нь илүү давамгай буюу өндрийн 80 хувь нь ДНХ-ийн дарааллын өөрчлөлтөөр тодорхойлогддог.

Ясны өсөлтийн зон (growth plate) нь гуя, шилбэ, гар зэрэг урт ясны төгсгөлд байрладаг хондроцит гэж нэрлэдэг мөгөөрсний эсээс тогтдог хэсэг юм. Уг эс нь үржих, боловсрох, шохойжих зэрэг үйл явцаар ясны шинэ эд үүсгэдэг байна. Өөрөөр хэлбэл, урт ясны төгсгөлд байрлах мөгөөрс шинэ ясны эд үүсгэх замаар ясыг ургуулж байдаг. Уг мөгөөрсөн хэсэг хатуурахад өсөлт зогсдог ба үүнийг өсөлтийн зон хаагдах хэмээн нэрлэдэг байна. Өсөлтийн зон хаагдсаны дараа ясны шинэ эд үүсэхгүй, өсөх боломжгүй юм. Ихэвчлэн бэлгийн бойжилт дуусах үед буюу охидынх 13-15 насны хооронд, хөвгүүдийнх 15-17 насны хооронд хаагддаг.

Өсөлтийн даавар буюу HGH (Human growth hormone, somatoropin) нь өнчин тархины булчирхайгаас ялгардаг уургийн даавар ба хүүхдийн өсөлтийг дэмжиж, биеийн бүх эд эрхтэний өсөлтөд нөлөөлдөг. Хондроцит гэх мөгөөрсний эс болон остеоблат гэх ясны эсүүд өсөлтийн дааврын дохиог хүлээн авснаар репликацийг нэмэгдүүлж ясны өсөлтөд шууд нөлөөлдөг байна. Өсөлтийн зон хаагдсаны дараа өсөлтийн даавар өндөрт нөлөөлөхөө больдог ч биеийн хэвийн бүтэц, бодисын солилцоог хадгалах, цусан дахь сахрын хэмжээг тогтвортой байлгахад тусалдаг. Өсөлтийн даавар нас ахих тусам буурдаг бөгөөд 10 жил тутамд дааврын шүүрэл ойролцоогоор 15 хувиар аажмаар буурдаг. Өсөлтийн дааврын шүүрэл бэлгийн бойжилтын үед дээд цэгтээ буюу 150мкг/кг-д хүрч, 55 насанд ойролцоогоор 25мкг/кг-д хүрдэг тухай “Хөгшрөлтийн үеийн өсөлтийн даавар” судалгаанд харуулжээ.

Кальци нь ясны эрүүл, нягт бат бөх байхад, булчин, мэдрэл, эсийн хэвийн ажиллахад тусалдаг. Өсөлтийн зон хаагдсаны дараа кальцийн бэлдмэл хэрэглэх нь өндөр болгохгүй. Иймд богино хугацаанд “бүх насныхных өндөр болгоно” гэж амласан баталгаагүй бүтээгдэхүүний хуурамч сурталчилгаанд бүү итгээрэй. Аливаа эм бэлдмэл, нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө эмчид хандаж зөвлөгөө авах нь зүйтэй. Мөн бүтээгдэхүүний тухай мэдээллийг сайтар судалж, нягталдаг хэрсүү хэрэглэгч байгаарай.

Дүгнэлт

Гаднын удирдлагатай найдваргүй хуудаснуудаас мэргэжлийн байгууллагуудаар итгэмжлэгдээгүй баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Хүний өсөлтийн даавар 10 жил тутамд ойролцоогоор 15 хувиар буурдаг ба өсөлтийн зон буюу шинэ ясны эд үүсгэх мөгөөрс хатуурч хаагдахад цааш өсөх боломжгүй болдог. Мөн өсөлтийн бэлдмэлүүд нь хүний нас, генетик, биеийн онцлогоос шалтгаалан хүн бүрд харилцан адилгүй нөлөө үзүүлдэг тул бүгдийг баталгаатай гэж үзэх боломжгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны батламжтай, 18-аас дээш насныхныг ч өндөр болгох Hito” гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document