2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Тэтгэлэг нэртэй хуудаснаас “Санхүүгийн тэтгэлгээ аюулгүй, ил тод аваарай” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 181 реакц, 192 сэтгэгдэл авч, 27 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах аргыг ашиглав.
Хаягийг шалгасан нь

Шалгасан хуудасны ил тод байдлын мэдээллийг шинжлэхэд, 2025 оны есдүгээр сарын 28-нд үүссэн нь илэрлээ. Мөн тус хуудсыг Бенин улсаас админ удирддаг нь мэдэгдэв.
Түүнчлэн дээрх хуудас нь мэдээлэл түгээхдээ холбоо барих дугаар, хаяг, албан ёсны вэбсайт зэргээ дурдахгүйгээр зөвхөн чатаар холбогдохыг уриалдаг байна. Энэ нь гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягуудад илэрдэг нийтлэг шинж тэмдэг юм.
Зургаар хайсан нь
Шалгасан мэдээлэлд буй зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад, 2024 оны 10 дугаар сарын 29-нд нийслэлийн дээд Хангарди одон болон Нийслэлийн 385 жилийн ойн медалийн шагнал гардуулсан үеийн зураг илэрлээ.
Агуулгыг нягталсан нь
Үргэлжлүүлэн тус мэдээллийн дагуу чатаар хандаж үзэхэд, “SIFNR-аас 5 000-25 000 доллар хүртэлх буцаан олгогдохгүй санхүүжилт олгоно” гэх агуулгатай зурвас илгээж, иргэдийн мэдээллийг авахаар оролдож байна. Тодруулбал, хэрэглэгчийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, иргэний үнэмлэх зэрэг хувийн мэдээллийг асуужээ. Энэ залилангийн шинжтэй үйлдэл юм.

Түүнчлэн SIFNR гэх олон улсын албан ёсны санхүүгийн байгууллага байхгүй. Өмнө нь бид энэ нэрийн дор мэдээлэл түгээж буй хаягийг баримтаар шалгаж залилангийн шинж чанартай, хуурамч мэдээлэл хэмээн гэж дүгнэж байв.
Энэ төрлийн үйлдэл нь цахим залилангийн нийтлэг арга хэлбэрт тооцогддог. Иймэрхүү баталгаагүй мэдээлэлд итгэж мэдээллээ илгээх нь хувийн мэдээлэл, нууц үг, дансны мэдээллээ алдах, санхүүгийн алдагдалд орох эрсдэлтэй. Иймд баталгаагүй эх сурвалжаас ирсэн санхүүжилтийн саналд болгоомжтой хандаж, хувийн мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг анхааруулж байна.



