2026 оны 05 дугаар сарын 30-нд Говийн Эмийн Ургамал хаягаас “Талархлын пост. Аав маань хорт хавдар сүүлийн шатанд орсон. Танайхаас хүж өвс авч уулгасан. Эмчилгээгүй 2 сарын настай гэсэн байсан. Жил амьдарсан. Хавдрын маркер бууруулдаг юм байна лээ. Нөхөн сэргээж залуужуулдаг нь мэдэгдсэн. Аавын маань хөмсөг үс нь дун цагаан байсан. Тод хар үс хөмсөгтэй болсон. Аавтайгаа ярьж байсан бичлэг ч байгаа. Арай эртхэн мэдэж эртхэн олж авсан бол наслах хугацааг нь нэмэх ч байсын билүү. 7 хоногт 3 удаа л аяга усанд чимхийг хийгээд маш шингэн уулгаж байсан. Танд маш их баярлалаа. Энэ сайхан ургамлыг таньж мэдэж олж өгсөнд” гээд 2 уутыг аваад явлаа” гэх пост оруулжээ. Уг постыг 1.2 мянга гаруй реакц, 319 сэтгэгдлээр идэвхжүүлж, 966 удаа цааш түгээжээ.
- Уламжлалт эмчилгээний аргуудыг гэрийн нөхцөлд дам ярианд тулгуурлан туршихаас зайлсхийж, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл авч, мэргэжлийн байгууллага, эмчийн хяналт дор хэрэгжүүлэх нь чухал. Хүж өвсөнд буй хорт хавдрын эсрэг идэвхжилтэй дауринол гэдэг бодисыг ялгаж авч лабораторийн түвшинд туршихад хавдрын эсийг дарангуйлах үр нөлөө үзүүлсэн ч хүн дээр туршаагүй, мөн өвсөнд буй бусад бодис хавдрыг идэвхжүүлдэг болохыг анхаараарай.
FACTCHECK:
Дагуурын хүж өвснөөс ялгаж авсан дауринол бодис нь лабораторийн туршилтад хорт хавсдын эсийг S фаз дээр дарангуйлсан
2016 онд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрхлэгч, академич, шинжлэх ухааны доктор, профессор Д.Батсүрэн itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа,
- “Дагуурын хүж өвснөөс алколоид, флавноид, лигнамид төрөлд хамаарагдах 22 бодисыг цэврээр нь ялгаж, химийн бүтэц найрлагыг нь судалснаар байгалийн химид урьд өмнө нь бүртгэгдээгүй долоон шинэ бодисыг анх удаа илрүүлсэн. Өөрөөр хэлбэл, дагуурын хүж өвснөөс долоон төрлийн шинэ бодис илрүүлсний нэг нь хорт хавдрын эсрэг идэвхжилтэй дауринол гэдэг бодис байсан. Дауринол хорт хавдрын S фазыг сонгомол хэлбэрээр бүрхэж, хавдрын эсийн үржлийг дарангуйлан, зогсоож байгааг судалгаагаараа тогтоосон” гэжээ.
Мөн тэрээр,
- “Ургамлыг бүрдүүлж буй олон бодисууд бий. Тэдний зөвхөн ганцхан нь л хорт хавдар эмчлэх үйлчилгээтэй. Өөрөөр хэлбэл, бусад бодисууд дунд хавдар идэвхжүүлдэг төрлийн бодис байж болно. Тэгэхээр хамгийн зөв хэрэглээ бол ургамлыг шүүгээд тэр дундаас хорт хавдар эмчилдэг бодис гаргаж бэлдмэл болгосныг зааврын дагуу нь хэрэглэвэл илүү үр өгөөжтэй. Манайхан тэр ургамал, тийм өвчинд сайн гээд сонсохоороо өөрсдийн дураараа хамаагүй хэрэглэдэг. Энэ нь зарим тохиолдолд хоол болохоос илүү хор болох талтай” гэсэн байна.
Олон улсад ч хүж өвс ордог аrtemisia төрлийн ургамлын зарим бодис (ялангуяа artemisinin) нь лабораторийн нөхцөлд хавдрын эсүүдэд нөлөө үзүүлж байгаа талаар судалгаа хийж байна.
Хавдрын эсийг эхэн үед дарангуйлах нөлөө лабораторийн туршилтаар ажиглагдсан
Эсийн мөчлөг (cell cycle) гэдэг нь нэг эс өөрийгөө хуулбарлаад 2 шинэ эс болох хүртэлх үйл явц юм. Хавдрын үед энэ процесс хяналтаас гарч, эсүүд тасралтгүй үрждэг. Хорт хавдрын эсрэг эмчилгээнд энэхүү S фаз буюу хуулбарлахад бэлдэх шатанд нь хавдрын эсийг зогсоох үйлчилгээтэй эмнүүдийг хэрэглэдэг.
Тиймээс шалгасан мэдээлэлд гарч буй талархал илэрхийлсэн гэх хүний аавынх нь өвчний онош, эмчилгээний явцын талаарх мэдээлэл байхгүй, мөн “хавдрын сүүлийн шатанд орсон үед хэрэглэсэн” гэх агуулга нь эргэлзээтэй. Учир нь хүж өвсний олон төрлийн бодисыг ялгаж гаргаж авсан дауринол нь зөвхөн S фаз дээр эсийг дарангуйлсан үр дүн үзүүлсэн байна.
Мөн хавдар тусаагүй, эрүүл хүний ч үс хөмсөг нэгэнт бууралтсан бол эргэж харлах боломжгүйг бид өмнөх баримт шалгалтууддаа мэдээлж байсан.
Дүгнэхэд, монгол эрдэмтдийн судалгаагаар дагуурын хүж өвснөөс ялгаж гаргасан дауринол гэх бодис нь хорт хавдрын эсийг дарангуйлах нөлөө үзүүлсэн ч хүн дээр турших шаардлагатай. Мөн хүж өвсөнд байх бусад бодисууд хавдрыг иэдвхжүүлэх нөлөөтэй тул шууд хэрэглэхээс зайлсхийх нь чухал.


