2026 оны 05 дугаар сарын 18-нд Social Medee-Сошиал Мэдээ нэртэй хуудаснаас “Зүгээр л жирийн нэгэн Монгол бүсгүй үзэгчдийн суудлаас босож ирээд Нинжа вариорыг давчхаж байна” гэх тайлбартай нэгэн эмэгтэй усан паркт бартаат зам туулж буйг дүрсэлсэн богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 439 реакц, 14 сэтгэгдлээр идэвхжүүлж, 22 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Ninja Warrior буюу Нинжа дайчид телевизийн нэвтрүүлэг нь анх 1997 онд Япон улсад “Сасукэ” нэртэйгээр хийгдэж байсан ба үүнээс хойш олон улс орон өөрсдийн хувилбараар бүтээж үзэгчдийн хүртээл болгож байжээ. Уг нэвтрүүлэг нь оролцогчдын хүч чадал, хурд, авхаалж самбаа, тэнцвэр, тэсвэр тэвчээрийг сорьж, өрсөлдүүлдэг реалити телевизийн шоу юм.
Ninja Warrior нэвтрүүлгийн оролцогчид тусгай бэлтгэлийн хувцас өмсөж оролцдог бөгөөд тэмцээний талбай илүү том, их саадтай байдаг. Түүнчлэн зураг авалтын талбайд тусгай гэрэлтүүлэг, мэргэжлийн тоног төхөөрөмж ашигладаг бөгөөд нэвтрүүлгийн логог байршуулж, үзэгчдийн суудлыг нэвтрүүлэгт зориулан зассан байдаг. Харин шалгасан бичлэгт харагдаж буй саадтай талбай болон гэрэлтүүлэг бага, үзэгчдийн суудал байхгүй, бичлэгт гүйц буй эмэгтэй зураг авалтад зориулсан хувцас бус энгийн хувцастай харагдаж байна. Доорх зураги Ninja Warrior нэвтрүүлгийн зураг авалтын талбай болон шалгасан бичлэгийг харьцуулан харууллаа.

Мөн Ninja Warrior нэвтрүүлгийг эхлэхээс өмнө оролцогчдыг урьдчилан шалгаруулдаг бөгөөд зураг авалтын үеэр үзэгчдийн суудлаас шууд оролцох боломжгүй юм. Гэвч шалгасан мэдээлэлд гаднын Ninja Warrior нэвтрүүлгийн үеэр монгол эмэгтэй үзэгчдийн суудлаас тэмцээнд оролцсон мэт ойлголт өгч байна.
Үргэлжлүүлэн шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens болон Baidu зургаар хайхад хятадын сошиал орчинд ижил төстэй бичлэг түгээмэл байна. Тодруулбал, шалгасан бичлэгийг @能把人笑死的网名 weibo хаягт 5 сарын өмнө нийтэлсэн бол @外国的水上闯关 Baidu хаягт 2025 оны 11 дүгээр сарын 04-нд яг ижил бартаат зам туулж бүхий эрэгтэйн бичлэгийг нийтэлжээ (энд бас энд). Доорх зурагт шалгасан бичлэг болон хятадын сошиал орчинд нийтлэгдсэн ижил төстэй бичлэгүүдийн хэсгийг харууллаа.

Мөн шалгасан бичлэгийн төгсгөл хэсэгт харагдаж буй улаан самбарт бартаат зам туулах хугацаа болон шагналын нөхцөлийг бичсэн байна. Тус самбарт “Эрэгтэй: 28 секунд бол цахилгаан машин, 30 секунд бол угаалгын машин, 33 секунд бол гар утас, 40 секунд бол цайны машин. Эмэгтэй: 40 секунд бол цахилгаан машин, 44 секунд бол угаалгын машин, 55 секунд бол гар утас, 100 секунд бол цайны машин. Оролцсон хүнд 2 шил угаалгын нунтаг. Насны шаардлага: 18-48 насны бүх оролцогч” хэмээн бичжээ. Үүнээс харахад хятадын усан парк дахь бартаат зам бүхий шагналтай тоглоом болохыг илтгэж байна байна.

Дүгнээд хэлбэл, энгийн усан парк дахь бартаат зам бүхий тоглоом дээр тоглосон эмэгтэйн бичлэгийг “монгол эмэгтэй Ninja Warrior үзэгчдийн суудлаас тэмцээнд оролцож давсан” хэмээн тайлбарлаж, төөрөгдүүлжээ.


