Search

“Барак Обама адренохромын наймаатай холбоотой” гэх хуйвалдааны онолын шинжтэй, батлагдаагүй мэдээллийг дахин түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1922

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Жүжигчин Дензел Вашингтон Ерөнхийлөгч асан Барак Обамаг “Хүүхдийн цусны наймаачин”, “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг”-ээр баривчлах ёстой гэсэн байна” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэл нь хуйвалдааны онолд тулгуурласан, баталгаагүй агуулга түгээдгээрээ танигдсан эх сурвалжаас гаралтай бөгөөд олон жилийн турш давтагдсаар ирсэн нотолгоогүй сэдвүүдийг дахин түгээсэн байна. Ийм төрлийн мэдээлэл нь албан ёсны баримт, шинжлэх ухааны судалгаа, хууль хяналтын байгууллагын дүгнэлтэд үндэслэдэггүй тул баталгаагүй, хуурамч мэдээлэлд тооцогдох юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Bolormaa Natsagdorj нэртэй хаягаас “Жүжигчин, найруулагч, продюсер Дензел Вашингтон өнгөрсөн ням гаригт сүмийн гишүүддээ хэлсэн үг бас нэг бөмбөг хаясан явдал болжээ. “Хүүхдийн цусны наймаачин” Ерөнхийлөгч асан Барак Обамаг ‘Хүүхдийн эсрэг гэмт хэрэг’-ийн хэргээр баривчлах ёстой гэсэн байна. Барак Обама ерөнхийлөгч байхдаа Холливудыг залгиж байсан адренохромын наймааг мэдэж байсан төдийгүй, тэр өөрөө оролцсон гэжээ. Дензелийн хэлснээр, Обама хүүхдийн цусанд нэн дуртай болж, өөрийн хүрээний А зэрэглэлийн дотнын хүмүүстэйгээ инээлдэж байхдаа цус “идэж” байсан нь Холливудад ил тод болсон нууц юм гэв” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 396 реакц, 67 сэтгэгдэл авч, 159 удаа цааш түгээгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамаг “адренохромын наймаа”, “Холливудын хүүхдийн цусны сүлжээ” зэрэгтэй холбосон мэдээллүүд нь олон жилийн турш цахим орчинд тархсан хуйвалдааны онолуудын нэг бөгөөд эдгээрийг нотлох найдвартай баримт, шүүхийн шийдвэр, мөрдөн шалгах байгууллагын дүгнэлт байдаггүй.

Шалгасан мэдээлэлтэй ижил агуулгатай мэдээлэл өмнө нь ч тархаж байсан. Тодруулбал, 2018 онд жүжигчин Дензел Вашингтон Барак Обамаг “гэмт хэргийн ерөнхийлөгч” хэмээн нэрлэсэн гэх зохиомол эшлэл бүхий нийтлэл цахим орчинд түгсэн байна. Үүнийг FactCheck.org байгууллага шалгаж, худал мэдээлэл гэж дүгнэжээ. Тус баримт шалгалтын агуулгыг дэлгэрүүлбэл, Вашингтон Барак Обамаг “гэмт хэргийн ерөнхийлөгч” гэж мэдэгдсэн гэх албан ёсны бичлэг, ярилцлага, хэвлэлийн эх сурвалж огт олдоогүй. Харин эсрэгээрээ тэрээр өмнө нь Барак Обамаг дэмжиж байсан бөгөөд 2016 онд өгсөн ярилцлагадаа Обамаг “нэр төртэй, хүчтэй, тэвчээртэйгээр үүргээ гүйцэтгэсэн, сайн ажилласан” хэмээн үнэлж байжээ. Мөн 2009 оны ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож, сонгуулийн кампанит ажилд нь санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байдаг.

Мөн 2025 онд Mythdetector олон улсын баримт шалгах төвөөс Ерөнхийлөгч асан Барак Обама “адренохромын сүлжээ”-тэй холбоотой гэх мэдээллийг нягталж, хуйвалдааны онолд тулгуурласан баталгаагүй мэдээлэл гэж дүгнэжээ. Тус байгууллагын мэдээлснээр уг мэдээллийн анхдагч эх сурвалж нь хуйвалдааны онол болон баталгаагүй мэдээлэл түгээдгээрээ танигдсан The People’s Voice сайт байжээ. Уг сайтад төрийн баримт бичиг, гэрээ, төлбөрийн баримт бий гэх агуулгыг дурдсан ч түүнийг нотлох баримт огт илрээгүй байна. Иймд уг мэдээллийг баталгаагүй, хуурамч хэмээн дүгнэжээ.

Зургийн тайлбар: Mythdetector баримт шалгах төвийн нийтлэл “Барак Обамаг ‘адренохромын бизнес’-тэй холбоотой гэж үзсэн хуйвалдааны онолууд тархаж байна”

Шалгасан мэдээлэлд дурдагдсан агуулгыг 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр мөн л The People’s Voice дахин түгээсэн байна. Тус сайтад нийтлэгдсэн мэдээллүүд ихэвчлэн албан ёсны баримт бичиг, шүүхийн шийдвэр, баталгаатай судалгааны эх сурвалжаар нотлогдоогүй байдаг бөгөөд ихэнх тохиолдолд нэр бүхий улс төрчид, алдартнуудыг хуйвалдааны онолтой холбон тайлбарласан баталгаагүй мэдээлэл түгээдэг байна. Иймд уг сайтыг найдвартай эх сурвалж гэж үзэх боломжгүй юм.

Ташрамд дурдахад, адренохром нь адреналин исэлдэх үед үүсдэг химийн нэгдэл бөгөөд хуйвалдааны онолуудад дүрслэгддэг шиг “хүүхдээс гаргаж авдаг залуужуулах нууц бодис” биш. Адреналин задарч, исэлдэлтийн урвалд орсны дараа үүсдэг химийн бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, адреналин өөрчлөгдөж задарсны дараа үүсдэг “дайвар бүтээгдэхүүн”гэж ойлгож болно. Уг химийн нэгдэл нь дааврын үүрэггүй тул ямар ч залуужуулах, бие махбодыг сэргээх нөлөөгүй. Иймээс Барак Обамаг адренохромын худалдаа, хүүхдийн булш, хүүхдийн цусны сүлжээтэй холбосон мэдээллүүд нь баримтаар нотлогдоогүй, хуйвалдааны онолын шинжтэй баталгаагүй мэдээлэл юм.

Шалгасан мэдээлэл нь хуйвалдааны онолд тулгуурласан, баталгаагүй агуулга түгээдгээрээ танигдсан эх сурвалжаас гаралтай бөгөөд олон жилийн турш давтагдсаар ирсэн нотолгоогүй сэдвүүдийг дахин түгээсэн байна. Ийм төрлийн мэдээлэл нь албан ёсны баримт, шинжлэх ухааны судалгаа, хууль хяналтын байгууллагын дүгнэлтэд үндэслэдэггүй тул баталгаагүй, хуурамч мэдээлэлд тооцогдох юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Жүжигчин Дензел Вашингтон Ерөнхийлөгч асан Барак Обамаг “Хүүхдийн цусны наймаачин”, “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг”-ээр баривчлах ёстой гэсэн байна” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document