2026 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Khulan’s kitchen нэртэй хаягаас “Кальциар баялаг, ургамлын гаралтай топ гурван хүнсний нэг гүнжидийн үр нь цэвэршилтээс үүссэн ясны сийрэгжилтэд маш сайн. Мөн эмэгтэй дааврыг тэнцвэржүүлдэг. 45-аас дээш насны эмэгтэйчүүд заавал хэрэглээрэй” гэсэн агуулгатай бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэг 3600 гаруй реакц, 101 сэтгэгдэл авч, 2100-аад удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Гүнжидийн үр нь кальци, магни, фосфор, төмөр, цайр, зэс зэрэг яс бэхжүүлж, дархлаа дэмжих эрдэс бодисоор баялаг хүнс юм. Эдгээр эрдсийн нөлөөгөөр гүнждийн үр нь ясны эрүүл мэндэд эергээр нөлөөлөх ч дангаараа ясны сийрэгжилтийг эмчлэх шийдэл болж чадахгүй.
Цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдийн эстроген даавар эрс багасдаг. Энэ дааврын дутагдал нь ясны нягтралд нөлөөлж, яс сийрэгжиж, үе мөчний үрэвсэл үүсэх гол шалтгаан болдог байна.

Энэ талаар 2023 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн “Цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдийн ясны эрүүл мэндэд гүнжидийн үрийн биоидэвхт нэгдлүүд нөлөөлөх нь” тойм судалгаанд дэлгэрэнгүй дурджээ. Уг судалгаанд PubMed, ScienceDirect зэрэг олон улсын судалгааны сангуудын сүүлийн 10 гаруй жилийн датаг нэгтгэж, шинжилсэн байна. Ингэхдээ гүнжидийн үрд агуулагдах биологийн идэвхт бодис болон минералуудад төвлөрчээ. Эл судалгаагаар гүнжидийн үр, тос зэрэг нь цэвэршилтийн дараах яс сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, ясны эрүүл мэндийг хамгаалахад эергээр нөлөөлж буйг илрүүлсэн байна. Учир нь гүнжидийн үрд агуулагдах сезамин, сезамол, сезамолин зэрэг биоидэвхт нэгдлүүд нь эмэгтэй хүний эстроген дааврыг байгалийн аргаар нөхөх фитоестроген нэгдэл, ароматаза ферментийг идэвхжүүлж, ясны эрүүл мэндийг дэмждэг байна. Мөн кальциас гадна магни, цайр зэрэг эрдсүүдийг зохистой харьцаагаар агуулдаг тул ясны эрдэсжилтийг дэмждэг аж. Эдгээр шинж чанаруудаас үүдэн гүнжидийн үрийг цэвэршилтийн дараа хэрэглэхэд тохиромжтой хүнс гэж дүгнэжээ. Гэвч гүнжидийн үр нь дангаараа ясны сийрэгжилтийг бүрэн эмчлэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй хэмээн судлаачдын зүгээс сануулсан байна. Өөрөөр хэлбэл, гүнжидийн үр нь ясны эрүүл мэндийг дэмжихэд тустай ч дангаараа эмчилгээний аргыг орлохуйц хэмжээнд судлагдаагүй байгаа юм.
Мөн “Гүнжидийн үр хэрэглэх нь цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдийн бэлгийн даавар, антиоксидантын байдал болон цусан дахь өөх тосны үзүүлэлтүүдэд нөлөөлөх нь” судалгаанд 26 оролцогчийг хоёр бүлэгт бүлэгт хувааж, 5 долоо хоногийн турш өдөрт 50 г гүнжидийн үр хэрэглүүлэх туршилт явуулжээ. Туршилтаар цусан дахь холестерины хэмжээ багасаж, антиоксидант чанар сайжирсан үзүүлэлт ажиглагдсан байна. Харин дааврын түвшний хувьд гүнжидийн үрд агуулагдах биологийн идэвхт бодисууд нь гэдэсний бичил биетний нөлөөгөөр фитоэстрогенийг идэвхжүүлж, биед эстрогентэй төстэй үйлдэл үзүүлж буйг дурджээ. Гэвч энэхүү нэгдэл нь жинхэнэ эстрогенээс сул чанартай тул дааврын идэвхийг шууд ихэсгэхээс илүү тэнцвэржүүлэх, зохицуулах чиглэлд нөлөөлнө гэдгийг онцолсон байна.Товчхондоо, гүнжидийн үр нь цэвэршилтийн үеийн дааврын тэнцвэрийг дэмжихэд ач холбогдолтой ч эстроген дааврыг шууд нэмэгдүүлэхүйц нөлөөгүй юм.
Гүнжидийн үр нь зарим хүнд загатнах, тууралт өгөх, уруул хавагнах, амьсгал боогдох зэргээр харшлын аюултай урвал үзүүлэх эрсдэлтэй. Мөн хүн бүрийн гэдэсний ашигтай бактерийн орчноос хамаарч харилцан адилгүй үйлчилдэг тул өөрийн биеийн онцлогт тохируулж хэрэглэх нь зүйтэй.
Гүнжид нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудаас зарласан “Хамгийн ихээр харшил үүсгэдэг 9 хүнс“-ний нэгд албан ёсоор тооцогддог. Харшлын хариу урвал нь арьс занах, тууралт гарах, уруулаар хавдах, хоол боловсруулах зам хямрах зэргээр илэрдэг. Харин хүндэрсэн үед амьсгал боогдох, даралт огцом унах зэргээр амь насанд аюултай нөхцөл үүсгэж болзошгүй. Мөн гүнжидийн үр нь илчлэг өндөртэй тул зохисгүй хэрэглэх нь жин нэмэгдэхэд нөлөөлдөг байна.
Үүнээс гадна гүнжидийн хальсанд агуулагддаг фитат хэмээх бодис нь бие дэх кальци, магни, цайр зэрэг эрдсийн шимэгдэлтийг хааж, хоол боловсруулах замыг хямраадаг аж. Дэлгэрүүлбэл, гүнжидийн хальсанд агуулагддаг фитат, оксалат гэх бодисууд нь кальци, магни, цайр, төмөр зэрэг эрдэс бодисуудтай барьцалдаж, биед шимэгдэлгүйгээр гадагшилдаг байна. Энэ нь урт хугацаандаа эрдсийн дутагдалд оруулж болзошгүй юм. Иймд гүнжидийн үрийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай тохиолдолд зөв боловсруулж, тохирсон тунгаар хэрэглэх нь зүйтэй.
Дүгнэлт
Гүнжидийн үр нь ясны эрүүл мэндэд тустай олон төрлийн эрдэс бодисоор баялаг тул цэвэршилтийн үед хэрэглэхэд тохиромжтой хүнсэнд тооцогддог байна. Гэвч ясны сийрэгжилт, дааврын нөлөөллийг бүрэн эмчлэх шийдэл биш. Мөн харшил үүсгэх эрсдэлтэй ба урт хугацааны зохисгүй хэрэглээ нь хоол боловсруулах замыг хямрааж, эрдсийн дутагдалд оруулж болзошгүй юм. Иймд мэргэжлийн хүнтэй зөвлөлдөж, шаардлагатай тохиолдолд тохирсон тунгаар, зөв боловсруулж хэрэглээрэй.




