2026 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Tuvshin Jargal хаягаас “…Өндөр хөгжилтэй улс орнууд ураны олборлолтоос үүссэн байгаль орчны гамшигийг маш өндөр үнээр саармагжуулж, хоргүйжүүлдэг. Жишээлбэл: Тухайн үеийн социалист Германы Тюринген, Заксен мужуудад 1946-1990 оны хооронд 240,000 тонн ураныг оросууд олборлож өөрийн цөмийн зэвсэг болон атомын цахилгаан станцууддаа ашигласан байдаг. 1990 онд 2 Герман улс нэгдсэнээр ураны олборлолтыг зогсоож 1991 оноос өнөөг хүртэл 7,8 тэрбум евроны нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа. Нөхөн сэргээлтийн ажлыг 2050 онд дуусахаар төлөвлөсөн ба дахиад 6,2 тэрбум еврог зарцуулахаар төсөвлөсөн. Байгаль орчноо нөхөн сэргээхийн тулд германууд 60 жил ажиллах ба нийтдээ 14 тэрбум евро буюу 16 тэрбум ам. доллар зарцуулна…” гэсэн агуулгатай пост (архивласан хувилбар) нийтэлсэн байна. Уг пост 1,200 гаруй реакц, 121 сэтгэгдэл авч, 1,700 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
ХБНГУ-ын Эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2023 онд гаргасан “Висмут Уул уурхайн нөхөн сэргээлт – хариуцлага хүлээх нь, ирээдүйг бүтээх нь” гарчигтай тайланд “Холбооны өмчит “Висмут” компани нь Саксони болон Тюринги мужуудад урьд өмнө нь явагдаж байсан ураны хүдрийн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанаас үлдсэн хор уршгийг арилгах, нөхөн сэргээх ажлыг өдгөө 30 дахь жилдээ хэрэгжүүлж байна. 1990 онд Герман улс эргэн нэгдэхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс энэхүү зорилтын нийгмийн болон санхүүгийн бүх хариуцлагыг дангаараа хүлээсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийтдээ долоон тэрбум орчим еврогийн санхүүжилтийг олгоод байна” гэжээ.

Мөн тус тайланд, нөхөн сэргээлтийн ажлын үр дүнд ихэнх талбайн үндсэн ажил амжилттай дууссан талаар онцолж, зарим объектод усны менежмент, байгаль орчны хяналт, шинжилгээ зэрэг урт хугацааны үйл ажиллагаа үргэлжилж байна хэмээн мэдээлжээ.
1946-1990 оны хооронд Висмут компани нийтдээ орчим 220,000 тонн уран үйлдвэрлэсэн ба ихэнхдээ ураныг ил болон далд уурхайн аргаар олборлож байжээ
Дэлхийн эрчим хүчний мэдээллийн албаны нэг хэсэг болох “WISE uranium project” мэдээллийн сайтад Зүүн Германы уран олборлолтын талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ. Тодруулбал, 1946-1990 онд Герман улсад ихэнх ураныг ил болон далд уурхайн аргаар олборлож байжээ. Харин “Кёнигштайн” далд уурхайг 1980-аад оны эхээр газар доор нь уусган олборлох арга руу шилжүүлсэн байна.

- Ил уурхайн олборлолт (Open-pit mining) аргыг уран нь газрын гадаргатай ойрхон байрласан тохиолдолд ашигладаг. Гадаргын хөрсийг хуулж, ураны хүдэрт хүрсний дараа олборлолт явуулдаг. Өртөг, зардал бага хэдий ч байгаль орчинд илүү их хохирол учруулдаг арга юм.
- Далд уурхайн олборлолт(Underground mining) гэдэг нь газар доор хонгил, шурф гаргаж уран олборлох арга юм. Байгаль орчинд хохирол учруулах нь бага боловч ажиллах орчин хүнд, аюултайд тооцогддог байна.
- Газар доор уусган олборлолт (ГДУО) буюу In-Situ Leach Mining (ISL) аргыг уран нь ус нэвтрүүлэх чадвартай чулуулагт оршдог үед хэрэглэнэ.
Шалгасан мэдээлэлд дурдсан нөхөн сэргээлтийг олон жилийн турш хийж байгаа талаар мөн “WISE uranium project” сайтад дэлгэрэнгүй тайлбарласан байна. Тодруулбал, ил уурхайн хөрс хуулалт болон далд уурхайн олборлолтын явцад маш их хэмжээний хаягдал чулуулаг үүссэн байна. Эдгээр овоолгууд нь ердийн чулуулагтай харьцуулахад цацраг идэвхийн өндөр агууламжтай байдаг. Эдгээр бүх овоолго нь уурхайг хаасны дараа нөхөн сэргээлтийг хангалтгүй тохиолдолд агаарт радон хий ялгаруулах сөрөг нөлөөтэйг онцолжээ.
Түүнчлэн зарим тохиолдолд ураныг баяжуулах үйлдвэрт боловсруулахад эдийн засгийн хувьд үр ашиггүй, хэт бага агууламжтай хүдрийг овоолгоор уусган баяжуулах буюу “heap leaching” технологиор боловсруулдаг байжээ. Хүхрийн хүчил агуулсан уусгагч шингэнийг овоолгын орой руу шахаж, тэндээсээ хүдрээр дамжин нэвчиж, овоолгын доор суурилуулсан хамгаалалтын үе давхаргад хүрч, тэндээс уран агуулсан шингэнийг цуглуулж, боловсруулах үйлдвэр рүү дамжуулдаг арга байна.

Ураны агууламж багатай хүдрийг овоолгоор уусган баяжуулах аргыг Висмут компанийн “Гессенталын овоолго” болон “Кёнигштайн овоолго” зэрэгт өргөн хүрээнд ашиглаж байжээ.
Мөн ашиглалтын хугацаанд эдгээр овоолго нь тоосжилт үүсгэх, радон хий ялгаруулах, мөн уусгагч шингэн алдагдан хөрс, усанд нэвчих зэрэг эрсдэл дагуулдаг байна. “Тюрингийн бүсийн хүдэрт пирит хэмээх эрдэс агуулагддаг байсан бөгөөд хур тунадас болон агаарын нөлөөгөөр овоолгын дотор хүхрийн хүчил тасралтгүй үүсэх нөхцөл бүрддэг” гэжээ.
Үүний улмаас уран болон бусад бохирдуулагч бодисууд удаан хугацаанд уусч, газрын доорх усанд нэвчих эрсдэл үүсгэдэг бөгөөд энэ нь хэдэн зуун жилийн турш үргэлжлэх боломжтой гэж үздэг.
Дээрх хэсгийг дүгнээд хэлбэл, шалгасан мэдээлэлд дурдсан Германд ураны олборлолтын дараах нөхөн сэргээлтийн ажил олон арван жилийн турш үргэлжилж байгаа нь үнэн боловч 1946–1990 оны хооронд ураны ихэнхийг ил болон далд уурхайн арга, мөн овоолгоор уусган баяжуулах аргаар олборлосон бөгөөд эдгээр аргын улмаас үүссэн байгаль орчны сөрөг нөлөөг арилгахад их хэмжээний хөрөнгө, урт хугацааны нөхөн сэргээлтийн ажил шаардлагатай болсон байна.
Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар“Газрын доорх усны нөхцөлийг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн зөвлөмжийн дагуу Төслийн үйл ажиллагаа эхлэхээс өмнөх үеийн буюу Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тодорхойлсон шатлал бүхий түвшинд, усны хэрэглээний анхны ангилал хүртэл нөхөн сэргээж, арав (10)-аас доошгүй жилийн хугацаанд хяналт тавих үүрэгтэй” гэжээ.
2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан.
Уг гэрээний 3.4-т Төсөл хэрэгжих үе шатыг зааж өгсөн. Үүнд
- “а. Төслийн үйл ажиллагаа дараах үе шатуудад хуваагдана.
- (i) Бүтээн байгуулалтын үе шат;
- (ii) Уурхайн ашиглалтын үе шат;
- (iii) Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үе шат.
- b. Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компани нь Бүтээн байгуулалтын үе шатыг дөрвөн (4) жилийн дотор дуусгахыг эрмэлзэнэ” гэжээ.
Мөн 10.2-т Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн талаар зааж өгсөн байна. Тодруулбал:
- “Төсөл хэрэгжүүлэгч компани нь ОУАЭА-ийн ТЕКДОК-1239 (Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 160 дугаар тогтоолын хавсралт)-д заасан олон улсын сайн туршлагад нийцсэн, эсхүл Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үе шат хэрэгжих үед үйлчилж буй аливаа бусад холбогдох аргачлалд үндэслэсэн технологийн шийдлүүдийг ашиглан газрын доорх усны чанарыг нөхөн сэргээх үүрэгтэй. Газрын доорх усны нөхцөлийг ОУАЭА-ийн зөвлөмжийн дагуу Төслийн үйл ажиллагаа эхлэхээс өмнөх үеийн буюу Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тодорхойлсон шатлал бүхий түвшинд, усны хэрэглээний анхны ангилал хүртэл нөхөн сэргээж, арав (10)-аас доошгүй жилийн хугацаанд хяналт тавих үүрэгтэй. Холбогдох Төрийн эрх бүхий байгууллагуудаар хянуулан баталгаажуулсны дараа Уурхайн хаалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж дууссан гэж үзэж, холбогдох Төрийн эрх бүхий байгууллага нь Төсөл хэрэгжүүлэгч компанид Уурхайн нөхөн сэргээлт дууссан тухай тодорхойлолт олгоно” гэжээ.




