2026 оны 03 дугаар сарын 19-нд USA Health Care нэртэй хуудаснаас нүдний хараа сайжруулж, болор цайх өвчний үед хэрэглэх нүдний дусаалга сурталчилсан 10 гаруй минутын урттай бичлэг нийтэлснийг нийт 222 реакц, 365 сэтгэгдлээр идэвхжүүлж, 228 удаа цааш түгээжээ. Тус бичлэгт “Нүдний болор цайх асуудлыг багасгахад тусалсан. Ердөө нэг сар хэрэглэсний дараа нүдний байдал мэдэгдэхүйц сайжирсан. Аз болоход би АНУ-ын найрлагатай нүдний дусал хэрэглэсэн. Урьд нь миний хараа ойролцоогоор 3 байсан. Харин одоо бараг нүдний шил хэрэглэх шаардлагагүй болсон. Нүд бүдгэрэх, хорсох, эсвэл болор цайх шинж тэмдэгтэй хүмүүст энэ нүдний дуслыг хэрэглэхийг зөвлөж байна… Таны нүд байнга улайж, хуурайшиж, ядарч байна уу. Энэ нь дараах нүдний асуудлын шинж тэмдэг байж болно. Болор цайх, нүдний даралт ихсэн эсвэл нүд хуурайших…100 хувь ургамлын гаралтай. Сөрөг нөлөөгүй өдөрт 2 удаа хэрэглэнэ” гэх агуулгыг дурдсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Нүдний болор цайх эмгэг (cataract) нь гэрлийн цацрагийг төвлөрүүлэхэд тусалдаг тунгалаг линз буюу болор нь тунгалаг чанараа алдаж бүүдэгшин, хараа фокусгүй, сарнисан байдлаар харах үзэгдэл юм. Болор цайх эмгэг нь эхэн шатандаа мэдэгдэхгүй байх магадлалтай ч удаан хугацаанд болор цайх эмгэг нь хараагаа алдахад ч нөлөөлдөг. Насжилттай холбоотой болор цайх эмгэгийн тохиолдолд илүү элбэг байдаг аж. Нас ахих тусам болрын уургууд задарч, бөөгнөрөх үед үүлэрхэг толбо үүсдэг бөгөөд энэ нь хараанд нөлөөлдөг байна.
Шалгасан бичлэгт АНУ-ын Хүнс, Эмийн агентлагийн логог байршуулсан нь тус байгууллагаас баталгаажсан, зөвшөөрөлтэй гэх ойлголтыг өгч байна. Гэвч АНУ-ын Хүнс, Эмийн агентлагаас нүдний болор цайх өвчин, торлог бүрхэвчийн эмгэг, нүдний даралт ихсэх зэрэг өвчнийг эмчлэх зориулалттай гэж сурталчилж буй бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөж, эдгээр өвчнийг эмчлэх жоргүй олгодог ямар ч бүтээгдэхүүн байхгүй хэмээн анхааруулсан.
Мөн АНУ-ын үндэсний нүдний хүрээлэн, Жон Хопкинс анагаах ухааны их сургуулийн төв, Кливланд клиник, Их Британийн үндэсний эрүүл мэндийн алба зэрэг байгууллагын албан ёсны сайтад нүдний болор цайх эмгэгийг мэс заслын аргаар эмчлэх нь үр дүнтэй хэмээн дурджээ.
Үргэлжлүүлэн энэхүү мэдээллийг бид баримт шалгах анхан шатны аргаар шалгалаа. Үүнд хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах алхмууд багтана. Аливаа мэдээллийг доорх аргаар шалгаж хэвшээрэй.
Хаяг шалгах

USA Health Care хуудасны ил тод байдлын хэсгийг шалгахад 2026 оны 01 дүгээр сарын 13-нд нээгдсэн бөгөөд Вьетнамаас 5, Непалаас 1 админ удирдаж байна. Пэйжийн ангиллаа “эмнэлэг, эрүү мэнд” гэж оруулжээ. Гэвч байгууллагын хаяг байршил, танилцуулга зэрэг ерөнхий мэдээлэл огт оруулаагүй байна. Хуудасны мэдээлэлд 721167** гэх дугаарыг холбожээ. Тус дугаарыг хайхад гэр ахуй, гоо сайхны бараа сурталчилж буй Вьетнамаас удирдлагатай пэйжүүд илэрцээр гарч ирлээ.
Зургаар хайх

Аливаа мэдээлэл түгээсэн хаягийг шалгасны дараа бичлэг зургийг шалгах нь зүйтэй. Шалгасан бичлэгийг сайтар ажиглавал харуулж буй бүтээгдэхүүн хоорондоо ялгаатай бөгөөд бичлэгийн дүрс, аудио зэрэг нь жинхэнэ хүн биш хиймэл оюунаар бүтээсэн байгааг харж болно. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн сэтгэгдэл мэт харагдуулах гэж хиймэл оюунаар бүтээсэн байна.
Дээрх бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад онлайн худалдааны сайтуудад ижил сав баглаатай ч өөр брэндийн нэршилтэй худалдаалагдаж байна. Тодруулбал, Moloovo сайтад “ceoerty”, Noon сайтад “Ximonth” гэх нэршлээр худалдаалагдаж байгаа бол Amazon сайтад ямар ч логогүй байна. Мөн үйлдвэрлэгч компанийн тухай нээлттэй мэдээлэл байхгүй, шошго, сав баглаа өөр байгаа бөгөөд эл бүтээгдэхүүнийг баталсан албан ёсны гэрчилгээ эсвэл аливаа өвчнийг эмчилдэг эсэхийг нотолсон судалгаа байхгүй байна. Өөрөөр хэлбэл, Вьетнамаас удирддаг хуурамч хаягаас чанар, аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна.
Агуулгыг нягтлах
Хаяг шалгасны дараа түгээсэн мэдээллийн агуулгыг нягталж, сэжигтэй зүйл байгаа эсэхийг хараарай. Гаднын улсаас удирдаж буй хуурамч хаяг ихэвчлэн үг үсэг, найруулгын алдаатай мэдээлэл түгээдэг. Жишээлбэл, шалгасан мэдээлэлд “АНУ-ын найрлагатай нүдний дусал”, “Бидний нүдийг хамгаалж, арчилья” гэх мэт найруулгын алдаатай текст оруулж, хиймэл оюунаар бүтээсэн бичлэг, аудио ашигласан байна. Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд хавсаргасан сайт руу орж үзэхэд спам сайтын шинж тэмдгүүд илэрлээ. Сайтын нэршил, хэлбэр хийц нь нэг хуудас буюу дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжгүй, зөвхөн утасны дугаар, хаяг байршил, нэр зэрэг хувийн мэдээлэл авах хүснэгттэй байгаа нь албан ёсны сайт биш болохыг илтгэж байна. Хэрэв мэдээллээ бөглөсөн тохиолдолд эргэж холбогдох нь баталгаагүй, холбогдох утасны дугаар, хаяг байршил, хүргэлтийн нөхцөлийн тухай мэдээлэл огт байхгүй байна.
Дүгнэлт
Вьетнам улсаас удирддаг хуурамч хуудаснаас чанар, аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүнийг “нүдний даралт, болор цайх эмгэгийг эдгээнэ” гэж худал сурталчилж байна. Иймд эмчилгээний бүтээгдэхүүн гэж сурталчилж буй аливаа бүтээгдэхүүнийг шууд худалдан авалгүй, эмнэлэгт хандаж, нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.




