2026 оны 05 дугаар сарын 21-нд Урт Тэрэгтэн нэртэй хаягаас “Цэрэг армийн мэдээ мэдээлэл” гэх бүлгэмд “Газын зурвас дахь иргэдэд туслахаар дэлхийн өнцөг булан бүрээс очсон олон улсын иргэдийг Израйл баривчилж гавлаад тамлан зовоож байна” гэх тайлбартайгаар хэд хэдэн хүмүүсийг газарт суулгаж буйг дүрсэлсэн зураг (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус постыг нийт 320 реакц, 54 сэтгэгдлээр идэвхжүүлж, 92 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
2026 оны 05 дугаар сарын 18-аас 19-ний хооронд Израйл улсын Газын зурвасын бүслэлтийг нэвтрэхийг оролдсон Глобал Сумуд (Global Sumud) тусламжийн цувааны хөлөг онгоцнуудыг саатуулж, Палестиныг дэмжигч олон улсын тэмцэгч, активистуудыг баривчилсан. Глобал Сумуд хөдөлгөөний 50 гаруй хөлөг онгоц байсан бөгөөд Израйл улс 41 улсын 420 гаруй хүнийг баривчилж, саатуулжээ.
Уг үйл явдалтай холбоотой Израйлын Үндэсний аюулгүй байдлын сайд 2026 оны 05 дугаар сарын 20-нд Итамар Бен Гвир X (хуучнаар Twitter) хаягтаа “Израйлд тавтай морил, Терроризмын дэмжигчдийг бид ингэж л хүлээн авдаг” гэх тайлбартайгаар нэлээд олон хүмүүсийг баривчилж, газар сөгдүүлж буйг харуулсан бичлэг нийтэлжээ. Үүний дараагаар тус бичлэг, бичлэгийн хэсэгт сошиал орчинд өргөн түгж, хэрэглэгчдийн анхаарлыг татаж, улс орнуудын гадаад харилцааны яамнаас эсэргүүцэл, бухимдлаа илэрхийлсэн.
Израйлын Ерөнхий сайд эл бичлэгтэй холбоотойгоор “Израйл улс Хамас-ын террорист дэмчигчдийн өдөөн хатгасан тусламжийн цувааг зогсоох бүрэн эрхтэй хэдий ч Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвирийн тэмцэгчидтэй харьцсан арга барил нь Израйл улсын үнэт зүйл, хэм хэмжээнд нийцэхгүй” хэмээн шүүмжилсэн тухай AP агентлагийн мэдээлэлд онцолжээ. Тэмцэгчдийг баривчилсанаас хойш 3 хоногийн дараа буюу 2026 оны 05 дугаар сарын 21-нд бүгдийг нь сулласан хэмээн мэдээлжээ.
Ташрамд дурдахад Глобал Сумуд тусламжийн цуваа нь Израйлаас Газын зурваст тогтоосон бүслэлтийг эсэргүүцэх, тухайн бүсэл хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилготой олон улсын тэмцэгчид болон хүмүүнлэгийн аяны далайн цуваа, үүнтэй холбогдох үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг хөдөлгөөн юм.
Дүгнэлт
Израйл улс 05 дугаар сарын 19-нд Газын зурваст нэвтрэх гэсэн Глобал Сумуд хөдөлгөөний тусламжийн цувааг саатуулж, 420 гаруй тэмцэгчидийг баривчилсан бөгөөд шалгасан зураг нь Израйлын Үндэсний аюулгүй байдлын сайд өөрийн хаягтаа нийтэлсэн бичлэгийн хэсэг юм.




