Search

Эрүүгийн хуульд”гүтгэх доромжлох”заалт оруулах талаар бүрэн бус мэдээлэл өгч, НҮБ болон хүний эрхийн төлөөх байгууллагууд эсэргүүцдэг талаар дурдаагүй байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1905

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “…УИХ нэгэнт ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээгээд авчихсан. Тэгэхээр үүнийг эхний хувилбараар нь дэмжээсэй гэж хүсэж байна. Дараа нь харин засаг руу явуулахдаа Байнгын хорооноос нэн яаралтай боловсруулж… түүнээс айгаад, арагшаа ухраад, суугаад байж болохгүй. Энэ дээр нэн яаралтай үргэлжлүүлээд ажиллаж, D parliament дээр тавьж, дахин саналууд авч байгаад оруулж ирэх ёстой. Сэтгүүлчид ч гэсэн үүнийг ойлгож хүлээж аваарай. Ийм заалтгүй хуультай орон гэж байхгүй шүү. Ганц хоёр оронд тийм байгаа. Түүнээс манайх шиг тогтолцоотой Герман, Итали, Япон гэсэн оронд тийм заалт байгаа. Польшид бол бүр гүтгэн доромжлох-insult гэсэн заалттай, тэр манайд байхгүй. Гүтгэн доромжлох заалт байхгүй Эрүүгийн хуультай яваад байж болохгүй. Тэгэхээр үүнийг оруулж ирнэ шүү гэдгийг эхнээс нь хэлэх нь зөв байх…” гэж ярьсан бичлэг түгээжээ. 

Баримт шалгалтын үр дүн

“Эрүүгийн хуулийн шинэчлэлд гүтгэх доромжлохыг нэн яаралтай заавал оруулж ирэх” талаар ярихдаа зөвхөн эрүүгийн хүрээнд шийдвэрлэдэг улсуудын жишээг дурдаж, НҮБ болон хүний эрхийн төлөөх олон улсын байгууллагуудын эсэргүүцдэг байр суурийг хэлээгүй нь олон нийтэд бүрэн бус ойлголт төрүүлэхээр байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Дамдины Цогтбаатарын хэлсэн үг цахим орчинд түгсэн. Тэрээр “Сэтгүүлчдэдээ хандаж нэг юм хэлэхэд, энэ хуулинд сэтгүүлчид эмзэглээд байгаа. Эмзэглэх нь ч аргагүй. Яагаад гэвэл сэтгүүлчдийн эрх чөлөөний нөхцөл байдал тийм ч төгс биш байгаа гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Тэгэхээр энэ дээр сайжруулах маш их юм байгаа. Гэхдээ Эрүүгийн хуулиас бүхэл бүтэн энэ заалтыг зөвхөн сэтгүүлчдийг бодоод аваад хаячихаж бас болохгүй байгаа. Тийм учраас, байр сууриа гишүүддээ хандаж хэлэхэд, энд байгаа хуульд аль болохоор сэтгүүлчдийг оруулахгүй талаас нь хийсэн байгаа ч гэсэн төсөв, Эрүүгийн хууль гэсэн хуулиудыг Засгийн газраас оруулж ирэх нь зөв. Сэтгүүлчдэдээ хандаж хэлэхэд, Эрүүгийн хуульд ийм заалт орж ирнэ шүү. Энэ нь гэхдээ сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдах байдлаар ерөөсөө томьёологдож орж ирж болохгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн хамгийн чанд сахигдсан үнэт зүйл, ёстой дархлан хамгаалагдсан зүйл. Тийм учраас ийм байдлаар орж ирж болохгүй. Энэ дээр ч гэсэн аль болох тэр талаас нь томьёолж оруулж ирсэн байна.

УИХ нэгэнт ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээгээд авчихсан. Тэгэхээр үүнийг эхний хувилбараар нь дэмжээсэй гэж хүсэж байна. Дараа нь харин засаг руу явуулахдаа Байнгын хорооноос нэн яаралтай боловсруулж… түүнээс айгаад, арагшаа ухраад, суугаад байж болохгүй. Энэ дээр нэн яаралтай үргэлжлүүлээд ажиллаж, D parliament дээр тавьж, дахин саналууд авч байгаад оруулж ирэх ёстой. Сэтгүүлчид ч гэсэн үүнийг ойлгож хүлээж аваарай. Ийм заалтгүй хуультай орон гэж байхгүй шүү. Ганц хоёр оронд тийм байгаа. Түүнээс манайх шиг тогтолцоотой Герман, Итали, Япон гэсэн оронд тийм заалт байгаа. Польшид бол бүр гүтгэн доромжлох-insult гэсэн заалттай, тэр манайд байхгүй. Гүтгэн доромжлох заалт байхгүй Эрүүгийн хуультай яваад байж болохгүй. Тэгэхээр үүнийг оруулж ирнэ шүү гэдгийг эхнээс нь хэлэх нь зөв байх” гэжээ.

  • Постын тайлбар нь: “Үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол Үндсэн хуулиар дархлагдсан үнэт зүйл. Энэ бол халдашгүй, хамгаалагдсан хүний суурь эрх. Үүнийг ямар нэгэн гоё томьёогоор чимсэн байдлаар далдуур хяхна гэдэг ойлголт байж болохгүй. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар тогтоол буюу худал мэдээлэл тараах, түгээх тухай асуудлыг хуулийн хүрээнд зохицуулахдаа дээрх максимыг сайтар тооцож боловсруулах ёстой. Харин хуулийн ийм зохицуулалт огт байхгүй хуулийн тогтолцоотой байх тухай асуудал бас огтоос байж болохгүй” гэсэн байна.
  • Сэтгэгдэл хэсэгт: “… таны хэрэглэж буй ‘хэвлэн нийтлэх эрх’ гэдэг ухагдахуун өөрөө баримттай, үндэслэлтэй зүйлийг хэвлэн нийтлэх тухай л ойлголт; түүнийг эрх мэдэлтнүүд ил далд аргаар хаацайлах боломжийг хязгаарлах тухай л ойлголт. Түүнээс сэтгүүлчид, сурвалжлагчид бусдыг гүтгэхийг ‘эрх’ нэрээр хамгаалсан ойлголт огтоос биш. Сэтгүүлч нь бна уу, улстөрч нь бна уу, иргэн нь бна уу, хэн нь ч хүн гүтгэчихээд энэ ‘эрх’-ийн ард нуугдах ухагдахуун хэвлэн нийтлэх эрх’-ийн тухай ойлголтод байдаггүй. Хаана ч тийм. Тиймээс энэ асуудлыг нарийвчилж зохицуулсан хуульгүй байж болохгүй гэдгийг цохоод боловсруулж оруулж ирэхийг манай байнгын хороо ЗГ-т чиглэл болгож буй. Тэгээд ч энэ ажлын эхлэлийг манай байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг хийчихсэн байгаа” гэжээ.

Дурдсан улсуудад Эрүүгийн хуульдаа гүтгэх, доромжлохтой холбоотой заалттай нь үнэн

Д.Цогтбаатар гишүүний дурдсан улсууд худал мэдээлэл тарааж хүний нэр хүндэд хохирол учруулахтай холбоотой Эрүүгийн болон Иргэний хариуцлагын заалтууд байдаг нь үнэн. Тухайлбал:

  • ХБНГУ-ын Эрүүгийн хуульд 185-р зүйлд Insult (доромжлол), 186-р зүйлд Malicious gossip, 187-р зүйлд Defamation (гүтгэлэг) гэсэн тусгай бүлэг байна. Торгууль болон нэг жил хүртэл хорих ялтай.
  • Италид “defamation” нь эрүүгийн гэмт хэрэг хэвээр бөгөөд олон хүнд тараасан нэр төр гутаасан мэдээлэлд эрүүгийн хариуцлага тооцож болдог.
  • Японы Эрүүгийн хуульд 231-р зүйл (Insult – доромжлол), 230-р зүйлд (Defamation – гүтгэлэг) гэсэн тусдаа заалтууд байдаг. 2022 онд Япон “insult” буюу доромжлолын шийтгэлийг чангаруулж, нэг хүртэл жилийн хорих ял, өндөр торгууль оногдуулах боломжтой болгосон.
  • Польшид мөн defamation (гүтгэлэг), insult (доромжлол / zniewaga) гэсэн эрүүгийн зохицуулалт байдаг. Тиймээс “insult гэсэн заалттай” гэж хэлж буй нь үнэн. Гэвч…

Ганц хоёр оронд л Эрүүгийн хуульдаа гүтгэх, доромжлох заалт байхгүй” гэх агуулга төөрөгдүүлсэн

Д.Цогтбаатар гишүүн мөн хэлсэн үгэндээ, “Ийм заалтгүй хуультай орон гэж байхгүй шүү. Ганц хоёр оронд тийм байгаа” гэсэн нь бодит байдлаас зөрж байна. UNESCO-ийн 2022 оны судалгаанд 2003–2018 оны хооронд дор хаяж 5 улс эрүүгийн хуулиасаа гүтгэлэг, доромжлолын заалтаа бүрэн халж, хэд хэдэн улс хэсэгчлэн эрүүгийн хариуцлагаас гаргасан гэж дурдсан байдаг. Гэвч харамсалтай нь дэлхийн улсуудын 80 орчим хувь нь үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрүүгийн хариуцлагад татах эрх зүйн орчинтой хэвээр байна.

Эрүүгийн хуулиасаа гүтгэх, доромжлох заалтыг хүчингүй болгосон улсуудын жишээг дор үзүүллээ.

УлсОгнооШийдвэрлэсэн ньТайлбар
1. Их Британи2009–2010Эрүүгийн журмаар шийтгэдэг гүтгэлэгАнгли, Уэльс, Умард Ирландад шүүхийн жишиг эрх зүйд суурилсан эрүүгийн гүтгэлгийн зохицуулалтуудыг хүчингүй болгосон (Edmonds Marshall McMahon)
2. Ирланд2024Эрүүгийн хуулийн гүтгэлгийн заалтОлон улсын шүүмжлэлийн дараа эрүүгийн гүтгэлгийн заалтыг бүрэн хүчингүй болгосон. (Defamation (Amendment) Act 2026)
3. Гүрж2004Эрүүгийн хуулийн гүтгэлгийн заалтПост-социалист орнууд дундаас эрт decriminalization хийсэн жишээ. (Гүтгэлгийн талаарх олон улсын семинар 2008.ARTICLE 19)
4. Эстон2000-аад онЭрүүгийн хуулийн гүтгэлгийн заалтНэр төрийн маргааныг иргэний журмаар шийдвэрлэх болсон. (Гүтгэлгийн талаарх олон улсын семинар 2008.ARTICLE 19)
5. Босни Герцеговен2002–2003Эрүүгийн хуулийн гүтгэлгийн заалтЕвроп дахь хэвлэлийн эрх чөлөөний реформын жишээ гэж дурдагддаг. (Гүтгэлгийн талаарх олон улсын семинар 2008.ARTICLE 19)
6. Мексик2007Холбооны улсын хэмжээнд үйлчилдэг эрүүгийн гүтгэлгийн зохицуулалтХолбооны түвшинд эрүүгийн гүтгэлгийг халсан, дараа нь олон муж дагаж өөрчилсөн. (Гүтгэлгийн талаарх олон улсын семинар 2008.ARTICLE 19)
7. Шинэ Зеланд1990-ээд оноос практикт, дараа нь бүрэн шинэчлэлүүд хийсэнCriminal libel төрлийн хуучин зохицуулалтуудҮзэл бодлоо илэрхийлэх эрхийн хамгаалалт руу шилжсэн. (Гүтгэлгийн талаарх олон улсын семинар 2008. ARTICLE 19)
8. Норвег2009/2015Defamation-related criminal provisionsШинэ Penal Code хүчин төгөлдөр болох үед гүтгэлгийг эрүүгийн гэмт хэргээс хассан. Norwegian Penal Code (Lovdata)
9. Гана2001Эрүүгийн журмаар шийтгэдэг гүтгэлэгАфрикт хамгийн их иш татагддаг decriminalization жишээний нэг. (Гүтгэлгийн талаарх олон улсын семинар 2008.ARTICLE 19)
10. Кипр2000-аад онЭрүүгийн хуулийн гүтгэлгийн заалтИргэний журмын зохицуулалт руу шилжсэн. (Гүтгэлгийн талаарх олон улсын семинар 2008.ARTICLE 19)

Олон улсын байгууллагууд Эрүүгийн хуульд үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой заалт оруулахыг эсэргүүцдэг

НҮБ-ын Хүний эрхийн хороо, OHCHR, ARTICLE 19, RSF, ICJ зэрэг олон улсын хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний байгууллагууд гүтгэлэг, доромжлол, “худал мэдээлэл тараах” зэрэг үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохыг тогтмол шүүмжилж ирсэн. Тэд ийм зохицуулалт нь сэтгүүлч, иргэний нийгэм, шүүмжлэгчдэд “chilling effect” буюу айдас, өөрийгөө цензурдэх орчин үүсгэдэг бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах эрсдэлтэй гэж үздэг. Ялангуяа НҮБ-ын Хүний эрхийн хороо “Гүтгэлгийг эрүүгийн эрх зүйгээр шийдвэрлэхээс татгалзахыг улсууд авч үзэх ёстой, хорих ял хэзээ ч зохистой шийтгэл биш” гэж онцлон зөвлөсөн байдаг. Дэлгэрүүлбэл:

  • НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтэд хяналт тавьдаг, тус пактын албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхтэй байгууллага болох НҮБ-ын Хүний эрхийн хороо нь 2011 онд баталсан “General Comment No.34” тайлбартаа гүтгэлгийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох асуудалд шүүмжлэлтэй хандаж, “улсууд гүтгэлгийг эрүүжүүлэхээс татгалзах боломжийг авч үзэх ёстой, хорих ял хэзээ ч зохистой шийтгэл биш” гэж дүгнэсэн. Мөн “гүтгэлэгтэй холбоотой хууль тогтоомж нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилох хэрэгсэл болж болохгүй” гэж онцолсон. (UN Human Rights Committee – General Comment No.34)
  • Мөн Office of the United Nations High Commissioner for Human Rights (OHCHR) буюу НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар үзэл бодлоо илэрхийлэх эрхийн талаарх тайлбар материалдаа “гүтгэлэг, доромжлолыг эрүүгийн хуулиар зохицуулах нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хууль бус хязгаарлалт байж болзошгүй тул улсууд ийм хуулиудыг хүчингүй болгох ёстой” гэж зөвлөсөн байдаг. (OHCHR – Freedom of Opinion and Expression Factsheet)
  • Дэлхийн 180 орчим улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг жил бүр үнэлдэг Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) олон улсын байгууллага мөн Эрүүгийн хууль дахь гүтгэлгийн заалтууд нь сэтгүүл зүйд дарамт учруулж, төрийн эрх мэдэлтнүүд шүүмжлэлийг дарахад ашиглагдах эрсдэлтэйг анхааруулж ирсэн. RSF-ийн гарын авлага, бодлогын баримт бичгүүдэд нэр төр, алдар хүндтэй холбоотой маргааныг эрүүгийн бус, иргэний журмаар шийдвэрлэх нь ардчилсан нийгэмд илүү нийцнэ гэж тайлбарласан байдаг. (RSF – Defence Handbook for Journalists and Bloggers)
  • Үзэл бодлоо илэрхийлэх эрх, мэдээллийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын хүний эрхийн байгууллага ARTICLE 19 болон авлигын эсрэг дэлхийн томоохон сүлжээ Transparency International нар Монгол Улсад гүтгэлгийг дахин эрүүгийн хуульд оруулах асуудлаар гаргасан хамтарсан мэдэгдэлдээ “гүтгэлгийг эрүүгийн хэрэгт оруулах нь хэвлэлийн эрх чөлөөнд үзүүлж буй түгшүүртэй халдлагын нэг мөн” гэж мэдэгдсэн. Тэд ийм төрлийн зохицуулалт нь сэтгүүлчид, иргэний нийгмийнхэнд айдас төрүүлж, өөрийгөө цензурдэхэд хүргэх “chilling effect” бий болгодог гэж анхааруулсан. (ARTICLE 19 & Transparency International joint statement on Mongolia)
  • Хуульчид, шүүгчид, хүний эрхийн хамгаалагчдыг нэгтгэдэг олон улсын мэргэжлийн байгууллага болох International Commission of Jurists (ICJ) нь эрүүгийн гүтгэлгийн хуулиудын талаар “үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрүүгийн ял оногдуулах нь хэт хатуу, үл нийцэх арга хэмжээ бөгөөд үг хэлэх эрхээ хэрэгжүүлэхэд айдас төрүүлэх нөлөөтэй” гэж дүгнэсэн. (International Commission of Jurists – Criminal Defamation Resources)

Иймээс НҮБ-ын Хүний эрхийн хороо, Хил хязгааргүй сурвалжлагчид болон бусад хүний эрхийн байгууллагууд эрүүгийн эрх зүйгээр гүтгэх, доромжлох, худал мэдээлэлтэй холбоотой хэргийг хамааруулахыг шүүмжилж, олон улсын чиг хандлага нь нэр төр, алдар хүндтэй холбоотой маргааныг эрүүгийн бус, иргэний журмаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурь руу шилжиж байгаа энэ үед УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга “Эрүүгийн хуулийн шинэчлэлд гүтгэх доромжлохыг нэн яаралтай заавал оруулж ирэх” талаар ярихдаа зөвхөн эрүүгийн хүрээнд шийдвэрлэдэг улсуудын жишээг дурдаж, НҮБ болон хүний эрхийн төлөөх олон улсын байгууллагуудын эсэргүүцдэг байр суурийг хэлээгүй нь олон нийтэд бүрэн бус ойлголт төрүүлэхээр байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “…УИХ нэгэнт ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээгээд авчихсан. Тэгэхээр үүнийг эхний хувилбараар нь дэмжээсэй гэж хүсэж байна. Дараа нь харин засаг руу явуулахдаа Байнгын хорооноос нэн яаралтай боловсруулж… түүнээс айгаад, арагшаа ухраад, суугаад байж болохгүй. Энэ дээр нэн яаралтай үргэлжлүүлээд ажиллаж, D parliament дээр тавьж, дахин саналууд авч байгаад оруулж ирэх ёстой. Сэтгүүлчид ч гэсэн үүнийг ойлгож хүлээж аваарай. Ийм заалтгүй хуультай орон гэж байхгүй шүү. Ганц хоёр оронд тийм байгаа. Түүнээс манайх шиг тогтолцоотой Герман, Итали, Япон гэсэн оронд тийм заалт байгаа. Польшид бол бүр гүтгэн доромжлох-insult гэсэн заалттай, тэр манайд байхгүй. Гүтгэн доромжлох заалт байхгүй Эрүүгийн хуультай яваад байж болохгүй. Тэгэхээр үүнийг оруулж ирнэ шүү гэдгийг эхнээс нь хэлэх нь зөв байх…” гэж ярьсан бичлэг түгээжээ. 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document