2026 оны 05 дугаар сарын 15-нд Санхүүгийн Шинжээч Ж.Онон нэртэй Facebook хаягаас “Иргэн Та цалинд 12 төрлийн татвар давхардуулан авдгийг мэддэг үү? Өөрөөр хэлбэл 2 саяын цалинтай иргэн суутгуулаад гарт 1,607,000 авдаг бол бодит байдалд татваргүй байсан сан бол 2,646,700 төгрөг авах боломжтой байдаг” гэсэн тайлбартай бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ. Уг бичлэгийг 530 реакц, 21 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 444 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK:
Ажилтан цалингаасаа Нийгмийн Даатгалын шимтгэл (НДШ), Хувь Хүний Орлогын Албан Татвар (ХХОАТ)-ыг төлдөг. Харин шалгасан мэдээлэлд ажилтан болон ажил олгочийн төлдөг НДШ, ХХОАТ, түүнчлэн цалингаас шууд суутгадаггүй Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ыг ажилтны шууд алдагдсан орлого мэтээр төөрөгдүүлж тайлбарласан байна.
Шалгасан бичлэгт ажил олгогчийн төлдөг НДШ-ийг ажилтны авах ёстой цалинтай шууд адилтган тооцож төөрөгдүүлсэн байна
Тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэлийн 26 хувийг ажилтан болон ажил олгогч нар хуваан төлдөг. Ажил олгогч үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын хувь хэмжээнээс хамааран 12.5, 13.5, 14.5 хувь гэх мэт ялгаатай байдлаар төлдөг. Харин ажилтан цалингаасаа 13.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлнө гэж нийгмийн даатгалын тухай хуулиар зааж өгсөн.

Түүнчлэн, ХХОАТ-ын 10%-ыг тооцохдоо үндсэн цалингаас суутгадаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараах дүнгээс тооцон суутгадгийг онцлох хэрэгтэй.
Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын 10 хувийг цалингаас шууд суутгадаггүй
НӨАТ нь цалингаас шууд суутгадаг татвар биш бөгөөд зөвхөн хэрэглээ хийх үед төлөгддөг хэрэглээний татвар юм. Иргэн бүх орлогоо НӨАТ шингэсэн бараа, үйлчилгээнд зарцуулах албагүй учир шалгасан бичлэгт дурдсан “заавал 160,700, 226,000 төгрөгийн НӨАТ төлнө” гэж тогтмол тооцох боломжгүй.
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд “Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ” гэж заасан.
Өөр өөр хуулиар тусдаа зохицуулагддаг Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ) болон Хувь Хүний Орлогын Албан Татвар (ХХОАТ)-ыг нэг ойлголт мэт тайлбарлаж төөрөгдүүлжээ
Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4.1.5-д зааснаар “нийгмийн даатгал” гэж даатгуулагч, ажил олгогч, төрөөс хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болоход өөрт нь, хэрэв даатгуулагч нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүнд хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр олгох, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээг” хэлнэ гэжээ.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл гэж “нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч, ажил олгогч, төрөөс энэ хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг” хэмээн тордорхойлсон байна.
Харин Татварын ерөнхий хуулийн 6.1.5-д зааснаар “албан татвар” гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг” гэж тодорхойлсон байдаг.
Дүгнэлт
Дүгнэж хэлбэл, ажилтан цалингийнхаа 23.5 хувийг нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварт төлдөг. Үүнд тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх шимтгэлүүд багтдаг.
Шалгасан бичлэгт“татвар байхгүй байсан бол 2,646,000 төгрөгийг бүхэлд нь гар дээрээ авах боломжтой байсан” хэмээн ажилтан болон ажил олгогчоос төлдөг шимтгэлийг зөрүүтэй байдлаар тооцоод, дээр нь цалингаас шууд суутгадаггүй нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ийг нэмж гаргасан тооцооллыг “ажилтны шууд алдсан орлого” мэтээр төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.




