Сүүлийн өдрүүдэд сошиал орчинд “1 кг үхрийн гуяны цул мах 56 мянган төгрөг болсон” гэх агуулга бүхий зураг эрчимтэйгээр түгсэн. (энд, энд, энд, энд, бас архивласан хувилбар)
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2019 оноос хойш интернэт орчинд түгсэн илэрцүүд гарч ирлээ. Тодруулбал, 2019 онд нийтлэгдсэн зурагт 1 кг үхрийн цул мах 16,500₮ гэж бичигдсэн байна (архивласан хувилбар).
Харин 2026 онд түгсэн зураг яг ижил боловч үнийн мэдээлэл зөрүүтэй байна. Доорх зурагт 2019 он болон 2026 онд түгсэн зургуудыг харьцуулан харууллаа. Түүнчлэн одоо түгж байгаа зурагт харагдаж буй үнийн шошго дээрх тайлбарыг егөөдсөн байдлаар эвлүүлэн янзалсан хувилбарыг мөн түгээжээ. Үүнээс харахад зургийн эх хувилбар дахь үнийн мэдээлэл, тайлбарыг хэд хэдэн янзаар эвлүүлэн өөрчилж түгээж байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнийн мэдээлэлд 2026 оны 5 дугаар сарын 11-ны байдлаар үхрийн цул мах кг нь дунджаар 35,848₮, үхрийн ястай мах кг 30,820₮ байгааг харуулжээ.

Мөн “Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн Graph.mn сайтаас 2026 оны 05 дугаар сарын 05-нд нийтэлсэн богино хэмжээний бичлэгт 01 дүгээр сарын 20-оос борлуулагдаж эхэлсэн нөөцийн үхрийн 18,000₮, хонины мах 15,000₮ тухай мэдээлсэн. Гэвч иргэдийн зүгээс “нөөцийн мах олдохгүй ховор байгаа, үхрийн мах кг нь 36,000₮ байна” хэмээн яриа өгчээ.
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн Time.mn мэдээллийн сайтаас 2026 оны 05 дугаар сарын 15-нд гаргасан үнийн өсөлт, инфляцын тухай мэдээнд “Мах Махан бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 13.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 38 орчим хувиар өсөж, нийт инфляцын 3.4 хувийг дангаараа бүлдүүлжээ” хэмээн мэдээлсэн.
Мах, махан бүтээгдэхүүн өмнөх сар, жилүүдээс харьцангуй өссөн талаар иргэд сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлж, постууд оруулсан. Уг агуулгын хүрээнд 7 жилийн өмнө нийтлэгдэж байсан зургийг эвлүүлж, махны үнэ 56 мянга хүрсэн мэт болгож төөрөгдүүлжээ.


