2026 оны 05 дугаар сарын 07-нд Мягмарын Тэгшжаргал хаягаас хятад улсын гадаад паспорт барьсан эмэгтэйн зургийг “Хятад паспорттой, Хятадын иргэнийг АН генсек- ээрээ тавьчихаж байгаа юмуу?” гэх тайлбартай нийтэлжээ (архивласан хувилбар). Тус постыг нийт 713 реакц, 222 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,300 гаруй удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг дахь гадаад паспорт дээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтын зургийг оруулжээ. Тус зургийг Google Lens болон Baidu хайлтын системээр хайхад зургийн эх хувилбарт С.Баярцогт биш өөр эмэгтэй хүний гадаад паспортыг харуулж буй зургууд илэрцээр гарч ирлээ.


Тодруулбал, Capital News сайтад 2012 оны 05 дугаар сарын 16-нд нийтэлсэн хятадын шинэ электрон чиптэй гадаад паспортын тухай мэдээлэлд жишээ зураг болгон нийтэлжээ. Уг зураг нь 2012 оноос хойш интернэт орчинд өргөн тархсан бөгөөд ихэвчлэн хятадын виз, гадаад паспорттой холбоотой мэдээлэлд ашиглагдаг байна. Доорх зурагт шалгасан зураг болон зургийн эх хувилбарыг харьцуулан харууллаа.

Дүгнэвэл интернэт орчинд өргөн тархсан хятадын гадаад паспортын жишээ зурагт С.Баярцогтын зургийг эвлүүлэн түгээж, төөрөгдүүлжээ.




