Search

Чиа үрийн ашигтай шинж чанарыг дурдсан ч үүсэж болох эрсдэлийг сануулаагүй байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1892

Ерөнхий агуулга

“Чиа үрийг идэх үед шингэнийг өөртөө шингээж хоол боловсруулах систем дотор хэмжээгээ тэлдэг. Улмаар гель шиг бүтэц үүсдэг.Учир нь түүний гаднах давхаргад усанд уусдаг эслэг агуулагддаг. Энэ нь усыг барьж хоол боловсруулалтыг удаашруулдаг. Энэхүү гель гэдсээр дамжин явахдаа глюкозыг жигд шимэгдэхэд дэмжлэг үзүүлж, цусан дахь сахрын хэмжээг тэнцвэржүүлэхэд тусалдаг…” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Чиа үр нь хүний биед сайнаар нөлөөлж, дархлаа дэмжих олон төрлийн амин дэм, эрдэс агуулдаг ч хэтрүүлэн хэрэглэж, буруу арга барилаар идэх нь улаан хоолой, хоол боловсруулах эрхтэн зэрэгт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Мөн нарийн эмчилгээ хийлгэж буй үед мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч хэрэглэхгүй бол эмийн нөлөөг бууруулж, өвчний шинж тэмдгийг сэдрээх магадлалтай аж. Иймд аливаа хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ хэт туйлширч, ихээр хэрэглэхгүй байхыг сануулж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Fit Spinning JavKhaa гэх хуудаснаас “Чиа үрийг идэх үед шингэнийг өөртөө шингээж хоол боловсруулах систем дотор хэмжээгээ тэлдэг. Улмаар гель шиг бүтэц үүсдэг. Учир нь түүний гаднах давхаргад усанд уусдаг эслэг агуулагддаг. Энэ нь усыг барьж хоол боловсруулалтыг удаашруулдаг. Энэхүү гель гэдсээр дамжин явахдаа глюкозыг жигд шимэгдэхэд дэмжлэг үзүүлж, цусан дахь сахрын хэмжээг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Мөн чиа үр нь омега-3 тосны хүчлээр баялаг, эсийн мембраны бүтцийг дэмжиж, зүрх судасны эрүүл мэндийг дэмжихэд тустай. Түүний эслэг нь ашигтай гэдэсний нянг тэжээж, гэдэсний бичил орчныг тэнцвэртэй байлгахад нөлөөлдөг. Үүнээс гадна ургамлын гаралтай уураг, кальци, магни, төмөр агуулдаг тул булчингийн үйл ажиллагаа, ясны бат бөх байдал, биеийн бодисын солилцооны тэнцвэртэй байдлыг дэмжинэ” гэсэн агуулгатай бичлэг нийтэлсэн байна. Уг пост 4400 гаруй реакц, 35 сэтгэгдэл авч, 1200-аад удаа цааш түгээгджээ.

Чиа үрийг Salvia hispanica хэмээх гаа овгийн цэцэгт ургамлаас гаргаж авдаг. Тус үр нь үрэвсэл, холестерины түвшинг бууруулж, цусны даралт ихсэхээс сэргийлэхэд тустай шим тэжээлийг агуулдаг. Үүнд омега-3 тосны хүчил, антиоксидант, амин дэм, эрдэс бодис, эслэг зэрэг орно.

Чиа үр нь ойролцоогоор 30–34 гр эслэг агуулдаг бөгөөд үүний 85–93%-ийг уусдаггүй эслэг эзэлдэг. Эдгээр амин дэм, шим тэжээллэг чанарт үндэслэн уг үрийг өргөнөөр хэрэглэх болсон. Гэвч чиа үрийг хэт их хэрэглэх нь зарим тохиолдолд сөргөөр нөлөөлдөг байна. Тухайлбал, уусдаггүй эслэг агуулсан хүнсийг хэт ихээр хэрэглэх нь суулгах, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх зэргээр хоол боловсруулах системийг тавгүйтүүлдэг.

Мөн хуурай чиа үр усанд хүрэхэд хөөж, өөрийн жингээс ойролцоогоор 27 дахин их шингэн шингээдэг. Энэ шинж чанар нь хоолойд хөөж тээглэж, хахах эрсдэл үүсгэдэг байна. Энэ талаар 2014 оны “Чиа үр улаан хоолойд нөлөөлөх нь” кейс судалгаанд дурджээ. Үүнд 39 настай эр нэг халбага хуурай чиа үр идээд ус уусны дараа аюулхай орчим өвдөж, шүлсээ ч залгиж чадахгүй болсон тохиолдлыг судалсан байна. Яаралтай шинжилгээгээр чиа үр усанд дэвтэж гель хэлбэрт орсноор улаан хоолойн доод хэсэгт гацсаныг илрүүлж, дурангийн хагалгаагаар арилгажээ. Эл өвчтөний хувьд улаан хоолойн нарийсалтай байсан тул бүрэн бөглөрөлд өртөж, шинж тэмдэг хүндээр илрэх болсон байна. Иймд судлаачдын зүгээс чиа үрийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор залгиур эрхтний асуудалтай хүмүүс тус үрийн хэрэглэхээс болгоомжлохыг зөвлөжээ. Мөн хуурай хэлбэрээр хэрэглэх нь илүү эрсдэлтэйг ч сануулсан байна.

Чиа үрийн хэрэглээ нь зарим эмтэй харилцан үйлчилж, эмчилгээний заалтад нөлөөлж болзошгүй

Чиа үр нь их хэмжээний эслэг агуулдаг тул цусан дахь сахрын хэмжээг бууруулахад тустай гэж үздэг. Энэ нь ихэнх тохиолдолд аюулгүйд тооцогддог ч зарим өвчний үед эмтэй харилцан үйлчилж, цусны даралт, сахрын хэмжээг хэт бууруулж сөргөөр нөлөөлж болзошгүй. Тодруулбал, чихрийн шижингийн эм хэрэглэж буй үед чиа үрийг их хэмжээгээр хэрэглэх нь сахрын хэмжээг хэт бууруулж, эмийн тунд нөлөөлж, эмчилгээнд өөрчлөлт оруулах эрсдэлтэй. Учир нь чиа үрэнд агуулагдах омега-3 тосны хүчил нь цус шингэлэх үйлчилгээ үзүүлж, даралт бууруулахад нөлөөлдөг гэж Healthline эрүүл мэндийн сайтад шим тэжээл судлаач, мэргэжилтнүүд сануулсан байна.

Мөн АНУ-ын Харшил, дархлаа судлалын чиглэлийн сэтгүүлийн “Чиа үр хэрэглэсний дараах хэт мэдрэгшлийн урвалууд: шинэ төрлийн хүнсний харшил” нэртэй бичил судалгаанд чиа үрээс харшилсан долоон кейсийг шинжилжээ. Үүнээс гүнждийн үр, гадилын харшилтай хүмүүст чиа үрээс харшлах шинж тэмдэг илүү мэдрэг ажиглагдаж буйг тэмдэглэсэн байна. Уг судалгаагаар харьцангуй ховорт тооцогддог байсан чиа үрийн харшил нь нэмэгдэх хандлагатай байна гэж үзсэн. Иймд судалгааны цар хүрээг тэлж, илүү нарийвчилсан өргөн хэмжээний судалгаа хийх шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Эцэст нь дүгнэвэл, чиа үр нь хүний биед сайнаар нөлөөлж, дархлаа дэмжих олон төрлийн амин дэм, эрдэс агуулдаг ч хэтрүүлэн хэрэглэж, буруу арга барилаар идэх нь улаан хоолой, хоол боловсруулах эрхтэн зэрэгт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Мөн нарийн эмчилгээ хийлгэж буй үед мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч хэрэглэхгүй бол эмийн нөлөөг бууруулж, өвчний шинж тэмдгийг сэдрээх магадлалтай аж. Иймд аливаа хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ хэт туйлширч, ихээр хэрэглэхгүй байхыг сануулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Чиа үрийг идэх үед шингэнийг өөртөө шингээж хоол боловсруулах систем дотор хэмжээгээ тэлдэг. Улмаар гель шиг бүтэц үүсдэг.Учир нь түүний гаднах давхаргад усанд уусдаг эслэг агуулагддаг. Энэ нь усыг барьж хоол боловсруулалтыг удаашруулдаг. Энэхүү гель гэдсээр дамжин явахдаа глюкозыг жигд шимэгдэхэд дэмжлэг үзүүлж, цусан дахь сахрын хэмжээг тэнцвэржүүлэхэд тусалдаг…” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document