Search

Витамин C нь төмрийн шимэгдлийг нэмэгдүүлэхэд тустай ч эмнэл зүйн хэмжээнд ашиглагдахуйц үр дүнтэй биш

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1890

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“С амин дэм нь хоол хүнс болон нэмэлт тэжээл дэх төмрийн шимэгдлийг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй. Аскорбины хүчил нь төмрийн ионыг биед амархан шингэх хэлбэрт хувиргаж, төмрийн дутагдлаас сэргийлэхэд тусалдаг. Төмрийн бэлдмэлийг жүржийн шүүстэй хамт уувал шимэгдэл нь 67% нэмэгддэг” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг төмрийг витамин C-тэй хамт хэрэглэх нь төмрийн шингэцийг сайжруулахад тусалдаг. Гэвч эмчилгээний аргыг орлуулахуйц хэмжээний үр нөлөө үзүүлдэггүй. Иймд тус аргыг эмнэл зүйн хэмжээнд ашиглахад учир дутагдалтай гэж үзэн, нэмэлтээр судалсаар байгаа аж.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ulemj Grease гэх хаягаас “С амин дэм нь хоол хүнс болон нэмэлт тэжээл дэх төмрийн шимэгдлийг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй. Аскорбины хүчил нь төмрийн ионыг биед амархан шингэх хэлбэрт хувиргаж, төмрийн дутагдлаас сэргийлэхэд тусалдаг” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Мөн постод хавсаргасан зурагт “Төмрийн бэлдмэлийг жүржийн шүүстэй хамт уувал шимэгдэлт нь 67% нэмэгддэг” гэсэн агуулгыг дурджээ. Уг пост 330 реакц, 2 сэтгэгдэл авч, 116 удаа цааш түгээгджээ.

Төмрийг шимэгдлийн шинжээр нь хоёр төрөлд ангилдаг. Үүнд heme төмөр болон non-heme төмөр багтана. Heme төмөр нь ихэвчлэн амьтны гаралтай хүнсэнд ( мах, шувууны мах, далайн бүтээгдэхүүнд гэх мэт) агуулагддаг бөгөөд хүний биед харьцангуй амар, хурдан шимэгддэг. Харин non-heme төмөр нь ургамлын гаралтай нь хүнсэнд агуулагдах нь түгээмэл. Тус төрөл нь хамт хэрэглэж буй хоолны найрлагаас ихээхэн хамаарч шимэгдэл нь өөрчлөгдөж, биед удаан шингэдэг байдлаараа ялгаатай.

Энэ төрлийн хүнсийг витамин C-тэй хамт хэрэглэх үед төмрийн шимэгдэл харьцангуй нэмэгддэг байна. Ялангуяа ургамлын гаралтай төмрийг уг витаминтай хамт хэрэглэснээр биед илүү амархан шингэхэд тусалдаг. Өөрөөр хэлбэл, витамин C нь төмрийн шимэгдлийг дэмжигч гол хүчин зүйлсийн нэг аж. Гэвч уг аргыг ургамлын гаралтай хүнс түлхүү хэрэглэдэг цагаан хоолтон эсвэл төмрийн бэлдмэл зайлшгүй хэрэглэх шаардлагатай өвчний үед нэмэлтээр ашиглахад тохиромжтой юм. Харин амьтны гаралтай heme төмрийн хэрэглээтэй, энгийн тохиолдолд заавал витамин C-г хамт хэрэглээд байх шаардлагагүй гэдгийг сүүлийн үеийн судалгаагаар харуулжээ. Тухайлбал, 2020 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн “Төмрийн дутагдлаас үүдсэн цус багадалттай үед төмрийн бэлдмэлийг витамин C-тэй хамт хэрэглэхийн үр нөлөө ба аюулгүй байдал” нэртэй судалгаанд 440 насанд хүрэгчийг хамруулж, санамсаргүй хяналтын туршилт хийсэн байна. Оролцогчдыг төмрийн бэлдмэлийг дангаар нь уух, витамин C-тэй хамт хэрэглэх гэсэн хоёр бүлэгт хувааж, гурван сарын турш судалжээ. Хоёр долоо хонгийн туршилтын дараа оролцогчдын цусны улаан эсийн хэмжээг шинжлэхэд 0.16 г/дЛ (Төмөр + витамин C: 2.00 г/дЛ, Зөвхөн төмөр: 1.84 г/дЛ) зөрүүтэй үнэлэгдсэн байна. Тус шинжилгээнээс хойш найман долоо хонгийн дараа оролцогчдын бие дэх төмрийн нөөцийг хянахад 35.75 нг/мЛ (Төмөр + витамин), 34.48 нг/мЛ (зөвхөн төмөр уусан) гэж үнэлэгджээ. Уг үзүүлэлтүүдийн дараа судалгааны багийн зүгээс бүлэг хооронд бараг ялгаа гараагүй гэж үзэж, төмрийн бэлдмэлийг заавал витамин C-тэй хамт хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн байна.

Мөн 2024 оны Төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалттай өвчтөнүүдэд төмрийн бэлдмэлтэй витамин C хамт хэрэглүүлсэн үр нөлөө: системчилсэн тойм ба мета-анализ” судалгаанд нийт 2231 судалгааны материалыг шинжилжээ. Уг судалгаануудаас төмрийн бэлдмэлийг витамин C-тэй хамт хэрэглэх нь цусны улаан эсийн хэмжээг бага зэрэг нэмэгдүүлж байгаа ч эмнэл зүйн хувьд чухал нөлөө үзүүлэхгүй байна хэмээн дүгнэсэн байна. Тиймээс төмрийн дутагдал, цус багадалтын эмчилгээнд төмрийн бэлдмэлийг витамин C-тэй тогтмол нэмж хэрэглэхийг дэмжих хангалттай нотолгоо байхгүй гэж үзжээ.

Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд хавсаргасан зурагт буй “Төмрийн бэлдмэлийг жүржийн шүүстэй хамт уувал шимэгдэл нь 67% нэмэгддэг” гэх агуулгыг олон улсын судалгааны сангаас шүүхэд ижил утгатай судалгааны материал илэрсэнгүй. Нэг үгээр бол төмрийн шимэгдлийг жүржийн шүүстэй хамт уувал шимэгдэл нь 67% нэмэгддэг гэдгийг яг таг баталсан, тогтмол тоо гараагүй гэсэн үг.

Харин ургамлын гаралтай хүнсийг витамин C-тэй хамт хэрэглэх нь шингэцийн хэмжээг сайжруулж, биед хурдан шимэгдэхэд тусалдаг гэдгийг олон төрлийн судалгаагаар дэмжсэн байна. Жишээлбэл, PubMed судалгааны санд 2025 онд нийтлэгдсэн “Төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалттай насанд хүрэгчдэд ургамлын гаралтай төмөр болон витамин C-ийн үр нөлөө” нэртэй клиник судалгаанд 96 оролцогчдыг жаран хоногийн турш судалжээ. Уг судалгаагаар ургамлын гаралтай төмрийг витамин C-тэй хослуулсан үед цусны үзүүлэлтүүд сайжирч, эергээр нөлөөлж буйг харуулсан байна. Витамин C нь төмрийн шимэгдлийг дэмжихдээ феррик хэлбэрийн төмөр (Fe³⁺)-ийг илүү уусамтгай феррус хэлбэрт (Fe²⁺) хувиргаж, арван хоёр нугалаа гэдсэнд илүү амархан шимэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг аж. Иймд витамин C-ний уг шинж чанарыг төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтын эмчилгээнд тустай гэж судлаачид дүгнэсэн байна. Гэвч тус дүгнэлтийг баталгаажуулахын тулд ирээдүйд илүү өргөн цар хүрээтэй, урт хугацааны судалгаануудыг хийх шаардлагатай гэдгийг ч мөн дурджээ.

Энэ талаар Мичиганы Их Сургуулийн судлаачид “Төмөр нь хүний биеийг эрүүл байлгахад чухал үүрэгтэй эрдэс бодис юм. Тэрээр улаан эсийн бүрэлдэхүүнд орж, цусаар дамжин биеийн бүх хэсэгт хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг. Мөн нүүрсхүчлийн хий зэрэг хаягдлыг уушгинд хүргэж, гадагшлуулахад оролцдог. Төмрийн дутагдлын шинж тэмдэгт ядрах, эрч хүчгүй болох, арьс, хумс цайх, толгой эргэх, ойр ойрхон толгой өвдөх, амьсгалахад хүндрэлтэй байх зэрэг орно. Эдгээр шинж тэмдэг нь ихэвчлэн төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтын (анеми) үед илэрдэг. Тиймээс төмрийн дутагдлыг анеми болохоос нь өмнө илрүүлэхийн тулд тогтмол шинжилгээ өгч байх нь чухал. Төмөр нь мах, шувууны мах, далайн бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. Мөн буурцаг, шош, ногоон навчит хүнсэнд байдаг. Ургамлын гаралтай төмөр нь биед харьцангуй муу шимэгддэг. Энэ үед С амин дэмтэй хамт хэрэглэснээр ургамлын гаралтай төмрийн шимэгдлийг нэмэгдүүлэх боломжтой. Иймд өдөр тутмын хооллолтдоо төмөр ихтэй хүнсийг С амин дэм агуулсан жимс, ногоотой хослуулж идэхийг хичээгээрэй” гэж зөвлөсөн байна.

Үүнээс дүгнээд үзэхэд, Ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг төмрийг витамин C-тэй хамт хэрэглэх нь төмрийн шингэцийг сайжруулахад тусалдаг. Гэвч эмчилгээний аргыг орлуулахуйц хэмжээний үр нөлөө үзүүлдэггүй. Иймд тус аргыг эмнэл зүйн хэмжээнд ашиглахад учир дутагдалтай гэж үзэн, нэмэлтээр судалсаар байгаа аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“С амин дэм нь хоол хүнс болон нэмэлт тэжээл дэх төмрийн шимэгдлийг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй. Аскорбины хүчил нь төмрийн ионыг биед амархан шингэх хэлбэрт хувиргаж, төмрийн дутагдлаас сэргийлэхэд тусалдаг. Төмрийн бэлдмэлийг жүржийн шүүстэй хамт уувал шимэгдэл нь 67% нэмэгддэг” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document