Search

Гарал үүсэл тодорхойгүй тураах бүтээгдэхүүн эрүүл мэндэд эрсдэлтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1888

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны дэглэм барихгүйгээр 1 сард 10-12 кг тураана гэх агуулга бүхий тураах бүтээгдэхүүн сурталчилсан мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гарал үүсэл, орц найрлага нь тодорхойгүй, тураах үйлчилгээтэй эсэх нь баталгаагүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна. Ингэхдээ тураах бүтээгдэхүүн сурталчлахад өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны аргыг ашиглажээ. Ид шидийн мэт амлалт өгсөн бүтээгдэхүүнийг шууд худалдан авахаасаа өмнө нягталж хэвшээрэй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 17-нд MaxSlim Mongolia нэртэй хуудаснаас MaxSlim гэх тураах бүтээгдэхүүн сурталчилсан пост (архивласан хувилбар) оруулсныг нийт 218 реакц, 123 сэтгэгдлээр идэвхжүүлж, 68 удаа цааш түгээжээ. Тус постод “Хоолны дуршил багасгана, илүүдэл өөх, тосыг шатаана, бодисын солилцоог идэвхжүүлнэ, бие дэх хорыг гадагшлуулна, арьсыг цэвэршүүлж, галбирыг тогтвортой хадгална. Дасгал хийх, хатуу хоолны дэглэм барих шаардлагагүй, дахин жин нэмэхгүй, гаж нөлөөгүй. 1 сарын дотор 10-12кг хасна” гэх агуулгыг дурджээ.

Сүүлийн үед хэрэглэгчдийн жин хасах хүсэл дээр тулгуурлан “дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны дэглэм барихгүй, богино хугацаанд их жин хасна” гэж баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлах үзэгдэл ихэссэн. Иймд гайхамшиг амласан тураах бүтээгдэхүүний сурталчилгаанд шууд итгэж, худалдан авахаасаа өмнө дараах аргаар шалгаарай.

Шалгасан мэдээлэлд “эргэж таргалахгүй, дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны дэглэм барихгүй” гэж онцолсон. Энэ нь тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны хэлбэр юм. Зөв зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнгүйгээр жин хасах шидэт арга байхгүй тухай АНУ-ын Холбооны худалдааны комиссоос анхааруулж, тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны мэдээллийг хүргэжээ. Үүнд:

  • Тураах тос, наалт ашиглаад л жин хасна гэх мэт агуулгатай хуурамч сурталчилгаа явуулдаг хэмээн онцолсон байна.
  • Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны зохих дэглэм барихгүйгээр жин хасна (Худал)
  • Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд дахин таргалахгүй
  • Богино хугацаанд их жин хасна
  • Хүн болгонд тохирно
  • Тураах тос, наалт ашиглаад л жин хасна гэх мэт агуулгатай хуурамч сурталчилгаа явуулдаг хэмээн онцолсон байна.

Тиймээс аливаа бүтээгдэхүүн хэт их сурталчилж, дээрх амлалтуудыг өгч байвал нягтлах нь зүйтэй.

Мөн шалгасан мэдээлэлд “100 хувь байгалийн гаралтай” гэж тодотгосон. Гэвч бүтээгдэхүүний орц найрлагыг дэлгэрэнгүй хуваалцаагүй, аль улсаас гаралтай, ямар компанийн бүтээгдэхүүн болох ерөнхий мэдээлэл огт оруулаагүй байна. MaxSlim Mongolia хуудасны ковер зурагт бүтээгдэхүүний шошгыг оруулжээ. Гэтэл тус зурагт орц найрлагын, үйлдвэрлэгчийн мэдээлэл байхгүй байна. Түүнчлэн MaxSlim Mongolia хуудас нь бүтээгдэхүүн худалдаалж буй боловч холбогдох дугаар, хаяг байршил, гарал үүслийн тухай мэдээлэл огт оруулаагүй. Эдгээр шинж тэмдэг нь хуурамч хаяг, баталгаагүй бүтээгдэхүүн болохыг илтгэж байна. Бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад бүтээгдэхүүний тухай мэдээлэл огт байхгүй. Үүнээс харвал, гарал үүсэл, орц найрлага нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг тураах үйлчилгээтэй хэмээн сурталчилж байна. Аливаа эрүүл мэндийн холбогдолтой бүтээгдэхүүн худалдан авахдаа орц найрлага, үйлдвэрлэгч компани, гарал үүслийг сайтар судалж, нягтлах нь зүйтэй.

Бусдын зураг ашиглан эмч, мэргэжилтэн мэт хуурамч дүр бүтээн оруулжээ.

Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд хавсаргасан бүтээгдэхүүн борлуулж буй сайтыг шалгахад нэг хуудас бүхий хуурамч сайт байна. Хуурамч сайт дараах шинж тэмдэгтэй байдаг. Үүнд:

  • Сайтын тухай мэдээлэл байхгүй.
  • Нэг хуудас бүхий үргэлжилсэн.
  • Нэмэлт цэс, хүргэлтийн нөхцөл зэрэг мэдээлэл байхгүй.
  • Ихэвчлэн “яг одоо худалдан аваарай”, “хямдралтай” гэсэн бичиг байршуулдаг.
  • Оруулсан товч дээр дарах боломжгүй байдаг.

Тус хуурамч сайтад эмч мэргэжилтний зөвлөгөө, бүтээгдэхүүн санал болгосон зураг оруулжээ. Эдгээр зураг тус бүрийг Google Lens хайлтын хайхад интернэтэд түгээмэл байдаг эсвэл өөр мэргэжилтэй хүмүүсийн зургийг оруулсан байна. Тодруулбал, тус сайтад Принстоны Их Сургуулийн Эрчим хүч ба байгаль орчны чиглэлийн Герхард Р.Андлигерийн нэрэмжит профессор Emily A.Carter-ын зургийг ашиглан “биеийн бодисын солилцоо, таргалалтын мэргэжилтэн“гэж бичжээ.

Мөн ZHAW Менежмент ба хуулийн сургуулийн Ерөнхий менежментийн тэнхимийн профессор доктор Gunther Kucza-ийн зургийг ашиглан “урьдчилан сэргийлэх анагаах ухаан, олон нийтийн эрүүл мэндийн мэргэжилтэн доктор Oliver Grant“гэж оруулжээ. Үүнээс харахад өөр мэргэжилтэй хүмүүсийн интернэт орчинд нээлттэй байршуулсан зургийг ашиглан хуурамч дүр бүтээн оруулсан байна.

Мөн шалгасан мэдээлэлд хавсаргасан сайтад хэрэглэгчдийн өмнөх болон дараах гэсэн зургийг оруулсан. Холбооны Худалдааны Комиссоос “Жин хасах тухай худал мэдээллийг илрүүлэх медиа гарын авлага“-даа жин хасах бүтээгдэхүүн сурталчлахдаа бусдын анхаарлыг татахуйц “өмнөх болон дараах” зургийг ашигладаг тухай дурджээ. Ялангуяа хэрэглэгчээс ирсэн дэмжлэг бүхий сэтгэл ханамжийг сэтгэгдлүүдийг оруулдаг байна. Ихэнх тохиолдолд сурталчлагчид өөрсдийн хамгийн сайн хувилбарыг сонгож, хуурамч баталгаа гаргаж, хэрэглэгчдэд ижил төстэй үр дүнд хүрнэ гэж хууран мэхэлдэг байна.

Дүгнэлт

Гарал үүсэл, орц найрлага нь тодорхойгүй, тураах үйлчилгээтэй эсэх нь баталгаагүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна. Ингэхдээ тураах бүтээгдэхүүн сурталчлахад өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны аргыг ашиглажээ. Ид шидийн мэт амлалт өгсөн бүтээгдэхүүнийг шууд худалдан авахаасаа өмнө нягталж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны дэглэм барихгүйгээр 1 сард 10-12 кг тураана гэх агуулга бүхий тураах бүтээгдэхүүн сурталчилсан мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document