2026 оны 04 дүгээр сарын 28-нд Namuunaa Purevtseren нэртэй хаягаас “Вакцингүй 715 хүүхдээс нэг аутизм. Вакцинтай 45 хүүхдээс нэг аутизм гардаг юм байна. АНУ-д жил бүр 115,000 аутизмын тохиолдол бүртгэгддэг бөгөөд засгийн газар юу ч хийдэггүй.Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ вакцины улмаас үүссэн хөгжлийн бэрхшээлээс илүү улаанбурхан өвчний талаар илүү их санаа зовдог” гэх мэдээллийг (архивласан хувилбар) график бүхий хоёр зургийн хамт нийтэлжээ. Тус постыг нийт 22 реакц, 1 сэтгэгдлээр идэвхжүүлж, 33 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
АНУ-ын 31 хүүхэд тутмын 1 нь аутизмтай, 45 насанд хүрэгчид тутмын 1 нь аутизмтай гэсэн статистик тоог Autism Speaks байгууллагын сайтад оруулжээ. Гэвч уг тоон мэдээлэлд вакцинаас үүдэлтэй гэж огт дурдаагүй бөгөөд зөвхөн оношлогдсон хүүхэд, насанд хүрэгчдийн тоон мэдээлэлд суурилсан юм. Шалгасан мэдээлэлд дурдсан вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүүхдүүдийн аутизмын тоог харьцуулан баталсан судалгаа, албан ёсны мэдэгдэл байхгүй. Өөрөөр хэлбэл, вакцинтай огт холбоогүй статистик тоон мэдээллийг вакцинаас болсон мэт холбон тайлбарлажээ.
“Вакцин хийлгээгүй 715 хүүхэд тутмын 1 нь аутизмтай байсан” гэх мэдээлэл нь АНУ-ын Орегон мужийн Портланд хотын хүүхдийн эмч Пол Томасын хийсэн “Вакцинжуулалтын төлөвтэй уялдсан эмнэлгийн үзлэгийн харьцангуй тохиолдол ба бүртгэгдсэн оношийн тархалтын давтамж” судалгаанаас гарсан юм. Тэрээр The High Wire сайтад өгсөн ярилцлагадаа судалгааныхаа агуулгыг дурдсан бөгөөд “вакцин хийлгээгүй 715 хүүхдийн дунд нэг аутизм илэрсэн бол вакцин хийлгэсэн 2645 хүүхдийн дунд аутизмын 6 тохиолдол илэрсэн нь 440 хүүхэд тутмын 1 гэсэн үзүүлэлт юм” гэж мэдээлжээ. Гэвч түүний хийсэн судалгааг арга зүйн алдаатай хэмээн дүгнэж, буцаасан байна.
Хүчингүй болсон судалгааг эх сурвалж болгон авч, графикийг нь хавсаргажээ.
Шалгасан мэдээлэлд хавсаргасан график зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2020 онд хийгдэж, 2021 онд буцаагдсан судалгаа илэрцээр гарч ирлээ. Тодруулбал, шалгасан мэдээллийн агуулгыг Хүрээлэн буй орчны судалгаа ба нийгмийн эрүүл мэндийн олон улсын сэтгүүлд 2021 онд нийтэлсэн “Вакцинжуулалтын төлөвтэй уялдсан эмнэлгийн үзлэгийн харьцангуй тохиолдол ба бүртгэгдсэн оношийн тархалтын давтамж” судалгаанаас эш татаж, график зургийг оруулсан байна. Гэвч тус судалгааг нийтлэгдсэний дараа судалгааны дүгнэлтийн үндэслэлтэй холбоотой гомдол санал ирсэн байна. Судалгаа нь арга зүйн хувьд алдаатай гэж шүүмжлэгчид үзэж, сэтгүүлийн редакцын зүгээс “дүгнэлтүүдийг нь дэмжих шинжлэх ухааны сайн дата байгаагүй”-г онцолж, уг судалгааг хүчингүй болгосон.
Эл судалгаанд нэг эмнэлэгт үзүүлсэн 21 мянга гаруй өвчтөнөөс шигшиж нийт 3324 хүүхдийг хамруулсан ба үүний 2763 нь вакцин хийлгэсэн, 561 нь вакцин хийлгээгүй байжээ. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдаж буй бүлгүүдийн тоо хэт зөрүүтэйгээс гадна өвчлөлийг тодорхойлохдоо зөвхөн эмнэлэгт үзүүлсэн давтамжаар төлөөлүүлсэн нь бодит өвчлөлийг бус, эмнэлэгт хандах зан үйлийг тусгах, судалгааны үр дүн буруу гарах эрсдэлтэй юм.
Бид өмнөх “Вакцин хийлгээгүй хүүхдүүд илүү эрүүл байдаг” гэх хүчингүй болсон судалгааг түгээжээ” баримт шалгалтаараа уг судалгааны тухай мэдээлж байсан. Мөн тус баримт шалгалтаараа 2023 оны 03 дугаар сард АНУ-ын Вашингтон мужийн эрүүл мэндийн комисс Пол Томасыг эрүүл мэндийн худал, төөрөгдүүлсэн мэдээ, мэдэгдэл түгээж, мэргэжлийн бус үйлдэл гаргасан гэх үндэслэлээр эмчийн лицензийг нь хүчингүй болгосон тухай мэдээлэл хүргэсэн.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Science Feedback баримт шалгах төвөөс уг судалгаатай холбоотой төөрөгдүүлсэн, хуурамч мэдээллийг шалгаж, судалгааны дутагдал, асуудал зэргийг онцолж хөндсөн байна. Тус баримт шалгалтад Вэйний Улсын их сургуулийн мэс заслын профессор, Science-Based Medicine сэтгүүлийн редактор Дэвид Горски дээрх судалгааг хийсэн судлаачид ашигласан RIOV хэмжүүрээ өвчлөлийн тархалтыг илэрхийлэх найдвартай төлөөлөгч болохыг нотолж чадаагүйг онцолжээ.
Мөн дээрх баримт шалгалтад вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй хүүхдийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн тухай тусгажээ. Тухайлбал, “…Судалгаанд гарсан асуудлуудын нэг нь вакицжуулалтад хамрагдсан болон хамрагдаагүй хүүхдүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зан үйлийн ялгааг тооцоолж үзээгүй… Тухайлбал, вакцинжуулалтад хамрагдсан хүүхдүүд нийгэм, эдийн засгийн байдал, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, магадгүй эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд итгэх итгэл илүү өндөр байх зэрэг шалтгаанаар бие тавгүйрхсэн тохиолдолд эмчид хандах магадлал вакцин хийлгээгүй хүүхдүүдтэй харьцуулахад өндөр байдаг…” хэмээн тайлбарласан байна.
Илүү өргөн хүрээний судалгаануудад вакцин нь аутизмтай хамааралгүй болохыг харуулсан.
2025 онд нийтлэгдсэн “Хөнгөн цагаан шингэсэн вакцин ба хүүхдийн архаг өвчин: Үндэсний хэмжээний когортын судалгаа” судалгааг Дани улсад 1997 оноос 2020 оны хооронд хийсэн ба 1997-2018 оны хооронд төрсөн 1 сая 200 мянга гаруй хүүхдийг хамруулж, аутизмын спектрийн эмгэг, анхаарлын дутагдал-гиперактив эмгэг зэрэг мэдрэлийн хөгжлийн, харшлын, аутоиммун гэх мэт 50 гаруй өвчлөлийн тохиолдлыг хянан судалжээ. Судалгааны үр дүнд вакцинд агуулагдах хөнгөнцагаан нь аутоиммун өвчин, харшил, аутизм зэрэг 50 орчим архаг өвчин тусах эрсдэлтэй ямар ч холбоогүй болохыг тогтоожээ.
Улаанбурхан өвчний эсрэг вакцин (MMR vaccine – Measles-Mump-Rubella) нь аутизм үүсгэдэг эсэх тухай өргөн хэмжээний судалгааг 2019 онд Данид хийсэн. Судалгаанд 1999 оноос 2010 оны хооронд Данид төрсөн 650,000 орчим хүүхдүүдийг хамруулсан ба вакцинаас үүдэн аутизмтай болох эрсдэл нэмэгдсэн тухай үр дүн гараагүй байна.
Нийт 23.5 сая орчим оролцогч хамруулсан 138 судалгаанд дүн шинжилгээ хийсэн тойм судалгаагаар улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг (MMR) болон салхин цэцэг өвчний эсрэг вакцин болон тархины үрэвсэл, тархины эмгэг хооронд хамаарал байгаа гэх нотолгоо илрээгүй. Мөн аутизмын хүрээний эмгэгтэй холбоотой нотолгоо байхгүй, вакцин болон гэдэсний үрэвсэлт өвчний хоорондын хамаарлыг тодорхойлох нотолгоо хангалтгүй хэмээн дүгнэжээ.
- Дээрх судалгаанууд нь тухайн улс орон даяар, маш олон хүүхэд хамруулж хийсэн өргөн хүрээний судалгаа юм. Харин шалгасан мэдээлэлд эш татсан судалгаа нь зөвхөн нэг эмнэлэгт үзүүлсэн хүүхдийн тоонд суурилан хийсэн бөгөөд арга зүйн алдаатай судалгаа байна.
Дүгнэлт
Арга зүйн хувьд алдаатай гэсэн үндэслэлээр хүчингүй болсон судалгаанаас эш татаж, баталгаагүй мэдээлэл түгээжээ. Ингэхдээ судалгааг хүчингүй болсон тухай огт дурдаагүй байна. Илүү өргөн хүрээний судалгаануудад вакцин болон аутизмын хооронд хамаарал байхгүй гэж дүгнэжээ.




