2026 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн мэргэжилтэн гэх хаягаас “Lutein Gummies АНУ-ын тэргүүлэх нүдний эмч нарын судалгаагаар анагаах ухааны зэрэглэлийн лютеин ба зеаксантин агуулдаг. Энэ бүтээгдэхүүн нь FDA-аар баталгаажсан бөгөөд GMP – ДЭМБ-ын стандартыг хангасан. Өдөрт ердөө 2 бохь нь мэс засалгүйгээр 7 хоногийн дараа нүдний эсийг сэргээж, харааг сайжруулахад тусалдаг.…” гэсэн агуулгатай бичлэг нийтэлсэн байна. Уг пост 631 реакц, 1100 гаруй сэтгэгдэл авч, 615 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийн шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах аргыг ашиглав.
Хаягийг шалгасан нь

“Эрүүл мэндийн мэргэжилтэн” гэх хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад, 2019 оны зургаадугаар сарын 9-нд нээгдэж, гурван удаа нэрээ сольсон нь илэрлээ. Мөн тус хуудсыг Вьетнам улсаас 3 админ удирдаж буй нь мэдэгдсэн.
Үргэлжлүүлэн тухайн хуудаснаас түгээж буй мэдээллийг шинжлэхэд үг, үсэг, найруулгын алдаа ихтэй ажиглагдав. Түгээсэн мэдээллийн агуулга нь ихэвчлэн захилга авч, бараа зарах тухай байдаг ч холбогдох дугаар, мэйл хуудас, хаяг, байршил зэрэг албан ёсны мэдээлэл оруулдаггүй. Зөвхөн чатаар холбогдож, холбоосоор хандахыг уриалдаг байна. Энэ нь гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягуудад илэрдэг нийтлэг шинж юм.
Зургаар хайсан нь
Шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүний зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад Amazon, Lazada, Ebay зэрэг олон улсын худалдааны сайтуудад “Nature’s Key брэндийн Зеаксантин ба А аминдэмтэй нүдний үйл ажиллагааг дэмждэг чихэр” гэсэн тайлбартайгаар сурталчилж буй нь илэрлээ. Гэвч тус бүтээгдэхүүний баталгаатай байдлыг итгэмжилсэн эсэх тухай ямар нэгэн мэдээлэл илэрсэнгүй.
Агуулгыг нягталсан нь
“Эрүүл мэндийн мэргэжилтэн” нэртэй хуудаснаас нүдний хараа сайжруулах Lutein Gummies гэх бүтээгдэхүүнийг “FDA-аар баталгаажсан бөгөөд GMP-ДЭМБ-ын стандартыг хангасан” гэж сурталчилж, Филиппиний Хүнс, Эмийн Захиргааны сертификат хавсаргажээ.

Гэвч тус сертификатад бүтээгдэхүүний нэрийн өнгө, фонт, үйлдвэрлэгч компанийн мэдээлэл зэрэг нь зөрүүтэй байна. Иймд холбогдох байгууллагуудын сайтад хандаж, уг мэдээллийг агуулгаар нь шалгав.
Шалгасан бүтээгдэхүүний нэрийг Филиппиний Хүнс, Эмийн Захиргааны сайтаас хайхад ямар ч бүртгэлийн материал илэрсэнгүй. Эсрэгээрээ “NATURE’S KEY Lutein Gummies with Zeaxanthin (12 мг)” гэх бүртгэлгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг сануулсан анхааруулга илэрлээ.

Уг байгууллагаас хяналт явуулж “NATURE’S KEY Lutein Gummies with Zeaxanthin (12 мг)” гэх бүтээгдэхүүнийг бүртгэлгүй болохыг тогтоосон байна. Иймд тус байгууллагаас бүртгэлийн гэрчилгээгүй эл бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж чадахгүй гэж мэдэгджээ. Мөн холбогдох эрх бүхий байгууллагууд өөрсдийн харьяаллын нутаг дэвсгэрт уг баталгаагүй бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байж, гаалийн хяналт тавихыг сануулсан байна.

Мөн АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны сайтаас шалгасан бүтээгдэхүүнийг хайхад мөн л ямар ч илэрцгүй байна. Үүнээс “Lutein Gummies” гэх бүтээгдэхүүн нь мэргэжлийн байгууллагаар албан ёсоор итгэмжлэгдээгүй, баталгаагүй бүтээгдэхүүн гэдэг нь нотлогдож байна.
Дүгнэлт
“Эрүүл мэндийн мэргэжилтэн” нэртэй гаднын удирдлагатай, баталгаагүй хуудаснаас “Lutein Gummies” гэх бүтээгдэхүүнийг FDA-аар баталгаажсан, найдвартай бүтээгдэхүүн мэтээр сурталчилж, хуурамч мэдээлэл түгээжээ. Ингэхдээ хуурамч сертификат ашигласан байна. Энэ талаар Филиппиний Хүнс, Эмийн Захиргаанаас “Lutein Gummies” гэх бүтээгдэхүүнийг бүртгэлгүй бараа гэж анхааруулж, мэдэгдэл гаргасан байна. Мөн энэ төрлийн чанар, аюулгүй байдал нь тодорхойгүй, баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сануулжээ.




