Search

Агаар бохирдуулагч PM 2.5 цусны улаан эсээр дамжиж дотор эрхтнүүдэд сөргөөр нөлөөлдөг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1883

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Агаарын бохирдлын нарийн ширхэгт тоосонцрууд (PM 2.5) уушгиар дамжин цусны эргэлтэд нэвтэрч, цусны улаан эсэд наалддаг болохыг Лондоны Квин Мэри Их Сургуулийн эрдэмтэд анх удаа судалгаагаар баталжээ”

Баримт шалгалтын үр дүн

2025 онд шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн “Замын хөдөлгөөнөөс үүдэлтэй тоосонцор бодисууд хүний цусны улаан эсэд наалдах үйл явц” гарчигтай судалгааны үр дүнд тээврийн хэрэгслийн утаа, тоормос болон дугуйны элэгдлээс үүсдэг PM2.5 тоосонцор уушгиар дамжин цусанд орж, улмаар цусны улаан эсүүдэд наалдаж байгааг тогтоосон байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 04 дүгээр сарын 28-нд Breathe Mongolia NGO нэртэй инстаграм хаягаас “Агаарын бохирдлын нарийн ширхэгт тоосонцрууд (PM 2.5) уушгиар дамжин цусны эргэлтэд нэвтэрч, цусны улаан эсэд наалддаг болохыг Лондоны Квин Мэри Их Сургуулийн эрдэмтэд анх удаа судалгаагаар баталжээ” гэсэн тайлбартай пост (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус постыг 126 реакц, 76 сэтгэгдлээр идэвхжүүлж, 9 удаа дахин нийтэлжээ.

Мөн Breathe Mongolia – Clean Air Coalition NGO / Агаарын харуул ТББ нэртэй Facebook хуудаснаас нийтэлсэн постыг 7 реакцаар идэвхжүүлж, 5 удаа цааш түгээжээ.

“Замын хөдөлгөөнөөс үүдэлтэй тоосонцор бодисууд хүний цусны улаан эсэд наалдах үйл явц” гарчигтай амьд организм дээр хийсэн буюу “in vivo” судалгааг 2025 онд Хатан хаан Мэригийн нэрэмжит Лондонгийн их сургуулийн профессор Жонатан Григг, доктор Норрис Лю зэрэг хүмүүс хийж, ERJ Open Research шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.

  • ERJ Open Research нь Европын Амьсгалын Замын Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны сэтгүүл юм.
Эх сурвалж: Queen Mary University of London
Эх сурвалж: ERJ Open Research

Тус судалгаагаар тээврийн хэрэгслийн утаа, тоормос болон дугуйны элэгдлээс үүсдэг PM2.5 тоосонцор уушгиар дамжин цусанд орж, улмаар цусны улаан эсүүдэд наалдаж байгааг тогтоосон байна. Судалгаанд оролцогчдыг хөдөлгөөн ихтэй замын хажууд (замаас 10 метрийн зайд) нэг цагийн турш зогсоосны дараах оролцогчдын цусны улаан эсэд наалдсан нүүрстөрөгчийн хэсгүүдийг доорх зурагт улаан сумаар заан харуулсан.

Түүнчлэн судлаачид туршилтаа баталгаажуулахын тулд лабораторийн нөхцөлд хүний цусны улаан эс болон хулганыг дизель хөдөлгүүрийн утаанд өртүүлжээ. Тоосонцор нэмэх тусам улаан эсэд наалдах хэмжээ ихэссэн байна. Судалгаанд оролцогчдын цуснаас илэрсэн тоосонцорт төмөр, зэс, цахиур, хром, цайр (автомашины утаанаас үүсдэг) болон мөнгө, молибден (тоормос, дугуйны элэгдлээс үүсдэг) зэрэг металлууд агуулагдаж байгааг онцолжээ.

Мөн дээрх судалгаагаар амьсгалын хамгаалалтын хэрэгсэл, тухайлбал шүүлтүүртэй маск (FFP2/N95) хэрэглэх нь эдгээр бичил тоосонцрын цусанд орох хэмжээг бууруулах боломжтойг харуулсан байна. Уг судалгааг хийсэн Профессор Григг “Хүний биед улаан эсүүд уушгиар дамжуулан хүчилтөрөгч цуглуулж, биеийн бүх хэсэгт хүргэх үүрэгтэй. Энэхүү туршилтаар агаарын бохирдлын бичил тоосонцрууд улаан эсүүдэд наалдаж, улмаар биеийн хаана ч хүрэх боломжтойг бид харууллаа гэжээ.

Дээрх судалгаанаас өмнө 2021 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мөн PM2.5 тоосонцор нь цусанд нэвтэрч, улмаар зүрх судас, амьсгалын замын системд нөлөөлөхөөс гадна бусад эрхтнүүдийг гэмтээх аюултай байдаг талаар мэдээлж байжээ. Мөн 2013 онд ДЭМБ-ын Хавдрын судалгааны олон улсын агентлаг (IARC)-аас гадна орчны агаарын бохирдол болон нарийн ширхэгт тоосонцрыг хорт хавдар үүсгэгч (канцероген) ангилалд албан ёсоор оруулсан байна.

Дүгнэхэд, 2025 онд шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн “Замын хөдөлгөөнөөс үүдэлтэй тоосонцор бодисууд хүний цусны улаан эсэд наалдах үйл явц” гарчигтай судалгааны үр дүнд тээврийн хэрэгслийн утаа, тоормос болон дугуйны элэгдлээс үүсдэг PM2.5 тоосонцор уушгиар дамжин цусанд орж, улмаар цусны улаан эсүүдэд наалдаж байгааг тогтоосон байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Агаарын бохирдлын нарийн ширхэгт тоосонцрууд (PM 2.5) уушгиар дамжин цусны эргэлтэд нэвтэрч, цусны улаан эсэд наалддаг болохыг Лондоны Квин Мэри Их Сургуулийн эрдэмтэд анх удаа судалгаагаар баталжээ”

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document